Бүгд Найрамдах Болгар Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2016/04/25 09:46 2418

Монгол Улсын Их Хурлын дэд дарга М.Энхболд Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтад оролцож буй Бүгд Найрамдах Болгар Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. 

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дэд дарга М.Энхболд, хүндэт зочдыг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд, Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй Ази, Европын Парламентын түншдэдийн уулзалтад оролцож буйд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлэв. Улс гүрнүүдийн харилцаанд парламент хоорондын харилцаа чухал байр суурь эзэлдэг болохыг тэрээр тэмдэглээд, улс төр, эдийн засаг, худалдаа, димпомат харилцаа гээд бүхий л хамтын ажиллагаа эрхзүйн зохицуулалтын хүрээнд явагддаг тул энэхүү эрх зүйн хэм хэмжээг тогтоодог  парламентууд улс орнуудынхаа эрх зүйн зохицуулалтуудыг харилцан уялдаатай зохицуулж чадвал тухайн хоёр орны харилцааг хөгжүүлэхэд чухал түлхэц болно хэмээн үзэж буйгаа тэмдэглэн хэллээ. 

 

Улсын Их Хурлын дэд дарга, Болгар, Монгол хоёр орон дипломат харилцаа тогтоогоод 65 жилийн ойг тэмдэглэсэн, урт удаан хамтын ажиллагаатай ард түмэн. 2015 оны тохиосон 65 жилийн ойн хүрээнд манай оронд БНБУ-ын Ерөнхийлөгч Росен Плевнелиев төрийн айлчлал хийж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаарх чухал асуудлуудаар харилцан ойлголцож, үүний үр дүнд хамтын ажиллагаа шинэ шатанд гарсан хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн юм. Цаашид Монгол, Болгар улс хөдөө аж ахуй, уул уурхай, геологи, аж үйлдвэр тэргүүтэй олон салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нөөц бий, ажиллаж байсан туршлага ч бий хэмээн онцоллоо. 

Мөн тэрээр, Болгар Улсад олон зуун монгол оюутан суралцан, боловсрол эзэмшсэн, мэргэжил дээшлүүлсэн, мөн Болгарын талын дэмжлэгтэйгээр манай оронд олон үйлдвэр, аж ахуйн газрууд  бий болсон нь хоёр талын харилцаанд чухал хөшүүрэг болж ирсэнийг дурдав. Саяхан Софи хотноо болсон Засгийн газар хоорондын комиссын хуралдаан нь хоёр орны хамтын ажиллагааны ойрын ирээдүйд дэвшүүлж тавихаар төлөвлөж буй олон зорилтыг шийдэхэд чухал хурал болсон хэмээн үзэж буйгаа илэрхийлэв. 

БНБУ-ын Ардын Хурлын гишүүн, Болгар-Монголын парламентын бүлгийн дарга хатагтай Десислава Атанасова, цаг гаргаж хүлээн авч уулзаж буй Улсын Их Хурлын дэд даргад талархал илэрхийллээ. Тэрээр хоёр орны харилцаа нь өндөр дээд хэмжээний айлчлал, энэ хүрээнд яригдсан яриа хэлцэлцээрээр хязгаарлагдахгүй, парламент хоорондын, парламентын гишүүд хоорондын болон иргэдийн харилцаа ойр дотно байдгийг тэмдэглэлээ. 

 

Тэрээр, Болгор Улсын хувьд Монгол Улсын Европтой холбогдох гарц байх боломж бий. Софи хотноо болсон Засгийн газар хоорондын комиссын хуралдааны үеэр хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцсон. Ялангуяа хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр хамтарч ажиллах талаар тодорхой ярилцсан юм. Хоёр орны хувьд энэ салбарт хийх ажил их байгаа гэж бодож байна. Үүнээс гадна геологийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой гэж үзэж байна. Болгар Улсад ашигт малтмал ашиглах талаар танай улстай хуваалцах туршлага бий. Хоёр орны хооронд харилцан итгэлцэл, удаан хугацааны хамтын ажиллагааны туршлага байхад бүх салбарт хамтран ажиллах, бодит ажил хэрэг явуулах боломжтой юм. Өнөөдөр БНБУ-ын эн тэргүүний зорилго нь тогтвортой, амар амгалан байдал болоод байгаа. Европын улс орнуудын хувьд тулгамдаад буй энэ нийтлэг асуудлын талаар өнөөдрийн хурлын үеэр ч хэрхэн шийдвэрлэх талаар ярилцлаа. Улс гүрэн бүр амар тайван байж, зэрэгцэн оршин, харилцан, хамтарч ажиллах ёстой гэж бодож байна гэв. 

Хатагтай Десислава Атанасова, АСЕМ-ын Дээд түвшний чуулга уулзалт болон түүний эхний чухал арга хэмжээ болох Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтыг эх орондоо амжилттай зохион байгуулж буйд нь Монгол Улсын Их Хуралд баяр хүргэлээ.

