УИХ-ын дарга М.Энхболд Энэтхэгийн элчин сайдыг хүлээн авч уулзлаа.

2016/11/16 16:36 1266

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Суреш Бабуг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа.

УИХ-ын дарга М.Энхболд хоёр улсын харилцаа сүүлийн жилүүдэд ихээхэн идэвхжиж, стратегийн түншлэлийн зарчмаар хөгжиж байна. Хоёр орны олон салбарыг хамарсан хамтын ажиллагаанд парламент хоорондын харилцаа чухал байр суурийг эзэлдэг. Манай хоёр орны парламент болон парламентын Тамгын газрын хооронд хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан. Манай парламентын Тамгын газрын ажилтнууд Энэтхэгийн парламентад очиж туршлага судлахын зэрэгцээ суралцаж байгаад талархалтай байна. Баримт бичигт тусгалаа олсон ажил, арга хэмжээг цаашид үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах болно хэмээн үгийнхээ эхэнд тэмдэглэв.

Тэрбээр “Хоёр орны харилцаанд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа чухал байр суурьтай. 2015 онд Монгол Улсад Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Модигийн хийсэн айлчлал маш үр дүнтэй болсон. Тэр үеэр хэлэлцэн тохирсон ажил арга хэмжээнүүдийг, тухайлбал Энэтхэгийн талын 1.0 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг өгөөж, үр дүнтэй томоохон төслүүдэд ашиглах нь чухал” хэмээн тэмдэглэлээ. Түүнчлэн батлан хамгаалах, соёл, боловсролын уламжлалт харилцаа, банк санхүү, иргэний нисэхийн салбарын шинэхэн харилцааг үр дүнтэй хөгжүүлэх ёстой хэмээн үзэж байгаагаа илэрхийллээ.

Ноён Суреш Бабу энэ онд явагдсан УИХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулсанд баяр хүргээд “Энэ нь төр засгийн болон эдийн засгийн тогтвортой байдал, ард иргэдийн ирээдүйдээ итгэх итгэлд нэн чухал юм” хэмээн онцоллоо. Тэрбээр:

-Манай хоёр орны харилцаа олон талт харилцаанаас стратегийн түвшинд хүртэл хөгжиж байна. Манай Ерөнхий сайд Н.Модигийн Монгол Улсад 2015 онд хийсэн айлчлал маш үр дүнтэй болсон гэдэгтэй Тантай санал нэг байна. Энэ оны дөрөвдүгээр сард Энэтхэгийн парламентын Доод танхим Лок Сабхагийн дарга, хатагтай Сумитра Махажаны хийсэн айлчлалын үеэр парламент хоорондын болон парламентын Тамгын газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгийг шинэчлэн, гарын үсэг зурсан. Эдгээр айлчлалын үеэр хэлэлцэн тохирсон зүйлүүд хоёр орны хамтын ажиллагааны хөгжилд чухал түлхэц болно гэдэгт найдаж байна гэв.

Ноён Суреш Бабу Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Модигийн айлчлалын үеэр тохирсон 1.0 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг ойрын үед ашиглаж эхлэх, Улаанбаатар-Делигийн хооронд агаарын шинэ шугам нээж, хамтарсан нислэг үйлдэх, Улаанбаатарт байгуулагдах Энэтхэг-Монголын найрамдлын нэрэмжит сургуулийг барих, Мэдээллийн технологийн төвийг ашиглалтад оруулах зэрэг асуудалд УИХ-ын даргыг анхаарлаа хандуулахыг хүслээ.

Тэрбээр Энэтхэгт Монголын төрийн албаны 200 орчим албан хаагчийг сургахаар Н.Модигийн айлчлалын үеэр мөн тохирсон. Одоогоор 100 орчим хүн хамрагдаад байна. Гуравдугаар сард манай төсвийн жил дуусахаас өмнө энэ боломжийг бүрэн ашиглах хэрэгтэй байна гэв.

УИХ-ын дарга М.Энхболд ноён Элчин сайдын санал бодлыг бүрэн хуваалцаж байгаагаа илэрхийлээд УИХ-ын зүгээс болон хувиасаа нэгэнт хэлэлцэн тохирсон ажлуудыг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарлаа хандуулах болно гэв хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.