МАН-ын дарга М.Энхболд Ардчилсан намын 26 жилийн ойд мэндчилгээ дэвшүүллээ

2016/04/08 09:16 2510

Жиргээчдийн өчигдрийн гол сэдэв УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд байлаа. Тэрбээр 26 жилийн ой нь өчигдөр тохиосон эрх баригчдад “Ардчилсан намын нийт гишүүдэд нам байгуулагдсаны 26 жилийн ойн баярын мэнд хүргэе!” гэж мэндчилгээ дэвшүүлжээ. Монголын улс төрийн ууган хүчинг удирдаж буй хүнээс гарах л ёстой жудаг. Гэхдээ нөгөө талаас өнгөрсөн сарын 1-нд тохиосон МАН-ын 95 жилийн ойд эрх баригч намаас, намын даргаас нь ямар нэгэн мэндчилгээ илгээсэн билүү. Үүнийг нь бодвол бас ёс жудаг ярьмааргүй ч юм шиг. Монгол уламжлалаа бодвол дүү нь эхлээд ахдаа хүндлэл үзүүлэх ёстой. Даан ч манай ардчиллынханд тийм ёс суртахуун, жудаг, зангараг байхгүй.

Намын дарга нь эс гэхэд Л.Эрхэмбаяр нь МАН-ын 95 жилийн ойд зориулж мэндчилгээ дэвшүүлж болох байв. Харамсалтай нь АН-ынханд тэгэх сэтгэл, сэдэл ч байгаагүй. Тэгвэл сөрөг хүчний намын дарга жудаг, зангараг зааж “дүү” намынхандаа мэндчилгээ дэвшүүлсэн нь нөгөө хэдийгээ “Нэгийг бодож, хоёрыг тунгаа” гэсэн сургамж болж байна. Адаглаад монгол хүн юм бол уламжлалаа дага, мэддэггүй юм бол суралц гэсэн “ах” намын сургаал байж бас мэднэ. Ямар ч байсан МАН-ын дарга М.Энхболдын “дүү” намдаа дэвшүүлсэн мэндчилгээ улстөрчийн ёс зүй, эрэмбэ дараа, эв нэгдлийг эрхэмлээрэй гэсэн том захиас боллоо. 

С.Буян