Нийслэлийн МАН-ын хороо үүсэн байгуулагдсаны түүхт 91 жилийн ой өнөөдөр тохиож байна.

2016/04/27 11:51 1439

Улс төрийн ууган хүчний салбар нэгж нийслэлийн МАН-ын хороо үүсэн байгуулагдсаны түүхт 91 жилийн ой өнөөдөр тохиож байна. Нийслэлийн МАН-ын хорооны ойн арга хэмжээнд МАН-ын дарга Миеэгомбын Энхболд оролцож мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр хэлэхдээ: Нийслэлчүүд та бүхэндээ нийслэлийн Монгол Ардын Намын хороо үүсэн байгуулагдсаны түүхт 91 жилийн ойн мэндийг хүргэж, Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот 1778 онд дөрвөн уулын дунд, хүн чулууны хонхорт буйраа засаж байсан тэр өдрөөс хойш хэрхэн яаж өөрчлөгдсөн, хэдий хугацаанд хэр зэрэг их бүтээн байгуулалт хийгдсэн, хэн түүнийг удирдаж байсан, хэн иргэдээ эрүүл болгож байсан, хэн иргэдээ бичиг үсэгтэн болгож байсан, хэн Ази-Европийн хосолмол шинэ хотыг байгуулж байсан вэ гэвэл нийслэлийн МАН-ын хороо гэдэгтэй санал нэг байгаа гэдэгт итгэл дүүрэн байна. Улаанбаатар хот өнөөдрийн өнгө төрхийг олохдоо 1920 оны эхэн үеэс 1940, 60, 70, 80-аад оны бүтээн байгуулалтын үр дүнд өнөөдрийн өнгө төрхөө олж  "Азийн цагаан дагина" гэж нэрлэгдэх сая гаран хүнтэй дэлхийн томоохон хотын нэг болсон. Энэ хотыг дархлан бүтээсэн, гардан зохион байгуулсан эрхэм хүндтэй ахмадууд өнөөдөр хүрэлцэн ирсэн байна. Та бүхэндээ дахин баяр хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье. 

Нийслэлийн намын хороо 2012 оны орон нутгийн сонгуулиар нийслэлийг удирдах эрх үүргээ алдаж, сөрөг хүчний түвшинд дөрвөн жил ажилласан. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нийслэлд хийсэн зүйл бий юу гэвэл тодорхой зүйл байгаа үүнийг хүлээн зөвшөөрөх учиртай. Гэхдээ энэ дөрвөн жилийн хугацаанд эрх баригчдын олгосон газар дээр барьсан орон сууц ашиглалтанд орж, нэг ч айл байранд ороогүй.  Гэр хорооллыг ахин төлөвлөлт, гэр хорооллыг дэд бүтэцтэй болгоно гэж эрх баригчид амласан. Амлалтандаа хүрч чадаагүй. 2000 оны эхээр Дэлхийн банкны 0,75 хувийн хүүтэй зээл авч Улаанбаатар хотын бүх гэр хорооллын ус тшгээх байрыг цэвэр усны шугам хоолойгоор холбож, ус түгээх байраар хангах ажлыг бид эхлүүлсэн, мөн бид дуусгасан. Өнөөдөр гэр хороололд  нэг ч усны машин явахгүй, бүх ус түгээх байр усаар хангагдах болсон. Зүй нь тэр ус түгээх байрнаас айлын хашаа болгонруу цэвэр усны шугам татаж, айлын хашаа бүрээс бохирын шугам татаж гэр хорооллыг дэд бүтэцтэй болгох, гэр хорооллыг шинэчлэх ажлыг хийх ёстой  байсан. Гэтэл ярихаас өөр, амлахаас цааш зүйлийг хийж чадаагүй байна. 

Гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх ажлыг ингэж хийх ёстой гээд Дамбадаржаад 10 айлын орон сууцыг цэвэр бохир усны шугамд холбоод цахилгаан дулааныг нь шийдээд барьж байгуулаад, ингэж гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх ёстой гэж үлгэр шижээ үзүүлж байсан. Үүнээс хойш барьсан зүйл алга байна. 

Улаанбаатар хотын төвийн 26 уулзварын нэвтрүүлэх чадварыг сайжруулж 5 уулзварыг хоёр түвшний уузвартай, авто машин зогсохгүй явж байх төсийг эхлүүлээд явж байсан. Хоёр түвшний 5 уулзварын ажлыг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай хөнгөлөлттэй зээлээр шийдээд ажил эхлээд явж байсан, Бид Улаанбаатар хотын дэд бүтэц, зам харгуйг сайжруулах шинэчлэх ажлын хүрээнд 580 сая ам.долларын хөрөнгийг оруулалтыг бэлэн болгосон байсан. Өнөөдрийн эрх баригчдын хийсэн гэх ажлууд бол дэндүү өндөр өртөгөөр, дэндүү өндөр үнээр хийсэн. Үүнийг анхаарах ёстой гэлээ.

Өнөөдөр өр зээлийн хэмжээ ДНБ-ний 183 хувьд хүрсэн. Жилдээ 37 тэрбум төгрөгийн зээлийн үйлчилгээний төлбөр гаргадаг байсан  Монгол Улс өнөөдөр 960 тэрбум төгрөгийн зээлийн үйлчилгээний төлбөр гаргадаг болсон. Өрийн дарамт 25-30 дахин нэмэгдсэн. Ирэх жилээс эхлээд 500, 500 сая долларын хоёр удаагийн зээлийг буцааж төлнө. Ийм хүнд байдал улс орны эдийн засагт, иргэдийн амьдрад бий болсон байна. Үүнээс гаргаж чадах туршлагатай, гаргаж чадах боловсон хүчинтэй, гаргаж чадах мөрийн хөтөлбөрөө боловсруулсан нам бол Монгол Ардын Нам. Энэ ялалтанд хүрэхэд Улаанбаатар хотын намын байгууллага, сонгуулийн үр дүн чухал нөлөөтэй. Ийм учраас бидний бүтээлч мөрийн хөтөлбөрийг дэмжиж буй бүх хүн иэдвхтэй, чармайлттай ажиллаж, нэг зүгт харан нэг баг болж ажиллан их амжилт гаргахыг нийслэлийн МАН-ын хорооны хамт олонд хүслээ. 

Ж.Мөнх