УИХ-ын дарга М.Энхболд ОУПХ-ны Ази, Номхон далайн бүлгийн даргаар сонгогдож, хуралдаан даргаллаа.

2017/04/02 09:10 2304

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд Олон улсын парламентын холбооны Ази, Номхон далайн бүлгийн даргаар сонгогдож, тус бүлгийн хуралдааныг даргалав.

Бүлгийн дарга М.Энхболд хуралдааныг нээж үг хэллээ.

    Тус бүлгийн хуралдаанаар:

  •        - Швейцарийн Женев хотноо 2016 оны аравдугаар сарын 17-ны өдөр болсон Ази, Номхон далайн бүлгийн хуралдааны тэмдэглэлийг батлах;
  •        - ОУПХ-ны Гүйцэтгэх хорооны гишүүдийн мэдээллийг сонсох;
  •        - ОУПХ-ны Ассамблейн 136-р чуулганы үеэр явагдах Залуу парламентчдын чуулга уулзалтын Удирдах зөвлөл, Эмэгтэй парламентчдын товчоо, Ойрхи Дорнодын асуудлын хороо, Парламентчдын хүний эрхийн хорооны сонгуульд тус бүлгээс нэр дэвшүүлэх;
  •            - Ази, Номхон далайн бүлгийн дүрэмд өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хэлэлцлээ.                                

   ОУПХ нь бүс нутгийн 6 бүлэгтэй бөгөөд түүний нэг нь Ази, Номхон далайн бүлэг юм. Уг бүлэгт ОУПХ-ны гишүүн 33 парламент байдгийн дотор Япон, Энэтхэг, БНХАУ, Канад, БНСУ, Австрали зэрэг дэлхийн томоохон улс орон багтдаг юм байна. Түүнээс гадна ОУПХ-ны ажиглагч гишүүдэд гишүүнчлэл нь нээлттэй байдаг аж. Бүлэг нь дарга, нэгдүгээр орлогч, хоёрдугаар орлогч дарга гэсэн удирдлагатай ажилладаг.

ОУПХ-НЫ АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮЛГИЙН ДАРГА М.ЭНХБОЛДЫН

ХУРАЛДААНЫГ НЭЭЖ ХЭЛСЭН ҮГ

Эрхэм гишүүд ээ,

Хатагтай, ноёд оо,

Та бүхэн Олон улсын парламентын холбооны Ази, Номхон далайн бүлгийн ээлжит хуралдаанд хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, хэлэлцүүлэгт идэвхтэй оролцохыг хүсье.

Бүгд Найрамдах Бангладеш Ард Улсын нийслэл Дака хотноо 2017 оны дөрөвдүгээр сарын 1-5-ны өдрүүдэд болж буй ОУПХ-ны Ассамблейн 136-р чуулган нь парламентуудын хооронд яриа хэлэлцээ өрнүүлэх, энх тайвныг сахин хамгаалах, улс орнуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, төлөөллийн ардчиллыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна.

Эдүгээ дэлхий дахинаа улам бүр өсөн нэмэгдэж буй тэгш бус байдал нь хүний сайн сайхан аж төрөхөд сөрөг нөлөө үзүүлж, эдийн засаг, нийгэм, улс төрийн тогтворгүй байдлыг бий болгож байгаа нэг үндсэн шалтгаан юм. Энэ удаагийн чуулганы Ерөнхий хэлэлцүүлэг “Тэгш бус байдлыг арилгах нь: Хүн бүр нэр төртэй, сайн сайхан аж төрөх нөхцөлийг бүрлүүлэх нь” сэдвээр болж байгаа нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаас баталсан “Тогтвортой хөгжил-2030” хөтөлбөрт тусгасан зорилтууд, түүний дотор улс орнуудын хоорондын болон улс доторх тэгш бус байдлыг арилгах зорилтыг хэрэгжүүлэхэд цаг үеэ олсон, чухал алхам болно гэж үзэж байна.

Манай бүлэг өнөөдрийн хуралдаанаараа ОУПХ-ны удирдах байгууллага болон дэд бүсийн бүлгийн мэдээллийг сонсох, холбогдох нэгж, байгууллагад бүлгээ төлөөлөх гишүүдээ сонгох, тус холбооны хэлэлцэх ёстой тулгамдсан асуудлаар байр сууриа тодорхойлох, уг асуудлаарх баримт бичиг боловсруулах хороонд бүлгээс нэр дэвшүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна.

ОУПХ-ны Ассамблейн 136-р чуулганы үеэр болж буй Ази, Номхон далайн бүлгийн хуралдаан нээснийг мэдэгдье.