М.Энхболд: Эрх баригчдын алдааг засна.

2016/03/14 10:28 3402

МАН-ын дарга М.Энхболдын илтгэлийн хэсгээс. #ЭхОрончдынӨдөр 

...Сүүлийн 20 жилийн судалгаанаас манай нам Засгийн эрх барьсан он жилүүдэд эдийн засаг өсч, ард иргэдийн амьжиргаа дээшилж, харин АН засаг барьсан үед хүрсэн түвшин, ололт амжилтаас ухарч, эдийн засаг уруудан, өсөлт нь нэгээс доош хувьд хүрч, ард иргэдийн амьдрал доройтдог дүр зураг ажиглагдах болсон нь санамсаргүй тохиолдол биш юм.

Бид түмэн олноо ядуурлаас аварч эдийн засгаа дахин сэргээснээр ДНБ-ий өндөр өсөлтийг хангаж, үр өгөөжийг нь хүн бүрт, ялангуяа ядуу, бага орлоготой иргэдэд түлхүү хүртээх замаар дундаж давхрагын иргэдийг олноор бий болгох хөгжлийн баримжаатай эдийн засгийн бодлого хэрэгжүүлж Монгол хүн эх орондоо сайн сайхан, тав тухтай, аюулгүй амьдрах боломж, бололцоог бий болгоно.

Бид Монгол улсын гадаад бодлогыг эдийн засгийн агуулгаар баяжуулах замаар, гадаадын шууд хөрөнгө оруулагчдын итгэлийг эргүүлэн олж авах бодлого хэрэгжүүлнэ. 

Бид эрх баригчдын өнгөрсөн 4 жилд гаргасан эдийн засгийн бодлогын алдааг засч, улс орноо хямралаас гаргаж, иргэд, аж ахуйн нэгжүүдээ өрийн дарамтгүй, ажилтай, орлоготой болгох явдал тулгамдсан асуудал болоод байна.

МАН гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжихийн зэрэгцээ үндэсний хөрөнгө оруулалтыг бүхий л талаар дэмжиж бизнесийн орчин дахь төрийн оролцоог багасгаж, төр хувийн хэвшилтэй өрсөлдөж бизнес эрхэлдэг явдлыг таслан зогсооно. 

Бид гацаанд ороод байгаа стратегийн ач холбогдолтой,томоохон төслүүд болох Оюутолгой, Таван толгой, Төмөр зам, эрчим хүчний төслүүдийн ажлыг эрчимжүүлэх, эхлүүлэх арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэн, Монгол улсын хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх зарчмыг тууштай баримтлан ажиллана. 

Бид хүн амыг чанартай, аюулгүй хүнсээр бүрэн хангах, хөдөө аж ахуйн салбарт техник технологийн дэвшил, инновацийг нэвтрүүлэн, хөдөлмөрийн бүтээмж, өрсөлдөх чадвар, бүтээгдэхүүний гарцыг дээшлүүлнэ. Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний гадаад зах зээлийг тэлэх, экспортыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг эрчимтэй татна...