М.Энхболд: МАН Засгийн газарт орох санаа агуулаагүй

2014/11/04 19:39 916

МАН-ын дарга М.Энхболд цаг үеийн асуудлаар дараах тайлбарыг өгсөн юм. 

-УИХ-д суудалтай намууд нэгдэж, Үндэсний эв нэгдлийн засгийн газрыг байгуулах тухай яригдаж байна. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?

Засаг төрийн үйл ажиллагаа доголдоод ирэхэд Үндэсний зөвшилцөл гэж Монголын улс төрийн намуудын ярьж байсан асуудлыг улстөрчид гаргаж, санал санаачилга дэвшүүлж байх шиг байна. УИХ-ын хэмжээнд Засаг төрийн хямралтай байдлаас гарах хууль батлах тухай ч ярих боллоо. Би үүнийг зөв гэж бодохгүй байгаа.

Ямар нэг асуудал тулгарсан үед түүнийг зохицуулах, тухайн бэрхшээлүүдийг арилгах гэж хууль гаргах нь зөв зүйтэй зүйл биш. Монгол Улсад засаглалын хямрал бодитоор нүүрлэлээ. УИХ энэ байдалд нухацтай хандах хэрэгтэй.

Аливаа нэг асуудал үүсэхэд түүнд зориулж хууль гаргах нь зохимжгүй. 

Засгийн газрын хямралт байдлыг дагаж давхиад байвал хууль тогтоох үйл ажиллагаанд ч доголдол гарахыг үгүйсгэхгүй. Наад зах нь Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх хуулийн хугацаа өнгөрч, 14 хоног нь болчихоод байхад хэлэлцэж эхлээгүй л байх жишээтэй. 

-Үндэсний эв нэгдлийн засгийн газар байгуулах тухайд ямар бодолтой байна вэ? 

Аливаа нэг асуудал үүсэхэд түүнд зориулж хууль гаргах нь зохимжгүй. Бид 7-8 жилийн өмнө Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулж байсан. Парламентад суудалтай зургаан намын тав нь нэгдэж, Үндэсний эв нэгдлийн засгийн газрыг байгуулсан.

Одоогийн эрх баригчид тухайн үед Үндэсний эв нэгдлийн Засгийн газарт орж ажиллахгүй гэж байр сууриа илэрхийлсэн. Тэр үед Засаглалын хүрээнд үүссэн хямралт байдлаас гарах гарц нь гэж харж, түүнийг намууд дэмжсэн хэрэг. Одоо энэ асуудлыг заавал хуульчлах гээд байгааг би ойлгохгүй байна.

-МАН энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

Шинэ Ерөнхий сайд томилогдоод энэ асуудлыг тавьж магадгүй. МАН-ынхан Засгийн газарт орох гээд, хоёр жил Засгийн газарт ороогүйдээ өсөрхөж, хонзогноод байгаа юм алга. Үүнийг зөв ойлгох хэрэгтэй. Манай намынхан хөдөө орон нутагт их ажиллалаа.

Бид ард түмний амьдралтай танилцаж, тэдний дуу хоолойг л хүргэж байгаа юм. Одоо дүүргүүдэд ажиллана. Өнгөрсөн долоо хоногт Баянзүрх, энэ долоо хоногт Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж байна.

Өргөн хэрэглээний 28 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийг судлаад үзэхэд үнэ нь нэмээгүй нэг ч бараа алга. 15-60 хувиар үнэ өссөн. Энэ нөхцөл байдалдаа үнэлэлт дүгнэлт өгч, засаг төр барьж буй хүмүүс шийдвэрлэх алхмыг хийх ёстой гэсэн шаардлага тавьж байна. Засахын тулд тодорхой хариуцлага тооцох ёстой.

Ардчилсан нам, “Шударга ёс эвсэл”-тэйгээ нягт хамтарч, илүү мэдлэг, чадвартай хүмүүсээ гаргаж, төр засгийн үйл ажиллагааг цааш нь авч явах нь зөв гэж үзэж байгаа. 

Өглөөний сонин