М.Энхболд: Ахмадаа халамжлах нь гэр бүлийн гишүүн бүрийн, түүний дотор залуу хүн бүхний журамт үүрэг нь байх ёстой.

2017/02/10 11:26 5747

“АХМАД НАСТНЫ ЭРХ, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН БАТАЛГАА”

СЭДЭВТ ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНД МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

МИЕЭГОМБЫН ЭНХБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ

 

Эрхэм хүндэт ахмадууд аа,

Хүндэт зочид оо,

Монголын ахмадын байгууллага үүсэж хөгжсөний 85 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй Үндэсний чуулганд Монгол орныхоо өнцөг булан бүрээс өтгөс буурлуудаа төлөөлөн ирж оролцож байгаа Та бүхэнд, Та бүхнээр уламжлан Монголынхоо нийт ахмад настнуудад Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ өргөн дэвшүүлж, эрүүл энх, урт удаан нас, элбэг дүүрэн жаргалыг хүсэн ерөөе.

Монголын төр, монгол түмэн нялхсыг өргөн тэтгэж, өтгөсийг асран хүндлэх ёс журмыг үеийн үед эрхэмлэн сахиж ирсэн сайхан уламжлалтай.

.

Та бүхэн бол эх орныхоо ирээдүйн эздийг, удам угсаа, өв соёлоо залгамжлагчдыг өсгөж өндийлгөсөн, элж бүдгэршгүй гавьяатай хүмүүс ээ.

Өнөөгийн манай ахмад үеийнхний амьдралын замнал бол бүхэлдээ XX-XXI зууны сэргэн мандсан, хөгжин дэвшсэн шинэ Монголын түүх юм.

Энэ түүхийг хүндлэн дээдлэх, үргэлжлүүлэн бичих, та бүхнийхээ оюун ухаан, хөдөлмөр зүтгэлээ зориулан байж бүтээсэн бүхнийг нэр төртэйгээр уламжлан авч явах эрхэм үүрэг бидэнд ногдсон билээ.

Энэ эрхэм хариуцлагатай үүрэгтээ эзэн нь байхын төлөө, эх орон, иргэн түмнийхээ язгуур эрх ашгийг урьтал болгож, цуцалтгүй хөдөлмөрлөж, хичээн зүтгэх ёстой гэдгээ бид ухамсарлан ойлгож байгаа.

Хүндэт ахмадууд аа,

Эдүгээ дэлхий нийтээр “Бүх насныханд ээлтэй нийгмийн төлөө” хэмээх хөгжлийн бодлогод гол анхаарлаа хандуулж байна.

Энэ хандлагад Монгол Улс, Монголын төр засгийн, түүний дотор Монгол Ардын Намын бодлого, зорилт бүрнээ чиглэж байгаа гэдгийг Та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэднэ.

2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан УИХ хэдийгээр эхний ээлжит чуулганаа л өндөрлүүлж байгаа боловч, ахмадуудынхаа эрх ашгийг хамгаалсан шинэ хууль, тогтоомж батлахад онцгой анхаарлаа хандуулсан.

Ердөө нэг жилийн өмнө миний бие Тусгаар тогтнолын ордонд хэлсэн үгэндээ “Эзэн богд Чингис хаанаас эхлээд Богд Жавзандамба хаан хүртэл азай буурлуудаа хүндэтгэн, хишиг хүртээдэг сайхан уламжлалтай байсан.

Энэ бол Монголын ёс оо.

Олгож буй хишгийн хэмжээ, хүртээмжийг цаашид нэмэгдүүлэхийг бид зорих болно.

Түүнчлэн өнгөрсөн сонгуулийн үеэр амласан тэтгэврийн зээлийн хүүг бууруулах зорилтоо хэрэгжүүлж, жилийн 18 хувь байсан зээлийн хүү өнөөдрийн байдлаар 15 хувь болоод байна.

Мөн “Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай” хуулийг хэдхэн хоногийн өмнө баталлаа.

Цаашид бид ахмадуудынхаа нийгэм, эрүүл мэндийн арга хэмжээнд цогцолбороор хандах зорилгоор “Ахмад настны талаар төрөөс баримтлах бодлого”-ын баримт бичгийг тусгайлан баталж гаргахаар төлөвлөж байна.

          Эрхэм хүндэт ахмадууд аа,      

Та бүхний үнэ цэнэтэй мэдлэг туршлагаа бусадтай хуваалцах, нийгмийн амьдралд бүрэн дүүрэн оролцох, өөрт таарсан хөдөлмөр эрхлэх, алдагдсан боломж, чадвараа нөхөн сэргээх, хүндлүүлэх, аюулгүй амьдрах, ялгаварлан гадуурхагдахгүй байх зэрэг эрхийг хангах, хамгаалах чиглэлд Монголын төр, засаг онцгой анхаарлаа хандуулсаар байх болно.

Тиймээс аж ахуйн нэгж, бүхий л байгууллага, тэдгээрийн удирдлага ахмадуудыг халамжлах үүргээс чөлөөлөгдөх ёсгүй ээ.

Нөгөө талаар төр ёсны болон үндэсний уламжлал, зан заншлаа хадгалан хөгжүүлэх, залуусыг амьдрах ухаанд сургах, нийгмийн бүхий л хүрээнд хууль ёсыг сахиулан хэвшүүлэх, иргэдийн шударга хяналтыг бий болгоход Та бүхний үлгэр дуурайл нэн чухал гэдгийг хэлэхийг хүсэж байна.

Энэ чуулганаар төр, засгаас авч хэрэгжүүлэх бодлого, зорилт, Монголын ахмадын байгууллагатай хамтран зохион байгуулах ажлын шинэ сэдэл санаачилга, зөвлөмж ойлголцлын олон сайхан шийдэл гарна гэдэгт итгэлтэй байна.

Бид та нартайгаа байнга ойр байж, ямагт дэмжин тусалж, сургаал зөвлөмжийг тань сонсон, ажил хэрэгтээ тусган хэрэгжүүлж байх болно.

Азай буурлууд Та бүхний маань бие тэнхлүүн, ухаан цэлмэг байж, амьдрал үйлс, буян заяа тань өөдлөн дэлгэрэх болтугай.