Уулзалтын үеэр талууд улс төр, нийгэм болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцов. Улсын Их Хурлын дэд дарга уулзалтын төгсгөлд, ирэх 7 дугаар сард Улаанбаатар хотноо болох АСЕМ-ын дээд түвшний уулзалтад БНБУ-ын зүгээс Ерөнхийлөгч түвшинд оролцохоор төлөвлөж буйд баяртай буйгаа илэрхийлэв. 

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Болгарын парламентын бүлгийн дарга Л.Эрдэнэчимэг болон албаны бусад хүмүүс байлцав.

Казахстан Улсын парламентийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Улсын Их Хурлын дэд дарга М.Энхболд уулзалтын эхэнд Казахстаны парламентын төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд Казахстаны парламентын доод танхим Мажилисын ээлжит бус сонгуулиа амжилттай зохион байгуулсанд баяр хүргэв. Энэ зун Монгол Улсад болох АСЕМ-ын дээд түвшний чуулга уулзалтын хүрээнд болж буй хамгийн эхний уулзалт болох Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтад ач холбогдол өгч, өргөн бүрэлдэхүүнтэй оролцож буйд талархал илэрхийллээ.

 

Мөн тэрээр, манай хоёр орон 1992 оны 1 дүгээр сард дипломат харилцаа тогтоосноос хойш уламжлалт найрсаг харилцаа, эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэг зэрэг бүхий л салбарын нягт хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлж ирсэнд баяртай байгааг цохон тэмдэглэв. Дээрх хугацаанд хоёр орны хоорондын харилцааны эрх зүйн үндэс жилээс жилд бэхжиж, өнөөгийн байдлаар 50 гаруй гэрээ, хэлэлцээр  үйлчилж байна. Хоёр талын харилцаа өргөжин хөгжихийн хэрээр эрх зүйн үндсийг нь үргэлжлүүлэн бэхжүүлэх шаардлага мөн тавигдсаар байгааг онцоллоо. 

Түүнчлэн худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын салбарт бидэнд хамтарч ажиллах нөөц бололцоо бий гэдгийг хэлээд энэ оны 11 дүгээр сард Астана хотноо зохион байгуулагдах Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын ээлжит 7 дугаар хуралдаанаар манай хоёр орны худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагаанд үүсээд буй асуудлуудыг шийдвэрлэх боломж тохионо хэмээн найдаж байгаагаа илэрхийлэв.  

 

Казахстаны парламентын гишүүн Кайрат Ищанов тусгайлан цаг гаргаж хүлээн авч уулзаж буйд нь Улсын Их Хурлын дэд даргад талархаад Ази, Европын парламентчдын энэхүү өндөр хэмжээний уулзалтыг өргөн цар хүрээтэй зохион байгуулж байгаа Монгол Улсын парламентад талархаж байгаагаа илэрхийлэв. Манай парламентын төлөөлөгчид ч энэхүү чухал арга хэмжээнд оролцож байгаадаа баяртай байна гээд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш улстөр, эдийн засгийн харилцаа идэвхтэй сайн хөгжиж байна. Тэр дундаа эдийн засгийн харилцааг эрчимжүүлж уул уурхай, хөдөө аж ахуй, цөмийн энергийн салбар дахь хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх бүрэн боломжтой гэж үзэж буйгаа онцлов. Мөн тэрээр парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааны хувьд Монгол-Казахстаны Парламентын бүлэг байгуулагдан тодорхой ажлуудыг гүйцэтгэж байгаа бөгөөд уг харилцааг улам өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа ч илэрхийлсэн юм.

Улсын Их Хурлын дэд дарга М.Энхболд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байгаа Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцах боломж олдсонд баяртай байна. Манай хоёр орон бол бүс нутгийн болон олон улсын хэмжээнд бие биеэ дэмжиж ирсэн сайхан уламжлалтай. Цаашид энэ уламжлалаа хадгалан харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлнэ гэдэгт итгэлтэй байдаг тухайгаа дуулгалаа.

Казахстаны парламентын төлөөлөгчдийн тэргүүн бид бие биеэ түшиж, дэмжиж ирсэн сайхан уламжлалтай. Цаашид ч бид бие биеэ байнга түшиж ажиллана гэдэгт итгэлтэй байна гээд Монголын ард түмэнд хөгжил, дэвшлийг хүсэж, Парламент хоорондын хамтын ажиллагаа өргөн дэлгэр болно гэж найдаж байгаагаа илэрхийллээ.

Улсын Их Хурлын дэд дарга М.Энхболд уулзалтын төгсгөлд Ази-Европын парламентын төлөөлөгчдийн энэхүү уулзалт Та бидний хамтын чармайлтаар үр дүнтэй болно гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлээд Казахстаны парламентын төлөөлөгчдөд амжилт хүслээ.

 Эх сурвалж: УИХ-ын Тамгын газрын ХМОНХ хэлтэс.