МАН-ын дарга М.Энхболд ОХУ-ын Ерөнхий Сайд, "Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведевт ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ

2016/05/09 17:00 4015

 

МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга Миеэгомбын Энхболд ялалтын 71 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Засгийн Газрын Ерөнхий Сайд “Нэгдсэн Орос” намын дарга  Дмитрий Анатольевич Медведевт баярын мэндчилгээ илгээлээ. 

МАН-ын дарга М.Энхболд мэндчилгээндээ "Аугаа эх орны дайны түүхэн ялалтын 71 жилийн ойг тохиолдуулан Монгол Ардын Намын Удирдах Зөвлөл, нийт гишүүд, дэмжигчдийн нэрийн өмнөөс болон хувиасаа Танд болон Танаар уламжлан Оросын ард түмэнд халуун баяр хүргэж, чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Дэлхийн II дайны ялалт асар их үнээр олдсон бөгөөд орчин үеийн  хөгжлийн түүхийг нээж, олон улсын цэргийн хүчний болон улс төр, эдийн засгийн харилцааг цоо шинээр тодорхойлон даян дэлхийд энх тайвныг тогтоох түүхэн ач холбогдолтой үйл явдал болсон билээ.

Эх орны дайнд оролцсон ахмад дайчид болон их ялалтын найдвартай ар тал байж, өнөөгийн энх цагийг авчрахад үнэтэй хувь нэмрээ оруулсан ах дүүгийн найрамдалт барилдлагатай Оросын ард түмэндээ ялалтын баярын мэндийг дахин дэвшүүлж, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Газар, тэнгэрээр гагнагдсан мөнхийн хөрш, дайны талбарт шалгагдсан дайчин нөхөрлөл, Монгол–Оросын ард түмний ах дүүгийн найрамдал мөнхөд мандана гэдэгт итгэл төгс байна!

Манай хоёр орны харилцааг гүнзгийрүүлэхэд чиглэсэн Монгол Ардын Нам болон “Нэгдсэн Орос” Намын хамтын ажиллагаа цаашид ч өргөжин хөгжсөөр байх болно гэдэгт итгэлтэй байгаагаа энэ дашрамд тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Эрхэм хүндэт ноён Дмитрий Анатольевич Танд болон “Нэгдсэн Орос” Намын нийт гишүүдэд улс төрийн их амжилт, ОХУ-д энх тайван болон аз жаргалыг хүсэн ерөөе" гэжээ.

Ж.Жаргал