М.Энхболд: Засгийн газрыг дагаад савлаад байвал УИХ-ын үйл ажиллагаа доголдоно

2014/11/04 19:43 764

МАН-ын дарга М.Энхболдтой ярилцлаа.

 -Эдийн засгийн хямралтай засаглалын хямрал давхацсан энэ үед намууд зөвшилцлийн ширээний ард суух хэрэгтэй гэж их ярих боллоо. Ер нь хэр оновчтой шийдэл юм бэ. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

 -Үндэсний зөвшилцөл хийх хэрэгтэй. Бид тодорхой хүрээнд тодорхой сэдвээр ярилцаж байхаар 8-9 сэдвийг хөндөж, улс төрийн цөөнгүй намын удирдлага, төлөөлөл оролцсон уулзалтыг хэд хэдэн удаа зохион байгуулсан.

Харамсалтай нь энэ арга хэмжээнд засгийн эрх барьж байгаа АН хойрго ханддаг, ач холбогдол өгдөггүй. Нэг удаа ирэхдээ зохион байгуулагчдыг шүүмжилсэн байдалтай ханддаг байсан. Харин засаг төрийн үйл ажиллагаа өнөөдөр доголдоод ирэхээр үндэсний зөвшилцлөөр энэ хямралт байдлыг даван туулах санал, санаачилгыг гаргаж байна. УИХ-ын гишүүд ч энэ талаар ярилцаж эхэлсэн.

Ингэхдээ засаг төрийн хямралтай байдлаас гарахын тулд хууль санаачлах талаар ярьж байгаа. Үүнийг би хувьдаа зөв гэж үзэхгүй. Ямар нэгэн асуудал тулсан, тулгарсан үед түүнийг зохицуулах гэж, тэнд байгаа бэрхшээлийг алга болгох гэж нэг асуудалд зориулсан хууль гаргана гэдэг зөв зүйтэй алхам биш. Монгол Улсад засаглалын хямралт байдал бий болчихлоо. Хууль тогтоох дээд байгууллага энэ асуудалд нухацтай хандах ёстой. УИХ Засгийн газрын хямралт байдлыг дагаж савлаад байвал үйл ажиллагаа нь доголдоно.

Наад зах нь хуулийн хугацаатай, цаг нартай асуудлыг хэлэлцэх хугацаа нь өнгөрчихөөд байхад УИХ дотор байгаа хамгийн гол буюу Төрийн байгуулалтын байнгын хороо хуулиа мөрдөхгүй байна. Хэлэлцэх асуудлынх нь 14 хоногийн хугацаа өнгөрчихөөд байхад Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж эхлээ ч үгүй байх жишээтэй. Энэ асуудлыг хэлэлцэж эхлэхгүй байна гэдэг нь төр, засгийн хямралт байдал буюу гацаанаас гарах санал санаачилгыг эрх баригчид гаргахгүй нь, үүнд ямар нэгэн байдлаар санаа зовсон шинжгүй байна гэсэн үг.

Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж эхлээ ч үгүй байна

Гагцхүү “Бидний хийж байгаа зүйл зөв” гэсэн хандлагатай байгаагийн илэрхийлэл гэж бодож байна. Гэтэл үнэн хэрэгтээ иргэдийн амьдрал, төр засагт итгэх итгэл сүүлийн хоёр жилд аажим аажмаар суларч байна. Өнөөдөр хүмүүсийн дийлэнх хувь нь энэ Засгийн газарт итгэлгүй болчихжээ. Тухайлбал, иргэдтэй уулзаж явахад УИХ-ын нэр бүхий 28 гишүүний өргөн барьсан Ерөнхий сайдыг огцруулах бичгийг дэмжих хүн олон байна.

 -Үндэсний зөвшилцөл хийх хэрэгтэй гэж ярихаар Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулах нь гэж ярьдаг. Мэдээж үүний цаана МАН засагт орох нь гэсэн хардлага ч дагалддаг л даа?

 -Би дахин хэлье. Аливаа асуудал үүсэхээр түүнд зориулж хууль гаргана гэдэг хууль тогтоох байгууллагын зарчим биш. Нэг нам, эсвэл компани юмуу, үйл явдалд зориулж хууль гаргана гэдэг зохимжтой хувилбар биш. Би Ерөнхий сайд байхдаа Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулан ажиллаж байсан. Одоогоос 7-8 жилийн өмнө гэсэн үг л дээ. Тэр үед парламентад суудалтай зургаан нам байсан. Үүнээс таван нам нь нийлж, Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулж байсан.

Гэтэл одоогийн эрх баригчид “Бид үндэсний эв нэгдлийн Засгийн газарт орж ажиллахгүй” гэдэг байр суурийг илэрхийлж байсан. Энэ бол тухайн үед хууль тогтоох дээд байгууллага болон засаглалын хүрээнд үүссэн хямралт байдлаас гарахын тулд хуульчлаагүй буюу Засгийн газрын тэргүүнээр сонгогдсон хүний хувьд гаргасан санал санаачилга байсан юм. Харин тэр саналыг парламентын намууд дэмжээд л явсан хэрэг. Гэтэл одоо заавал хуульчлах гээд байгааг би хувьдаа ойлгохгүй байгаа.

 -Эдийн засаг хүнд байгаа учраас 3.5 тэрбум ам.долларыг гадны зах зээлээс босгох хэрэгтэй гэдгийг эрх баригч намын зарим гишүүн ярьж байгаа. Тиймээс ойлголцолд хүрэхийн тулд УИХ дээр гуравны хоёрын босго давах ёстой. Харин МАН-ынхан дэмжиж байж асуудал цаашаа явна гэдгийг ч хэлээд байгаа?

