М.Энхболд: Эдийн засгийн хямралыг иргэдийнхээ нуруунд үүрүүлэхгүй.

2016/10/12 12:50 3952

УИХ-ын дарга М.Энхболд, Засгийн газрын гишүүдийн хамт Төв аймагт ажиллалаа. Энэ үеэр тус аймгийн иргэдтэй уулзаж, чөлөөт ярилцлага хийсэн юм. Уулзалтаар УИХ-ын үйл ажиллагаа, анхдугаар чуулган болон ээлжит бус чуулганы үеэр батлагдсан хууль, Засгийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн талаар танилцуулан, эдийн засгийн бодит нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөв.  УИХ-ын дарга М.Энхболд “Шинэ УИХ байгуулагдаад гурав, Засгийн газар хоёр сар болж байна. Бид сүүлийн 26 жилийн түүхэнд хамгийн хурдан Засгийн газраа бүрэлдүүлсэн УИХ боллоо. Улс орны байдал ямар байгаа гэдгийг иргэд тодорхой мэдэж байгаа. Энэ оны гүйцэтгэлээр манай эдийн засгийн өсөлт 0.1-0.6 хувьтай гарах тооцоо гарсан. 2012 онд 17 хувийн өсөлттэй байсан санхүүгийн чадавх маань өнөөдөр ийм байдалд хүрлээ. Энэ бол Монгол Улс хэмнэлтийн горимд шилжих болсны дохио. Ялангуяа ирэх он амаргүй жил болно. Гэхдээ төр, засгийн зүгээс эдийн засгийн хүндрэлийг иргэдийнхээ нуруунд үүрүүлэхгүй давж бүхий л арга хэмжээг авч ажиллана” гэж мэдэгдлээ.
Уулзалтад оролцсон иргэдийн зүгээс хамтын тэтгэвэр хүүхдийн мөнгийг зогсоосон шийдвэрийг шүүмжилсэн бөгөөд олонх нь “Насны хишиг” хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг хүсэж байлаа. Хамтын тэтгэврийг долоон мянган хүн авах бол “Насны хишиг” хөтөлбөр 80 орчим мянган хүнийг хамрах ач холбогдолтой гэдгийг УИХ-ын дарга хэлсэн. “Насны хишиг” хөтөлбөрийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхийн төсвийн төсөлд 21 тэрбум төгрөг суулгасан байна. Хөтөлбөрийн хүрээнд 70-аас дээш настай ахмадад хагас жил тутамд, хэмжээг 100-300 мянган төгрөг олгохоор тооцсон байна. Харин иргэдийн зүгээс Монгол хүний дундаж наслалтыг харгалзан үзэж, насны хязгаараа эргэн харах саналтай байлаа. 70 насны хязгаар бол өнөөгийн эдийн засгийн чадавхад тулгуурласан арга хэмжээ. Цаашдаа нөхцөл байдал сайжрах үед насны хязгаарыг бууруулж, хагас жил биш улирал тутам олгох боломжтой гэдгийг УИХ-ын дуулгасан юм. Эдийн засаг сайжирсан тохиолдолд хүүхдийн мөнгийг ч 100 олгох аж. Энэ оны төсвийн тодотголын дагуу нийгмийн зорилтот бүлэг буюу нийт 660 гаруй мянган хүүхдэд хүүхдийн мөнгө олгохоор тусгасан. Энэ нь мөнгө авах ёстой нийт хүүхдийн 60 хувь бөгөөд үүнд 79.2 тэрбум төгрөг төсөвлөжээ. Ирэх онд дээрх бодлого үргэлжилнэ. Улмаар 2019 онд бүх хүүхдэд тэгш олгож эхэлсэн гэдгийг мөн тэрбээр онцолсон.


