Ерөнхий сайдаар томилуулах саналыг хүлээн авсны дараа нэгдсэн хуралдаан хуралдуулж асуудлыг шийдвэрлэх боломжтой

2017/09/20 13:50 9103

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулах талаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн албан бичигтэй холбогдуулан  Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд хариу албан бичиг (2017.09.19) илгээлээ.

Улсын Их Хурлын дарга хариу бичигтээ “Улсын Их Хурлын ээлжит бус чуулган саяхан хуралдаж, Монгол Улсын Засгийн газрыг огцруулан, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд томилогдох хүртэл үүрэгт ажлаа гүйцэтгэж байхыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Засгийн газрын гишүүдэд даалгасан. Монгол Улсын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа тул төрийн ажил цалгардана, нийгэм, эдийн засагт сөрөг үр дагавар гарна гэж үзэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн нэг дэх хэсгийн 2-т зааснаар Улсын Их Хуралд олонхийн суудал авсан намаас нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилуулах саналыг тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулах нь Таны бүрэн эрхэд хамаарч байна. Улсын Их Хуралд олонхи суудал авсан Монгол Ардын Намын Бага хурал 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр буюу ердөө 6 хоногийн дараа товлогдсон тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай мэдээлэгдсэн.

Иймд Үндсэн хуулийн дээрх заалтын хүрээнд Ерөнхий сайдаар томилуулах саналыг албан ёсоор хүлээн авсны дараагаар чуулганы нэгдсэн хуралдаан хуралдуулж асуудлыг шийдвэрлэх боломжтой гэдгийг Танд үүгээр уламжилж байна” хэмээн дурдсан байна.