УИХ-ын дарга М.Энхболд Д.Сумъяад утсаар холбогдон баяр хүргэлээ.

2016/08/09 10:14 2765

Бразилийн Рио Де Жанейро хотод эдгээр өдрүүдэд олимпийн наадам үргэлжлэн хэн хүний сэтгэлийг хөвсөлзүүлж байгаа билээ. Тэгвэл монголчууд 43 тамирчныхаа дээлийн захыг мушгин цагийн зөрүүг үл харгалзан тамирчдаа дэмжсээр байгаа. Өчигдөр шөнө Гавьяат тамирчин Д.Сумъяа эмэгтэйчүүдийн 57 кг-д мөнгөн медаль хүртэн эх орондоо анхны медалийг авчирсан баярт үйл явдал тохиосон юм.

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд “Рио-2016” олимпийн наадмын тэнгэрт төрийн далбаагаа мандуулан, амжилттай сайн барилдаж мөнгөн медаль хүртсэн жудо бөхийн ОУХМ, Гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяатай өнөөдөр утсаар холбогдон баяр хүргэжээ.

УИХ-ын дарга М.Энхболд "Тамирчин хүний тэсвэр тэвчээр, ур ухаан, уран мэх, эр зоригийн гарган урамтай сайхан барилдаж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж, энэ удаагийн олимпийн анхны медалийг хүртсэн тамирчнаараа Монголчууд бид бахархаж байна. Медалийн барилдаан Монголын цагаар шөнийн 04:00 цагийн орчим таарсан ч сэтгэл догдлуулан бүгд үзсэн. Гавьяат тамирчиндаа дараа дараагийн уралдаан тэмцээнд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе" гэжээ.

УИХ-ын дарга М.Энхболд олимпийн наадамд өндөр ач холбогдол өгч, тамирчиддаа амжилт хүслээ. Тэрбээр "Лондон-2012" Олимпийн наадмаас монголчууд таван медаль хүртэхэд багийн ахлагчаар ажилллаж байсан юм.

Х.Ялалт