УИХ-ын дарга М.Энхболд Канад Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Э.Жэйгэрийг хүлээн авч уулзав.

2016/08/29 11:54 1524

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр /2016.08.29/ Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Жэйгэрийг хүлээн авч уулзав.

Элчин сайд Э.Жэйгэр уулзалтын эхэнд, Улсын Их Хурлын ээлжит сонгуульд амжилттай оролцон, олонх болсонд баяр хүргэн, цаг гарган хүлээн авч уулзсанд Улсын Их Хурлын даргад талархал илэрхийллээ. Шинээр байгуулагдсан Монгол Улсын Их Хурал болон Засгийн газар тун эрчимтэй ажиллаж байгааг тэрээр цохон тэмдэглэхийн сацуу Монголын эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулахаар олон улсын зүгээс арга хэмжээ авч ажиллаж байгаад баяр хүргэсэн юм. Түүнчлэн “Ирэх сарын 7-10-ны өдрүүдэд Канад Улсын Парламентын Нийтийн танхимын дарга Жеофф Рэган Монгол Улсад айлчлах ба хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх өндөр үр дүнтэй айлчлал болно гэдэгт найдаж байгаагаа Улсын Их Хурлын дарга М.Энхболд танд дуулгахад таатай байна. Энэ айлчлал нь хоёр орны улс төр, эдийн засаг, соёлын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэх суурь болно хэмээн үзэж байна” гэв. Мөн айчлалын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдын ихээхэн онцолж, анхаарал хандуулж байгаа гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, хамгаалах хэлэлцээр болон Канад Улсын хөгжлийн туслалцаа үзүүлэх арга хэмжээг бататгах хэлэлцээрүүдэд гарын үсэг зурах талаар онцлон танилцууллаа.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд, ноён Элчин сайдын мэндчилгээг хүлээн авч, хариу талархал илэрхийлэв. Улсын Их Хурлын ээлжит сонгууль амжилттай болсон ч улс орны эдийн засгийн нөхцөл амаргүй байгааг тэрээр дурдсан юм. “Улсын төсвийн орлого таслалдан, төсвийн алдагдал нэмэгдсэн байгаа учир төрийн албан хаагчдын цалин олгох төдийгүй тэтгэвэр, тэтгэмжийг тавихад хүндрэлтэй байна. Ойрын 2-3 жилийн хугацаанд монголчууд бүсээ чангалахаас өөр аргагүй нөхцөл үүссэн. Монгол Улсын төр засгаас эдийн засгийн хүндрэл иргэдийн амьдралд аль болох бага нөлөө үзүүлэх байдлаар шийдвэрлэхээр боломжит бүх арга хэмжээг авч ажиллаж байгаа. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон Монгол Улсын 2016 оны нэгдсэн төсвийн тодотголыг Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн учир өнгөрсөн долоо хоногт бид ажилдаа ороод байна” гэлээ.

Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын үед гадаадын хөрөнгө оруулалтад Монгол Улсын төр засаг ихээхэн анхаарал хандуулж байгааг Улсын Их Хурлын дарга цохон тэмдэглэв. “2008-2012 онд бид засгийн эрхийг барьж байх үед гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ жилд 4.6 тэрбум ам.доллар байсан бол өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд буурсаар 30-40 сая ам.доллар болж багассан. Энэ өөрчлөлтөөс өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд манай улс гадаадын хөрөнгө оруулагчдад таагүй нөхцөлийг үүсгэн, үүнээс болж хөрөнгө оруулагчид хөрөнгөө татах, буцаж гарах, сонирхож байсан сонирхолоо зогсоох бодит байдал нүүрлэлээ. Цаашид энэ байдлыг өөрчлөн, засаж залруулан ажиллах бөгөөд Монгол Улсын хууль, тогтоолын дагуу манай улсад хөрөнгө оруулалт хийн үйл ажиллагаа явуулж буй хөрөнгө оруулагчид, тэдний хөрөнгийн аюулгүй байдлыг хангах нь монгол төрийн үүрэг болохыг Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нээлтийн үгэндээ онцлон тэмдэглэсэн. Сангийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд нарт ч үүнийг ажил хэрэг болгоход анхаарах нь зүйтэй гэдэг чиглэл өгсөн” гэж Улсын Их Хурлын дарга хэллээ.

Монгол Улс, Канад Улс газар зүйн байрлалын хувьд хэдий ч харилцаа, хамтын ажиллагаагаа олон жилийн туршид сайн хөгжүүлж ирсэн гуравдагч хөрш орон юм. Ирэх сард болох Канадын Парламентын Нийтийн танхимын тэргүүний Монгол Улсад хийх айлчлал хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх үндэс суурь болно хэмээн үзэж буйгаа Улсын Их Хурлын дарга тэмдэглэн хэлэв.

Уулзалтын үеэр талууд хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагаа болон эдийн засаг, бизнесийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар харилцан ярилцав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.