УИХ ын дэд дарга С.Баярцогт, М.Энхболд нар ахмадуудаа хүлээн авлаа

2013/02/04 15:02 586

Улсын Их Хурлын дарга жил бүрийн 10 дугаар сарын эхний долоо хоногт тохиодог олон улсын “Ахмадын өдөр” болон сар шинийн баярын өмнөхөн ахмад ажилтнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.

   УИХ-ын дэд дарга С.Баярцогт, М.Энхболд, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар нар Монгол Улсын хууль тогтоох байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж,  өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадууддаа өнөөдөр /2013.02.04/ Төрийн ордноо  хүндэтгэл үзүүлж, сар шинийн бэлэг гардууллаа.

    УИХ-ын Тамгын газрын хэлтэс, албадын дарга, референт, мэргэжилтэн, аж ахуй үйлчилгээний хэлтэст  ажиллаж байсан 53 ахмадтайгаас өнөөдрийн арга хэмжээнд 40 гаруй ахмад ирсэн юм.

    УИХ-ын дэд дарга С.Баярцогт ахмадууддаа мэндчилгээ дэвшүүлж, 2012 оны УИХ-ын сонгуулиар эмхлэн байгуулагдсан УИХ-ын үйл ажиллагааны талаар товч танилцуулав. Тэрээр “Жил бүр УИХ-ын дарга  ахмадуудаа хоёр удаа хүлээн авдаг уламжлалтай. Өнгөрөгч 10 дугаар сарын 1-нд олон улсын "Ахмадын өдөр"-өөр УИХ-ын дарга З.Энхболд та бүгдтэй уулзсан. Энэ удаагийн УИХ гурван бүлэг, гурван дэд даргатай. УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын дэд дарга Л.Цог нар эрүүл мэндийн шалтгааны улмаас өнөөдөр хүрэлцэн ирж чадсангүй. Гэхдээ та бүгдэд “Тийн ялгуусан” хэмээгч Усан могой жилийн сар шинийн баярын мэндчилгээ дэвшүүлснийг уламжилж байна” хэмээв.

     УИХ-ын дэд дарга М.Энхболд ахмадууддаа баяр хүргэж хэлсэн үгэндээ “Өнгөрч буй “Баясгалант” хэмээгч Усан луу жил ээл эвээлээ өгсөн сайхан жил боллоо.  Ялангуяа газар тариалангийн салбарт ихээхэн амжилттай жил байсан. Ирж буй могой жилийг ч аятай сайхан жил гарна гэдгийг мэргэч, төлөгч нар хэлж байгаа” хэмээн онцоллоо.

   УИХ-ын Тамгын газраас өндөр насны тэтгэвэртээ гарсан хамгийн ахмад настан нь хэдийнэ 80 насыг зоогложээ. УИХ-ын Тамгын газрын Ахмадын хорооны дарга Ш.Ринчин гуай хэлэхдээ “Ахмадын хороо бол Тамгын газрын хамгийн том хэлтэс юм. Үргэлж ахмадууд бидэндээ ээлтэй байдагт талархаж явдгаа энэ дашрамд илэрхийлэхэд таатай байна. Хууль тогтоох байгууллагын түвшинд ч тэр шат шатны байгууллагууд ахмадуудыг хөдөлмөр эрхлэх боломжоор хангах талаар анхаарч ажиллахыг ахмад настангуудын нэрийн өмнөөс хүсэх байна” гэлээ