БНСУ-ын Үндэсний Ассамблейн Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ү Юүн Гын тэргүүтэй төлөөлөгчид бараалхав.

2016/07/29 09:26 2081

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр 2016.07.28 БНСУ-ын Үндэсний Ассамблейн Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ү Юүн Гын тэргүүтэй төлөөлөгчид бараалхав.

Уулзалтын эхэнд БНСУ-ын Үндэсний Ассамблейн Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ү Юүн Гын Улсын Их Хурлын даргыг цаг гарган хүлээн авч уулзаж буйд талархлаа илэрхийлээд АСЕМ-ийн Дээд түвшний 11 дүгээр уулзалтыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэв. Мөн тэрээр, “Манай улсад ч гэсэн хоёр сарын өмнө сонгууль болсон. Монгол Ардын Намыг Улсын Их Хурлын сонгуульд ялалт байгуулсанд баяр хүргэе. Миний бие Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонгийн урилгаар Монгол Улсад ирж, санамж бичиг байгуулсандаа баяртай байна” хэмээгээд БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Жон Сэ Гюны Улсын Их Хурлын дарга М.Энхболдод баяр хүргэсэн илгээлтийг гардуулан өгөв.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд БНСУ-ын Үндэсний Ассамблейн Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ү Юүн Гын тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд энэ сарын эхээр БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, АСЕМ-ийн Дээд түвшний 11 дүгээр уулзалтад оролцсон нь АСЕМ-ийн арга хэмжээний ач холбогдлыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэснийг онцлон тэмдэглэв. Мөн тэрээр БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Жон Сэ Гюны илгээлтэд хариу талархал илэрхийлж буйг дамжуулахыг хүсэв.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд хэлсэн үгэндээ УИХ-ын сонгуулийн дүнгээр Монгол Ардын Нам олонхи болж, шинэ Засгийн газраа эмхлэн байгуулж байгааг дурдаад БНСУ-тай харилцах гадаад бодлого, үйл ажиллагаанд өөрчлөлт гарахгүйгээр тууштай үргэлжлэх болохыг онцлов.

Хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа эрчимтэй хөгжихийн зэрэгцээ парламент хоорондын хамтын ажиллагаа өргөжиж буйд Улсын Их Хурлын дарга сэтгэл хангалуун буйгаа илэрхийлээд хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг улам өргөжүүлэх, эрх зүйн таатай орчныг бий болгож, дэмжлэг үзүүлэхэд парламентын үүрэг чухал болохыг тэмдэглэн хэллээ. Мөн хоёр орны парламентын Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, мэдээлэл солилцох, харилцан туршлага судлах чиглэлээр харилцаагаа бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг болон албаны бусад хүмүүс байлцав.