УИХ-ын Тамгын газар нэрэмжит шагналтай боллоо.

2017/01/02 12:11 1256

Монгол Улсын Их Хурал нэрэмжит шагналтай болж, шагналын журмыг Монгол Улсын Их Хурлын даргын захирамжаар баталжээ.

Нэрэмжит шагнал нь “Хүндэт өргөмжлөл”, “Өргөмжлөл” гэсэн хоёр төрөлтэй байх юм байна. “Хүндэт өргөмжлөл”-өөр УИХ-ын хууль тогтоох, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд онцгой хувь нэмэр  оруулсан УИХ-ын гишүүн, УИХ-ын хууль тогтоох бүрэн эрхээ хэрэгжүүлэх үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэхэд идэвх зүтгэл гарган ажилласан УИХ-ын Тамгын газрын ажилтан, Монгол Улсад хууль тогтоох, түүний хэрэгжилтийг хянах ажилд бодитой хувь нэмэр оруулсан төрийн болон бусад байгууллагын ажилтныг шагнах юм.

“Хүндэт өргөмжлөл”-өөр шагнагдах УИХ-ын Тамгын газар, төрийн болон бусад байгууллагын ажилтан нь төрийн албанд 20-иос дээш жил, тухайн байгууллагадаа 10-аас дээш жил ажилласан байх ёстой бөгөөд гурван талт соёмбын дүрс бүхий өргөмжлөлийг 2.000.000 төгрөг дагалдах юм.

Энэхүү “Хүндэт өргөмжлөл”-ийн анхныхыг 2017 оны босгон дээр гардууллаа. Анхны шагналтнаар Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор Д.Лүндээжанцан, УИХ-ын Тамгын газрын Захиргаа, санхүү үйлчилгээний хэлтсийн бичээч Т.Уранчимэг нарыг шагнав.

Д.Лүндээжанцан нь 1990-1992 оны Ардын Их Хурал, Улсын Бага Хурлаас эхлээд Монгол Улсын парламентын гишүүнээр завсаргүй 7 удаа сонгогдон ажиллаж, УИХ-ын даргын албан тушаал хашсан, туршлагатай парламентч билээ.

Т.Уранчимэг нь Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг эхийг бичсэн, УИХ-ын Тамгын газарт 30 шахам жил үр бүтээлтэй ажиллаж байгаа шилдэг ажилтан юм.

“Өргөмжлөл”-өөр ажлын үр дүн, тухайн ажил, арга хэмжээнд оролцсон идэвх зүтгэлийг нь үнэлэн ажилтан, баг бүрэлдэхүүн, хамт олныг шагнах юм байна.

Уг “Өргөмжлөл”-өөр Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх С.Доржханд, референт Ч.Батбямба, нарийн бичгийн дарга Ж.Ганчимэг, Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн референт А.Батсайхан, Ц.Болормаа, Хуралдаан зохион байгуулах хэлтсийн шинжээч Б.Батгэрэл, Д.Уянга, Мэдээллийн технологийн хэлтсийн референт П.Батбаатар, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ахлах референт Ш.Содномжамц, Гадаад харилцааны хэлтсийн шинжээч О.Гэрэлхүү, Захиргаа, санхүү үйлчилгээний хэлтсийн референт Д.Бадамноров, бичиг хэргийн ажилтан Д.Дашбал, хэвлэх цехийн ахлагч Д.Даваасүрэн, Дотоод аудитын албаны ахлах референт Ц.Лхагвагэрэл нар шагнагджээ.