Гаалийн албаны 105 жилийн ойд мэндчилгээ дэвшүүллээ

2017/10/20 16:12 1306

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ


Монгол Улсад гаалийн алба
үүсэн байгуулагдсаны 105 жилийн ойд


Монгол Улсад гаалийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 105 жилийн ойг тохиолдуулан эх орныхоо үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах, гадаад худалдааг хөнгөвчлөх, эдийн засгийн нээлттэй бодлогыг хэрэгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн үе үеийн гаальчид Та бүхэнд халуун баяр хүргэж, чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Богд хаант Монгол Улсад гаалийн алба үүсч, гадаадаас орж ирэх бараанд гувчуур ногдуулж эхэлснээс хойш нэгэн зуунаар тоологдох түүх бичигдэж, улс орныхоо хөгжил дэвшилд гаалийн байгууллагын хамт олон онцгой чухал үүрэг гүйцэтгэсээр ирснийг Монгол Улсын төр засаг ямагт өндрөөр үнэлдэг билээ.

Өдгөө гаалийн байгууллага улсын төсвийн 30 орчим хувийг бүрдүүлж, сүүлийн 5 жилийн хугацаанд жил бүр нэг их наяд давсан орлогыг төвлөрүүлэн, Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд ихээхэн хувь нэмэр оруулж байгааг дурьдахад таатай байна.

Монгол Улс дэлхийн 156 улстай гадаад худалдаа хийж, 2017 оны эхний 9 сарын гүйцэтгэлээр гадаад худалдааны нийт эргэлт 7.7 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ бол Та бүхний өдөр шөнийг умартан, үйл хэрэгтээ үнэнч, хариуцлагатай зүтгэсэн ажлын үр дүн юм.

​Гаалийн үйл ажиллагааны үр дүн улсын эдийн засгийн хөгжлийг түргэтгэхэд оруулж буй хувь нэмрээр тодорхойлогддог. Гаальчид хэчнээн шударга, шуурхай ажиллана, тэр хэрээр гадаад худалдааны эргэлт түргэсч, бизнесийн үр ашиг дээшилж, олон хүн ажилтай, орлоготой байх үүд хаалга нээгдэнэ. Тиймээс чигч шударга зарчим, өндөр ёс суртахуун, төр түмэндээ үйлчлэх эрхэм үүрэгтээ жинхэнэ эзэн нь байхын төлөө хичээн чармайх нь Та бүхний үүрэг мөн.

Гаалийн үйлчилгээний стандартыг дээшлүүлэхэд эрх зүйн шинэчлэлт чухал билээ. Тиймээс XXI зууны гадаад худалдааны орчин, техник, технологийн дэвшил, эрэлт хэрэгцээнд нийцүүлэн гаалийн хууль тогтоомжийг шинэчлэн, боловсронгуй болгоход Улсын Их Хурал онцгой анхаарч байна.

Гаалийн байгууллага техник, технологийн шинэчлэлт хийж, дэлхийн бусад орнуудын стандартад нийцсэн цахим үйлчилгээг хэрэгжүүлж, хилийн хяналтын орчин үеийн тоног хэрэгслийг эзэмшин, эрсдэлийг тооцож, цаасгүй бүрдүүлэлтэд шилжиж байгаа нь гадаад худалдааг хөнгөвчлөх, бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Цаашид Та бүхэн төрийн үйлчилгээний шуурхай байдлыг хангаж, гадаад худалдаа эрхлэгчидтэй харилцан ашигтай хамтран ажиллаж, төр, бизнесийн түншлэлийг дэмжин, бараа эргэлтийг нэмэгдүүлэх замаар улсынхаа эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулсаар байх болно гэдэгт итгэлтэй байна.
Даяаршлын эрин зуунтай хөл нийлэн алхаж, хууль ёсыг чанд сахин, Монгол Улсынхаа дархан хилээр “Буяныг гаргахгүй, бузрыг оруулахгүй” байх алтан зарчмаа тууштай хэрэгжүүлж, улам их амжилтад хүрэхийн ерөөл өргөе.

Төрийн сүлд, түмний түшиг Та бүхнийг ямагт ивээх болтугай.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД

2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр.​​​Улаанбаатар хот.