Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна

2013/07/04 15:24 620

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2013.07.04/ хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Р.Гончигдорж танилцуулсан юм.

Энэхүү хуулийн төсөлд Улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд арслан цолтой бөх 9 давбал үзүүр түрүүний барилдааны өмнө түүнд аварга цол олгож, улмаар 10 давж түрүүлбэл улсын аварга цол олгох, Улсын баяр наадамд 8 давж 3 удаа үзүүрлэсэн бөхөд арслан, арслан цолтой бөх 2 удаа 8 давж үзүүрлэсэн бол аварга цол олгохоор тусгасан байна.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар энэхүү асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, М.Энхболд, С.Дэмбэрэл, Д.Батцогт нар саналаа хэлжээ.

УИХ-ын гишүүн М.Энхболд, Баяр наадмын өмнө уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь хэр оновчтой эсэхийг тодруулан, шууд даян аварга цол олгохыг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Улсын их баяр наадамд түрүүлээгүй бөхөд аварга цол олгохтой санал нэгдэхгүй байна гэжээ.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хуулийн төслийн 1 дүгээр зүйлд заасан улсын баяр наадамд түрүүлээгүй бөхөд улсын аварга цол олгох нь оновчгүй бөгөөд уг заалтыг хэлэлцүүлгийн явцад өөрчлөх саналыг гаргасныг төсөл санаачлагчид хүлээн авах боломжтой гэж хариулсан байна.

Байнгын хорооны дээрх санал, дүгнэлтийг танилцуулсны дараа гишүүд асуулт асууж, саналаа хэлсэн.

М.Энхболд: Барилдалгүйгээр зэрэг цол нэмэх нөхцөл байдлыг энэ хууль үүсгэж байна.

УИХ-ын гишүүн М.Энхболд: Спортын зэрэг, цол, хэргэмийг тухайн зэрэг цолыг авдаг тавьсан босго, гаргасан амжилтад нь тулгуурлаж олгодог. Барилдалгүйгээр зэрэг цол нэмэх нөхцөл байдлыг энэ хууль үүсгэж байна. Энэ нь шударга ёсонд хэр нийцэж байна вэ. Мөн дөрөв таван жилийн өмнө би журамд өөрчлөлт оруулж байгаад ерөнхийлөгчийн зарлигаар нэг хүнд даян аварга цол олгосон.

Тэр үед бөхчүүдийн дунд, нийгэмд ч тэр таагүй уур амьсгал бий болж, баяр наадам зохион байгуулж буй хүмүүс, хүмүүсийн цолыг барилдаагүй байхад нь нэмдэг бичиг цаасны өөрчлөлт хийгээд байх юм гэсэн яриа гарсан. Тэр үеийн нөхцөл байдлыг хууль санаачлагчид судалж үзсэн зүйл байгаа эсэхийг тодрууллаа.  

Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 69 хувь нь дээрх хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

www.vip76.mn