АНХДУГААР ЗӨВЛӨЛДӨХ САНАЛ АСУУЛГЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТЫГ НЭЭЖ УИХ-ЫН ДАРГА М.ЭНХБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ.

2017/04/29 09:33 4845

Эрхэм хатагтай, ноёд оо,

 Хүндэт зочид оо,

          Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгаж, Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ өргөн дэвшүүлье.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар орон даяар зохион байгуулж байгаа анхдугаар зөвлөлдөх санал асуулгын нэр хүндтэй үйл хэрэгт оролцож буй Та бүхэнд баяр хүргэж, амжилт хүсье.  

Монгол Улс 1992 онд улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг дээдлэн, эх орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх эрхэм зорилго дор шинэ Үндсэн хуулиа баталж, даяар олноо зарлан тунхагласан билээ.

Тэдгээр саналын 44.3 хувийг төсөлд ямар нэг байдлаар тусгаж, Улсын Бага Хурал 4 удаа хэлэлцэж Ардын Их Хуралд өргөн барьсан бөгөөд тухайн үеийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж бүрийн төлөөлөл багтсан, олон намын тогтолцоо бүхий Ардын Их Хурал 76 хоног хэлэлцэж баталсан түүхтэй.

Энэ утгаараа

Тиймээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал нэг парламент, эсвэл санал санаачилга гаргасан хэсэг хүмүүсийн санаан зоргоор хийх ажил биш бөгөөд энэхүү нэмэлт, өөрчлөлт зайлшгүй шаардлагатай гэж үзвэл “Долоо хэмжиж нэг огтлох” зарчмаар хандах ёстой гэсэн байр суурьтай байгаагаа миний бие УИХ-ын хаврын чуулганы нээлтэд хэлсэн үгэндээ онцолсон.

 

Нэмэлт, өөрчлөлтийг урьдын адил нийт ард түмнийхээ санал бодол, хүсэл зоригт тулгуурлан, тэднээсээ асууж, эрдэмтэн судлаачид, Үндсэн хууль тогтоогчид, улс төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог хангаж, ил тод байдал, зөвлөлдөх ардчиллын зарчмыг бүрэн хэрэгжүүлж хийх учиртай гэж үзэж байгаа.

Өнөөдөр энэ танхимд шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулах, хэрэгжүүлэх, батлахад оролцсон Улсын Бага Хурлын гишүүд, Ардын Их Хурлын депутатууд, үе үеийн төрийн түшээд, улстөрчид, Монгол Улсын төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, Монгол Улсын нийт хүн амаас санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон иргэд хүрэлцэн ирээд байна.

2000 оноос хойш Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах 8 хуулийн төслийг УИХ-ын нэр бүхий гишүүд санаачилж, өргөн мэдүүлсэн бөгөөд УИХ-аас байгуулагдсан Ажлын хэсэг болон өдийг хүртэл зохион байгуулагдсан эрдэм шинжилгээний хурлуудаас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлага бий болсон талаар цөөнгүй судалгаа, зөвлөмж гаргажээ.

Түүнчлэн, иргэд, эрдэмтэн судлаачид, төр, нийгмийн  зүтгэлтнүүд Монгол Улсын Үндсэн хуулийн зарим зохицуулалтыг боловсронгуй болгох, өөрчлөх асуудлаар удаа дараа санал гаргаж, хэлэлцүүлэг өрнүүлэх болсон.

Хамгийн сүүлд Монгол Улсын Засгийн газар болон УИХ дахь Монгол Ардын Намын бүлэгт байгуулагдсан Ажлын хэсгүүд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсэх талаар судалгаа хийхэд хамрагдсан иргэдийн олонхи нь шинэ зохицуулалт хийх нь зүйтэй гэж үзсэн байна.

Тухайлбал, Монгол Улсад хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх эрх мэдлийн тэнцвэрт байдал, хоорондын уялдаа холбоо бүрэн хангагдаагүй гэж 96.7 хувь нь, УИХ-ын бүтэц, зохион байгуулалт өнөөгийн нөхцөлд тохирохгүй байна гэж 73.1 хувь нь, Засгийн газрын гишүүн нэгэн зэрэг УИХ-ын гишүүн байх нь буруу гэж 51.5 хувь нь үзжээ.

Түүнчлэн Ерөнхий сайд Засгийн газраа өөрөө бүрдүүлдэг байх нь зөв гэж 57.3 хувь нь, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг ямар нэг хэмжээгээр өөрчлөх нийгмийн шаардлага бий болсон гэж 79.3 хувь нь саналаа илэрхийлсэн байна. Энэ бүхэн Монгол Улсын Үндсэн хуулийг өөрчлөх, эсэх асуудлаар нийтээрээ зөвлөлдөн хэлэлцэх, зохих шийдвэр гаргах хэрэгцээ шаардлага буй болсныг харуулж байна.

Энэ шаардлагыг үндэс болгон өнөөдөр та бүхэн хуран цуглаад байна. 

          Эрхэм нөхөд өө,

         

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.3-т Үндсэн хуулийн тодорхой зүйл, заалтуудад өөрчлөлт оруулахаар бол зөвлөлдөх санал асуулгыг зайлшгүй явуулахаар заасан бол 5.3.4-т хэрэв тус санал асуулгын дүнгээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжсэн бол Улсын Их Хурал заавал авч хэлэлцэх бөгөөд шаардлагатай бол Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулна хэмээн заасан.    

Эдгээр хуулийн дагуу Монгол Улсын Их Хурал 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” тогтоолыг батлан гаргаснаар Монгол Улсад анх удаа зөвлөлдөх санал асуулга зохион байгуулж буй түүхэн үйл явдал тохиож байна.

Зөвлөлдөх санал асуулгын нэг дэх шатны санал асуулгыг Монгол орон даяар санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 1570 иргэнээс авсан бөгөөд хоёр дахь шатны зөвлөлдөх уулзалтад оролцогч та бүхэн хоёр өдрийн хугацаанд тодорхой мэдлэг мэдээлэл авч, хэлэлцүүлэг өрнүүлсний дараа саналаа өгөх болно.

.

Тиймээс та бүхэн энэхүү түүхэн үйл хэргийн үнэ цэнийг ухааран ойлгож, нэн хариуцлагатай хандана гэдэгт бүрэн итгэж байна.

 

Монголын насанд хүрсэн бүх иргэдийн жагсаалтаас математик статистикийн аргаар, санамсаргүй байдлаар сонгогдсон Та бүхэн нийгмийн бүхий л анги давхарга, мэргэжил сонирхлын бүлэг, нас хүйсийг буюу Монголынхоо нийт ард түмнийг бүрэн төлөөлж, түүхэн чухал шийдвэр гаргах онцгой эрхийг эдэлж буй нь хувь хүний хувьд нэн завшаантай, баярт үйл явдал юм.

Тиймээс Та нартаа бас дахин баяр хүргэе.

Мэргэн ухаан, саруул оюун орших болтугай.

Зөвлөлдөх уулзалтын үйл ажиллагаанд амжилт хүсье.