Монголчуудын амжилтын тухай Дэлхийн Гиннесийн холбоо мэдээлжээ

2013/08/21 15:48 611

Монголчууд 4249 морины уралдаан, 11.125 морьтны жагсаал хийж, дэлхийд хоёр дээд амжилт тогтоосныг Дэлхийн Гиннесийн холбоо албан ёсоор зарлаж, өөрийн цахим хуудсанд нийтэлсэн талаар Морин спорт, уяачдын холбооныхон өчигдөр мэдээллээ.

Тус сайтад “Дэлхийн хамгийн том морьт парад буюу 11.125 морьтны жагсаал, хамгийн олон буюу 4249 морины уралдааныг Монголын морин спорт, уяачдын холбооны ерөнхийлөгч М.Энхболдын удирдлага дор энэ оны наймдугаар сарын 9, 10-нд Хүй долоон худагт амжилттай зохион байгууллаа.

Уг үйл явдалд оролцохоор Монголын 21 аймаг бүрээс морьтнууд ирсэн. Морьтой жагсагчид дөрвөн километр зам туулсан бол уралдаанд оролцсон морьд 18 километр уралдсан. Жагсаалд оролцогчдын хамгийн бага нь хоёр нас найман сартай Ү.Гэрэлт-Од хүү байсан бол 90 настай Д.Гунгаадаш хамгийн өндөр настай нь байлаа.

Харин уралдаанд оролцогчдоос хамгийн залуу нь долоон настай, хамгийн ахмад нь 79 настай байв” гэжээ.

Өнөөдөр сонин