Алтан сарнайн эзэд амжилт дүүрэн явдаг

2016/01/05 16:13 2654

Он солигдох мөчид болдог “Алтан сарнай 2015” арга хэмжээ ёслол төгөлдөр боллоо. Дээрх арга хэмжээнд УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ “Алтан сарнай” оны тэргүүн наадам 15 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулагдаж байна. Энэхүү арга хэмжээ тухайн жилдээ улс орныхоо хэмжээнд эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан, эх орноо дэлхий дахинд цуурайтуулсан алдартай залуучуудыг “Алтан сарнай”-гаар шагнаж урамшуулдаг уламжлалт сайхан наадам юм. “Алтан сарнай”-н эзэд салбар бүртээ амжилттай явж байгаа хэмээн онцлов. 2015 он улс орны эдийн засаг доройтож, иргэдийн амьдрал сайнгүй байгаа ч гэсэн ард олон маань тэсвэртэй, тэвчээртэй, хүлээцтэй хандан нийгмийн зүтгэлтэн, улс төрчдөд ихийг ухааруулсан, сургамж хайралсан он жил улиран одож байна. 2016 он бол олон тэгш ой тохиох онцлог жил болно. 20 дугаар зуунд Монгол орныг дархлан бүтээсэн МАН-ын түүхт 95 жилийн ой тохиох түүхэн жил болно. Мөн 2016 он бол хүний хөгжил, Монгол улсын тусгаар тогтнолын асуудлыг төрийнхөө бодлогын төвд тавьсан, шинэ төр засгийг эмхлэн байгуулах, шинэ сонголтын жил болно. Энэ сонголтонд Монголын ард түмэн ялалт байгуулах учиртай. Ялалтын үр шимийг ард түмэн хүртэх ёстой. Эх орноо, эдийн засгаа дахин сэргээхийн төлөө хамтдаа зүтгэцгээе. Та бүхэндээ шинэ жилийн мэнд хүргэж, шинэ амжилт хүсье гэжээ.