МАН-ын шинэчлэл, шийтгэлийн зааг

2013/08/05 15:40 571

МАН-ын Бага хурал өнөөдөр болно. Өөрөөр хэлбэл тэд энэ удаа Бага хурлын гишүүдээ цуглуулж, намынхаа ирээдүйг шийдэх юм.

Тиймээс өчигдөр «Шинэчилье» хөдөлгөөний удирдах зөвлөлийн гишүүд хуралдаж, Бага хурлыг өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй хийх ёстойг анхааруулсан төдийгүй гишүүддээ хандан уриалга гаргасан байна.

Энэхүү уриалгад «МАН сонгуульд шат дараалан ялагдсан учир шалтгаанд дүгнэлт өгөх, цогц шинэчлэлийн хүрээнд ямар, ямар асуудлыг шийдвэрлэх талаар санал бодлоо илэрхийлэх /МАН-руу чиглэсэн нийгмийн хандлага, орчин үеийн улстөрийн намын үзэл баримтлал,

Бага хурлын гишүүдийн эрх, үүрэг, ёс зүй, хариуцлагын тогтолцоо, боловсон хүчний шалгуур үзүүлэлт гэх мэт/, МАН-ын шинэчлэл нь Монголын улстөр, нийгэм эдийн засагт ямар ач холбогдолтой талаар санал бодлоо илэрхийлнэ үү” хэмээжээ.

Үндсэндээ намдаа шинэчлэл хийснээр улстөрийн хүрээнд хэр хүчирхэг байх эсэх нь шийдэгдэнэ. Шинэчлэлтэй хамт яригдаж буй асуудал бол намын даргын суудал. Нэгэнт шат дараалсан сонгуульд ялагдал хүлээсэн учраас Ө.Энхтүвшинг зөөлөн сэнтийгээс нь хөдөлгөхөөс аргагүй. Гэхдээ түүний орны хүн хэн байх бэ.

Харамсалтай нь өнөөгийн МАН-ыг удирдаад аваад явчих хүн энэ намд тун цөөхөн байгаа төдийгүй нэлээд   эртнээс   УИХ-ын гишүүн М.Энхболд, УИХ- ын гишүүн асан У.Хүрэлсүх нарын дунд ширүүхэн тэмцэл өрнөж буй талаар бид мэдээлж байсан.

Тэгвэл олны хараа УИХ- ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга М.Энхболд руу чиглэж, намын гишүүд ч дотооддоо түүнийг л намаа .гүн ёроолоос гаргах чадвартай улстөрч хэмээж байна. Учир нь МАН-ыг шинэчлэхээр сэтгэл шулуудсан залуусын эрч хүч өдгөө суларч, мөр мөрөөрөө чимээгүйхэн энд тэндхийн наадам хэсч, зарим нэг нь хилийн чанад дахь сургууль руугаа буцаж, ихэнх нь амарч байгаа сурагтай.

Энэ хөдөлгөөний ихэнх залуус У.Хүрэлсүхийн гараар дамжин МАН-ыг бараадсан, нэг ёсондоо түүний дохио зангаагаар ажилладаг гэхэд болно. Түүгээр дэмжүүлж улстөрд хөл тавьсан болохоор фракцын даргынхаа төлөө саяхныг хүртэл баахан гүйлдэж, үр ашиг муутай тэмцэл өрнүүлээд авсан гэж байгаа.

У.Хүрэлсүхийн тухайд нам нь ялагдал хүлээмэгц буруугаа хүлээх нэрийн дор суудлаа тавьж өгсөн. Түүний дараа мөн л аливаа асуудлаас эвтэйхэн бултаж, бусдыгаа шаварт орхиод, өөрийгөө цэвэрхэн аваад гарчих чадвартай гэдгээ харуулан УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр татгалзаж, олныг алмайруулж байв.

Гэвч энэ нь түүнийг эргэн байр сууриа олоход хамгийн том алдаа нь болсон бололтой. Ядарсан үед нь орхиод хүч сэлбэгдэхээр хүрээд ирдэг дарга МАН-д хэрэггүй хэмээн бусад фракцынхан нэлээд хүчтэй шүүмжилж байгаа аж. Тиймээс хөөрхий У.Хүрэлсүх намдаа жирийн нэг гишүүн болж үлдэх магадлал тун өндөр болж буй хэрэг.

Харин МАН-ын шинэ даргын байр сууринд М.Энхболдын нэр хүчтэй яригдаж байгаа юм. Түүгээр ч зогсохгүй лидергүй болсон МАН-ыг өнөөдөртөө толгойлоод, тэргүүлээд аваад явчих хүн М.Энхболдоос өөр алга гэж үзэж буй бололтой. Түүний хувьд одоогийн байдлаар намынхан дундаа хамгийн том албан тушаал хашиж байгаа төдийгүй хотын хэмээх томоохон фракцыг толгойлдог, нам дотроо нэлээд хүчтэй, буурьтай хүмүүсийг өдөр өдрөөр өөртөө нэгтгэсээр яваа нэгэн.

Товчилбол, МАН-д одоогийн байдлаар М.Энхболдтой эн зэрэгцэх «нэр цэвэр, гар цэвэр, сэтгэл цэвэр» хүн үгүй. Түүгээр ч зогсохгүй МАН-ын өнөөгийн даргыг томилоход хотын фракцын толгойлогч М.Энхболд хамгийн ихээр анхаарал хандуулж, хүч тавьсан нэгэн Тиймээс ч нам доторх эрх мэдэл, хүчээ сулруулахгүйн тулд МАН-ын дарга Ө.Энхтүвшин өөрийн албаа М.Энхболд «дарга»-даа хүлээлгэж өгөхөөр зүтгүүлж байгаа аж.

Юутай ч М.Энхболд, У.Хүрэлсүх хоёр хэн хэн нь МАН-ыг удирдаж байсан туршлагатай. Мөн удирдах явцдаа алдаа гаргаж байсан түүхтэй. Гэсэн ч өнөөдөр МАН-д байн байн элдэв хөдөлгөөн өрнүүлж бусдыг өдөөн хатгаж, өөрийнхөө хүрээлэлд багтаан, ганцаарчилсан тоглолт хийдэг дарга бус, туршлагын зэрэгцээ аливаад эхийг нь эцээж, тугалыг нь тураалгүй аваад явчих хүн хэрэгтэй гэдэгт Бага хурлын олонх гишүүн санал нэгтэй байгаа аж.

Гэтэл тэрхүү хүсээд байгаа хүн нь өнөөдрийн байдлаар М.Энхболдоос өөр байхгүй хэмээн МАН-ын аргаа барсан улстөрчид дүгнэж, цэгнээд бараг л нэгдсэн шийдвэрт хүрсэн бололтой.

Ямартай ч өчигдөр «Шинэчилье» хөдөлгөөний залуусаас гадна намын Удирдах зөвлөл хуралдсан. Энэ үеэрээ тэд намын даргын асуудлаас илүү Бага хурлаар хэлэлцэх асуудлаа тодорхойлж, дарааллыг тогтоосон аж.

Мөн энэ удаагийн хурал нэлээд ширүүн болно хэмээн зарим хүн таамаглаж байгаа бөгөөд хэсэг хугацаанд эзгүй байсан С.Баяр болон намын даргад нэр нь яригдах болсон У.Хүрэлсүх нар ч оролцоно гэдгээ илэрхийлээд байгаа юм. Юутай ч 90 гаруй жилийн настай МАН-ыг дахин мандан бадруулах хүн хэн бэ гэдгийг харах  л үлдлээ. М.Энхболд уу, У.Хүрэлсүх үү.

Өглөөний сонин