УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд үг хэллээ.

2016/12/09 14:50 6431

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Эрхэм УИХ-ын гишүүд ээ,

Өнөөдөр “Авлигын эсрэг олон улсын өдөр”, маргааш Хүний эрхийн олон улсын өдөр тохиож байна.

Авлигатай тэмцэх үйл хэрэгт иргэд, олон нийтийн оролцоо, дэмжлэг, хяналтыг бий болгоход 12 дугаар сарын 09-ний өдрийн гол агуулга оршдог бол хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хамгаалах, хөхиүлэн дэмжихэд бүх нийтийн оролцоог хангах нь 10-ны өдрийн үндсэн зорилго байдаг билээ.

Тиймээс Та бүхний анхаарлыг эдгээр асуудалд хандуулахыг хүсч, цөөн үг хэлье.

“Транспэрэнси интернэшнл” олон улсын байгууллагаас жил бүр гаргадаг Авлигын төсөөллийн индексийн дүнгээр манай улс сүүлийн жилүүдэд эзлэх байраа байнга урагшлуулсаар байгаа бөгөөд 2015 оны байдлаар дэлхийн 168 орноос 72-т жагсан, өмнөх жилээс 8 байр урагшилсан байна. Энэ бол мэдээж сайн хэрэг. Гэхдээ Монгол Улсад авлига үнэхээр хумигдаж, эрүүл, шударга нийгмийг цогцлоох замдаа шуударсан уу гэвэл “Тийм” гэж хэлэх нь эртэднэ.

Бие даасан, хараат бус судалгааны байгууллага, шинжээчдийн дүгнэлтээр авлига манай орны үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд нөлөөлөхүйц хэмжээнд хүрсэн гэж үзсэнээс гадна 2015 оны байдлаар улс төрийн авлигын түвшин нэмэгдэж, авлигын байдлыг хүн амын тоонд харьцуулсан судалгаагаар дээгүүр байрт жагссан хэвээр байна.

Улс орны эдийн засгийн байдал хүндэрсэн, мөнгө санхүүгийн хомсдол нүүрлэсэн энэ цаг үед авлигыг үл тэвчих үзэл бодол, үйл ажиллагааг хаа сайгүй, газар бүр өрнүүлэх нь нэн чухал боллоо.

Саяхан УИХ-аас “Авлигатай тэмцэх хөтөлбөр”-ийг баталсан. Энэ бол хууль эрх зүйн хүрээнд бид бас нэгэн шинэ алхам хийсэн гэсэн үг. Энэ парламент үүнээс илүү ихийг хийгээсэй гэж би хүсэж байна.  Юуны өмнө Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хуулиудад өөрчлөлт оруулан сонгуулийн авлигыг зогсоох, намуудын санхүүжилтийг ил тод болгох, төрийн өндөр албан тушаалтны халдашгүй байдлын талаарх хуулийн зохицуулалтыг өөрчлөх талаарх олон жил үргэлжилсэн яриаг бодит ажил хэрэг болгох ёстой.

Авлигын эсрэг парламентчдын дэлхийн байгууллага (GOPAC)-ын эгнээнд нэгдэж, хууль эрх зүйн аргаар авлигаас сэргийлэх, ялангуяа өндөр түвшний авлигатай тэмцэх нь төрийн эрх барих дээд байгууллагад түмнээ төлөөлж суугаа Та бидний яахын аргагүй үүрэг мөн билээ. 

Төрийн байгууллагуудын бүхий л үйл ажиллагаа ил тод, нээлттэй, албан тушаалтнууд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс эгнэгт ангид байх ёстой. 

Төсвийн зарцуулалтын хяналтыг сайжруулах, шүүх засаглал болон төрийн байгууллагыг улс төрөөс хараат бус байлгах, зөвшөөрөл лицензийн тоог бууруулах, бүх төрлийн худалдан авалтын шалгаруулалтад тавих хөндлөнгийн хяналтыг хүчтэй болгох, авлигачдын хүсэл сонирхлыг хууль тогтоох үйл ажиллагаанд шургалуулахгүй байх зэрэг чиглэлээр хууль тогтоомжийг боловсронгуй болгоход анхаарлаа хандуулахыг Та бүхэндээ хандан уриалж байна.

НҮБ-аас хүний эрх, эрх чөлөөг дээдлэн сахих нь бүх нийтийн аюулгүй байдал, энх тайвны үндсийн үндэс болохыг тунхагласан байдаг.

Аливаа нэгэн ялгаварлал, хүчирхийлэлд өртөж, нэр төр, алдар хүнд, хүний мөн чанараа гутаалган хохирсон хүмүүсийн эрхийг хамгаалан тэмцэх нь хууль тогтоогчдын төдийгүй хүн бүхний эрхэм үүрэг мөн. Боловсрол эзэмших, эрүүл мэндийн үйлчилгээ хүртэх, ажиллаж хөдөлмөрлөж, эдийн засгийн боломж эдлэх, түүх соёлын уламжлалаа хадгалах зэрэг хүний амьдралын эн тэргүүний шаардлага бүхэн эрх, эрх чөлөөний ойлголтыг хамтдаа агуулж байдаг.

Тиймээс ардчилсан нийгэм дэх хүний заяагдмал эрхийг баталгаатай хангах, эрхийг нь зөрчиж буй аливаа үйлдэлтэй өдөр бүр тэмцэх, энэ чиглэлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгож, хэрэгжилтийг хангах талаар байнга хүчин чармайлт тавьж ажиллахыг та бүхнээсээ хүсэж байна.

Анхаарлаа хандуулсанд баярлалаа.