УИХ-ын дарга М.Энхболд эмгэнэл илэрхийлж, зарим албан тушаалтнуудад үүрэг өглөө.

2017/04/12 15:21 3117

Таван толгой дахь Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид өчигдөр гарсан осолтой холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболд өнөөдрийн /2017.04.12/ УИХ-ын чуулганы хуралдааны өмнө эмгэнэл илэрхийлж, зарим албан тушаалтнуудад үүрэг өглөө.

Тэрээр үгэндээ "Зэвсэгт хүчний хээрийн сургалтын төв "Таван Толгой"-д золгүй явдал болж хоёр цэргийн албан хаагч амь үрэгдсэнд харамсаж байна. Тэдний гэр бүл, ах дүү, төрөл төрөгсдөд нь Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.

Мөн золгүй явдлын үеэр 8 цэргийн албан хаагч гэмтэж Цэргийн эмнэлэгт эмчлүүлж байна. Гэмтэж, бэртсэн цэргийн албан хаагчдын эрүүл мэндэд онцгой анхаарч ажиллахыг Эрүүл мэндийн сайдад үүрэг болгож байна.

Ийм осол болсон шалтгаан нөхцлийг шуурхай тогтоон, холбогдох этгээдэд хариуцлага хүлээлгэж, зэвсэгт хүчний сахилга бат, хариуцлагыг сайжруулахыг Батлан хамгаалахын сайдад даалгаж байна гэлээ.