УИХ-ын дарга М.Энхболд мэндчилгээ дэвшүүллээ.

2016/12/08 14:41 2630

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГЫН

           МЭНДЧИЛГЭЭ

(Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын

институтийн VI их хурлын төлөөлөгчдөд)

 

Монгол Улсад нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн байгууллага байгуулагдсаны 20 жил, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн VI их хурлыг тохиолдуулан танай хамт олон, нягтлан бодогч, аудитор, нийт санхүүч Та бүхэнд Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.

 

Монгол Улсын Их Хурлаар “Нягтлан бодох бүртгэлийн тухай” Монгол Улсын хуулийг анх 1993 онд баталж, нягтлан бодох бүртгэлийн хяналтын итгэмжлэгдсэн байгууллагын тогтолцоо, олон улсын стандартыг дагаж мөрдөх журам зарчим, мэргэшсэн нягтлан бодогчийн эрх үүрэг зэрэг чухал асуудлыг тусгаж байсан түүхтэй.

 

Төрөөс нягтлан бодох бүртгэл, аудитын үйл ажиллагааг улам боловсронгуй болгох, олон улсын жишигт нийцүүлэх зорилгоор “Аудитын тухай” Монгол Улсын хуулийг 1997 онд баталж, Нягтлан бодох бүртгэлийн тухай болон Аудитын тухай хуулиудыг УИХ-аар 2015 онд шинэчлэн, энэ оны эхнээс мөрдөж байна. Эдгээр хуулиар төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагад шилжүүлэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын нягтлан бодох бүртгэл хөтлөлт болон санхүүгийн тайлагнал, аудитын үйл ажиллагааг олон улсын стандартад нийцүүлсэн юм.

 

Монгол Улсад Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт хэмээх мэргэжлийн байгууллага 1996 онд байгуулагдсанаас хойших 20 жилийн түүхэн хугацаанд нягтлан бодох бүртгэлийн болон аудитын тогтолцоог төлөвшүүлэн, олон улсын стандартыг нэвтрүүлэх, хууль эрх зүйн орчныг шинэчлэх, аудитын байгууллагыг арга зүйн удирдлага мэдээллээр хангах, нягтлан бодогчдод мэргэжлийн зэрэг олгох, эрх ашгийг нь хамгаалах, мэргэжилтнүүдийг сургах, чадавхижуулах зэрэг үйл хэрэгт томоохон хувь нэмэр оруулсныг бахархан тэмдэглэж байна. Түүнчлэн Монгол Улсаа төлөөлөн Дэлхийн нягтлан бодогчдын холбоо, Ази-Номхон далайн бүс нутгийн нягтлан бодогчдын холбоонд жинхэнэ гишүүнээр элсэж, энэ салбарын монгол мэргэжилтнүүдийн дэлхий ертөнц, олон улстай харилцах, хамтран ажиллах гүүр болж байгаад сэтгэл нэн таатай байна.

 

Даяарчлал гүнзгийрч, эдийн засаг хурдацтай хөгжихийн хэрээр тус байгууллага цаашид Монгол Улсынхаа санхүү, эдийн засгийн салбарын үйл ажиллагаанд дэлхий нийтийн дэвшилт ололт бүхнийг цаг алдалгүй нэвтрүүлэн хэрэгжүүлж, олон талт хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлэн, мэргэжлийн ёс зүйгээ дээдэлж, төр түмнийхээ итгэлийг хүлээн ажилласаар байх болно гэдэгт эргэлзэхгүй байна.   

 

Улс орны хөгжил дэвшил, нийгмийн харилцааны өөрчлөлт, шаардлагатай уялдуулан тус салбарын хууль, эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох, салбарын хөгжлийг дэмжихэд чиглэсэн бодлого, хөтөлбөр батлах, тулгамдсан асуудлуудыг цаг алдалгүй шийдвэрлүүлэх талаар төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурлаас цаашид ч анхаарч ажиллах болно.

 

Улс орныхоо хөгжил цэцэглэлт, эдийн засгийн өсөлтийг тэтгэх, санхүүгийн мэдээллийг ил тод, нээлттэй байлгах, мэргэшлийн ур чадварын төгс илэрхийлэл нь байх үүргээ нэр төртэй биелүүлж байгаа нягтлан бодогч, санхүүчид Та бүхэндээ ойг тань тохиолдуулан халуун баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд чинь өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

Төрийн нуруу төвшин

Түмэн олон амгалан байх болтугай.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД

2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр

Улаанбаатар хот