УИХ-ын дарга үргэлжлүүлэн хөдөө аж ахуй салбарыг дэмжих бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэдгийг хэлсэн. Ирэх оны төсөвт арьс шир, улаанбуудайн урамшуулалд 54 тэрбум төгрөг тусгасан байна. Мөн жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээг нэмэгдүүлснээр ажилгүйдэл буурч, иргэд орлоготой болохын хэрээр улс орны нийгэм, эдийн засгийн амьдралд эерэг нөлөө үзүүлнэ. Энэ бодлогыг хэрэгжүүлэх эхний алхам бол 1.5 тэрбум төгрөгөөс бага орлоготой аж ахуйн нэгжийн татварыг бууруулж нэг хувь болгохыг УИХ хэлэлцэхээр болсон. Мөн үеэр УИХ-ын дарга зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй халаа сэлгээний  асуудалд тайлбар хийсэн. Тэрбээр “Төрийн албыг төрлийн алба болголоо гэх яриа гарах болсон. Энэ бол орон нутгийн сонгууль дөхсөнтэй холбогдуулж, бусад улс төрийн хүчний зүгээс МАН-ын үйл ажиллагааг харуулах зорилго бүхий үйл ажиллагаа эрчимжиж байна. Миний хүүхдийн хувьд Монголбанкинд олон жил ажилласан. Улмаар Монголбанкны санхүүгийн дэмжлэгээр АНУ-д эрдмийн зэрэг хамгаалаад ирсэн. Тэгэхээр нь Монголбанк өөрийн дэмжлэгтэй сургасан хүнийхээ хүчийг ашиглаж байгаа. Миний хүү өмнө нь Төв банкны албаны даргаар ажиллаж байсан бол одоо хэлтсийн дарга болсон. Энэ цаг хугацааны хувьд сонгуулийн үетэй давхацсан нь ийм яриа гаргахад хүргэсэн. Өөр худ ургаа сайд дарга болгосон зүйл байхгүй. Бүгд гүтгэлэг. Хамгийн сүүлд О.Магнай М.Энхболд хамаатан садныхаа 20 хүнийг төрийн албан томилсон гэх мэдэгдэл хийлээ. Ийм зүйл огт байхгүй. Миний хувьд төрийн шат  шатны албанд олон жил ажиллалаа. Энэ албан тушаал гэдэг зүйл бол хүний дадлага туршлага, мэргэжлийг харгалзан үздэг зүйл. Тиймээс бүгд хууль журмын дагуу явагддаг. Хариуцлага тооцох шаардлагатай албан тушаалтанд арга хэмжээ авч байгаа. Цаашдаа ч хариуцлагын тогтолцоог сайжруулна” гэв.
Мөн Төв аймагт хийх шаардлагатай байгаа бүтээн байгуулалтын санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэхийг лавласан. Үүнд, Сангийн дэд сайд Х.Булгантуяа “Энэ оны төсвийн тодотголоор Төв аймагт хэрэгжүүлэх найман төслийн санхүүжилтийг шийдвэрлэсэн. Засгийн газрын зүгээс ирэх оны төсөвт нэг ч шинэ хөрөнгө оруулалтын төсөл эхлүүлэхгүй байхаар тусгасан байгаа. УИХ-ын даргын хэлсэнчлэн ирэх онд Монгол Улс зургаа хүрэхгүй их наяд төгрөг олно. Гэвч гадаад, дотоодоос авсан 6.6 их наяд төгрөгийн өр зээл төлнө. Орлогоосоо өр нь давчихсан ийм л нөхцөл байдалд бид ажиллаж байна. Тиймээс тэвчих болох зардлаа танахаас өөр аргагүй. Өнөөдөр Монгол Улсад 210 цэцэрлэг барихад бүх бага насны хүүхдээ сургуулийн өмнөх боловсролд хамруулж болно. Энэ бол 200 сая ам.долларын асуудал. Өнгөрсөн хугацаанд 1.5 тэрбум ам.долларын “Чингис” бондыг үүрээд дууссан. Өөрөөр хэлбэл, “Чингис” бондын хөрөнгийг найм хуваасан хөрөнгөөр цэцэрлэгийн асуудлыг шийдэх боломжтой байжээ. Харамсалтай нь шийдээгүй. Улмаар өнөө маргаашийг аргацаасан “Хүүхэд харах үйлчилгээ”-ний тухай яриад сууж байна. Засгийн газраас ирэх оны төсөвт 80 сургууль цэцэрлэгийн хөрөнгийг суулгаж өглөө. Хүүхдийн байлгах стандарт шаардлага хангаагүй “Хүүхэд харах үйлчилгээ”-г хэрэгжүүлнэ гэвэл, жил бүр 50 орчим тэрбум зарлагдана” хэмээн хариулсан юм.


Ийнхүү УИХ-ын дарга, Засгийн газрын гишүүд Төв аймгийнханд улс орны өнөөгийн нөхцөл байдлаа тайлагнаж, тэдний санал шүүмжлэлийг сонсов. Харин төв нутгийнхны зүгээс илэн далангүй үнэн бодит мэдээлэл өгч, иргэдэд тулгамдаж асуудлыг газар дээр шийдвэрлэсэн үр дүнтэй уулзалт боллоо гэдгийг хэлж байлаа. Учир нь Төв аймгийнхны олон жил хүлээж буй дулааны цахилгаан станц асуудал ирэх онд эхлэх боломжтой гэдгийг Эрчим хүчний сайд П.Ганхүү дуулгасан бол Зам, тээврийн хөгжлийн дэд Б.Цогтгэрэл хот хоорондын тээврийг анхаарч ажиллана гэдгээ амласан юм. Түүнчлэн УИХ-ын дарга М.Энхболд өнгөрсөн хугацаанд төрөлхийн зүрхний гажигтай 32 хүүхдийг БНСУ-д жуулчлан эмчилгээнд оруулж, эрүүл саруул болоход нь тусалсан юм байна. Үүнийг ам дамжин дуулсан эмэгтэй, төрөлхийн зүрхний гажигтай хүүхдэд нь тусламж хүссэн бөгөөд УИХ-ын дарга боломж бололцоогоороо дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийллээ.  
 
Д.Мягмардорж