 -Дахин хэлэхэд үүнийг хуульчлах гээд байгаа нь зөв зүйтэй алхам биш. Магадгүй шинэ Ерөнхий сайд гарч ирээд ийм санал санаачилга гаргахыг үгүйсгэхгүй. Ер нь МАН Засгийн газарт орох гээд ч юмуу эсвэл, Засгийн газарт ороогүйдээ өсөрхөж хонзогноод ч юмуу ийм асуудал боссон юм огтхон ч байхгүй.

Үүнийг олон нийт зөв ойлгох хэрэгтэй. МАН-ынхан хөдөө орон нутаг болон дүүргүүдэд ажиллаж байна. Өнөөдөр /өчигдөр/ Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа. Энэ үеэр хүмүүс санаа оноогоо хэлж байна. Хүмүүсийн ярьж хэлж байгаа бүх үгийг эрх баригчид жаахан ч гэсэн бодох хэрэгтэй юм. Үнэхээр хүмүүсийн амьдрал амаргүй буюу хүнд нөхцөлтэй болчихлоо.

Тухайлбал, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ сүүлийн хоёр жилд тогтмол өслөө. Нэг ч барааны үнэ тогтвортой байсангүй. Доод тал нь 15, дээд тал нь 60 хувиар өссөн байх жишээтэй. Энэ нөхцөл байдалдаа үнэлэлт дүгнэлт өгч, засаг төрийн эрх барьж байгаа нөхдүүд хүнд байдлаас гарахын тулд тодорхой оновчтой алхам хийх ёстой гэдэг шаардлагыг л бид хэлж байгаа. Үүний тулд АН, “Шударга ёс” эвсэлтэйгээ ойлголцож илүү чадал, мэдлэг, боловсролтой хүмүүсээ гаргаж ирэх хэрэгтэй. Ингэснээр төр, засгийн үйл ажиллагааг цааш нь зөв замаар авч явах хэрэгтэй байна.

 -Сөрөг хүчний зүгээс намрын чуулганы үр дүнг хэрхэн харж байгаа вэ. Улс орны эдийн засаг хүндэрчихээд бодлогын гол асуудал руугаа орсонгүй. Зөвхөн сандал суудал, эрх мэдэл гэсээр хамаг цагаа барж байна гэдэг шүүмжлэл их байна л даа?

 –Ер нь энэ намрын чуулган эхлэхээсээ маргаан дагуулж байна. Энэ нь бодож тооцож төлөвлөөгүй бүтцийн өөрчлөлтийн асуудлыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг оруулж ирсэнтэй шууд холбоотой. Есдүгээр сарын эхээр МАН-ын бүлэг эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх “ЭЗЭН100” хөтөлбөрийн дүгнэлтийг хийнэ гэсэн зар тарангуут Засгийн газрын тэргүүн сандарчихсан.

Ингэж тэвдэнгүүтээ “Засгийн газартаа бүтцийн өөрчлөлт хийнэ” гээд олон нийтэд мэдэгдчихсэн шүү дээ. Миний хувьд нэг бус удаа байнгын хорооны хуралдаан дээр Ерөнхий сайдад хандан хэлж байсан. “Бүтцийн өөрчлөлтийг хийдэг цаг чинь биш. Өвс ногоо, тариа будаагаа хурааж, өвөлжилтийн бэлтгэлээ хангах цаг чинь шүү” гэж. Угтаа төр, засаг намрын улиралд хийдэг тогтсон ажилтай, Засгийн газар ч орон нутагт зохион байгуулдаг тодорхой ажилтантай. Гэтэл энэ мэдэгдлээс болоод аль аль нь алдагдаж байна шүү дээ.

 -Ирэх оны төсвийг хэлэлцэж байна. Гишүүдийн зүгээс янз бүрийн байр суурь илэрхийлж байгаа ч МАН-ынхан ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаа. Харин таны байр суурь ямар байгаа вэ?

 -Улсын төсвийг өргөн барьсны дараах сар гаруйн хугацаанд бид шаардаж байж нэг удаа буцаасан. Ингээд бидний хэлсэн засваруудыг хийгээд дахин оруулж ирсэн. Одоо бид хуулиар хоёр долоо хоногийн дотор улсын төсвийг хэлэлцэж батлах ёстой. Анхны хэлэлцүүлэг нь л явсан байна. Үүний дараа гурван ч хэлэлцүүлэг хийх ёстой. Энэ бүгдэд анхаарал хандуулж ажилламаар байгаа юм. Эрх баригчид энэ талаар хэлж, ярьж байгаа УИХ-ын гишүүн бүрийн санал тус бүрийг бодож боловсруулж, асуудалд бодитой хандах нь чухал.

Ер нь эрх баригчид МАН-ын гишүүдийн хэлсэн ярьсны эсрэг байх ёстой гэж кнопдсоор байтал энэ улс орон чинь маш эвгүй байдалтай болох гэж байна. Хамгийн сүүлийн жишээ татахад, манай намын гишүүн Ч.Хүрэлбаатарын байнгын хороон дээр гаргасан саналыг сөрөг хүчний гишүүн гэдэг утгаар “Энэ саналыг унагаах л ёстой” гэсээр байгаад унагачихсан.

УИХ-ын гишүүн бүрийн санал тус бүрийг бодож боловсруулж, асуудалд бодитой хандах нь чухал

Гэтэл үүний цаана хувийн өмчийн сургууль, цэцэрлэгүүдэд төрөөс дэмжлэг үзүүлдэг бүх үйл явц2015 онд зогсох байдалтай болж байна. Энэ юуг харуулж байна гэхээр хэн юу хийж байсан, ямар дадлага туршлага байна гэдгийг харах хэрэгтэй нь харагдаж байгаа юм. Нэг ёсондоо асуудалд авах гээхийн ухаанаар хандах шаардлагатай байна.

UNEN.mn