СоцИнтернийн олон улсын эмэгтэйчүүдийн Азийн бүсийн ээлжит хурлыг нээж үг хэллээ

2016/04/22 17:51 1937

МАН-ын дэргэдэх НАМЭХ-ноос Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй СоцИнтернийн олон улсын эмэгтэйчүүдийн Азийн бүсийн ээлжит хурал “Blue sky” зочид буудалд өнөөдөр /2016.04.22/ боллоо. Улс төрч, манлайлагч эмэгтэйчүүдэд зориулсан энэхүү олон улсын эмэгтэйчүүдийн хуралд дэлхийн 13 орны 22 төлөөлөгч уригдан ирж, оролцож байна.

Хоёр өдөр үргэлжлэх СоцИнтернийн олон улсын эмэгтэйчүүдийн Азийн бүсийн ээлжит хурлыг нээж УИХ-ын Дэд дарга, УИХ-ын гишүүн, МАН-ын дарга М.Энхболд үг хэллээ.

Тэрбээр хэлсэн үгэндээ “Дэлхийн улс орнуудын геополитикийн бодит нөхцөл байдал болон Монгол орны нийгэм, эдийн засгийн байдал хүндхэн байгаа өнөөгийн цаг үед СоцИнтерний ууган гишүүн нам, Монгол улсын ууган томоохон улс төрийн хүчин болох МАН-ын дэргэдэх НАМЭХ, СоцИнтернийн олон улсын эмэгтэйчүүдийн байгууллагатай хамтран “Азийн бүсийн Эмэгтэйчүүдийн ээлжит хурал”-ыг Монгол улсад анх удаа зохион байгуулж байгаад хувиасаа болон МАН, Монголын ард түмний өмнөөс талархал илэрхийлж, Монголын төдийгүй Бүс нутгийн эмэгтэйчүүдийн хөгжлийн асуудалд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулсан, өндөр ач холбогдолтой хурал болно гэдэгт итгэлтэй байна. Манай улс ази тивд анх удаа тусгаар тогтнолоо олсон улс. МАН ууган улс төрийн хүчнийхээ хувьд XX зуунд эх орноо харийн түрэмгийлэлээс чөлөөлж, хүн амаа соёлжуулж, 100 хувь бичиг үсэгтэй болгож, хөдөө аж ахуй, аж үйлдвэр хослосон орчин үеийн улс болгон хөгжүүлсэн бодит түүхтэй.

Өнөөдрийн байдлаар манай улсын нийт хүн амын 52 хувь, боловсролын салбарын 79 хувь, эрүүл мэндийн салбарын 87 хувь, шүүх засаглалын 63 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байна. Эндээс харахад, эмэгтэйчүүдийн хувь нэмэр манай улсын бүтээн байгуулалт, хөгжилд чухал байр суурь эзэлдэг.

Монгол улс хүний эрхийн хийгээд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын хэм хэмжээг дагаж, дэлхийн нийтээр мөрддөг олон гэрээ, конвенцид нэгдэн орж хамран ажилладаг. Ингэснийхээ үр дүнд улс төрд оролцоотой эмэгтэйчүүдийнхээ тоог нэмэгдүүлж чадсан.

2012 оны сонгуулийн дүнд УИХ-ийн гишүүдийн 14.5 хувийг эмэгтэйчүүд эзлэх болсон. Энэ тоог нэмэгдүүлэх олон ажил хийсэн ч 2015 он гэхэд эмэгтэйчүүдийн оролцоог 30 хувь хүргэх гэсэн Мянганы хөгжлийн зорилтоо биелүүлж чадаагүй л байна. Тиймээс энэ онд явуулах Сонгуулийн тухай хуулиараа эмэгтэйчүүдийн квотыг 30 хувь болгож нэмэгдүүлсэнд сайшаалтай хандаж байна.

Дэлхий нийтээрээ Жендэрийн тэгш эрхийг хангаж, эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшний оролцоог нэмэгдүүлэхэд бодитой ахиц гарч байгаа явдалд талархаж байгаагаа илэрхийлье” гэлээ.

СоцИнтернийн олон улсын эмэгтэйчүүдийн байгууллага нь дэлхийн өндөр хөгжилтэй АНУ, Канад, Англи, Австрал, Бразил зэрэг 130 гаруй улс орнуудын Зүүний үзэл баримтлалтай улс төрийн намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагыг эгнээндээ нэгтгэн НҮБ-д бүртгэгдсэн хүчирхэг олон улсын байгууллага юм. 

Б.Дэжид