М.Энхболд: Нэр дэвшигч нь 99.99 хувиар ялдаг сонгуулийн хуучин систем рүүгээ орчих вий дээ

2014/10/22 19:28 798

М.Энхболд: Нэр дэвшигч нь 99.99 хувиар ялдаг сонгуулийн хуучин систем рүүгээ орчих вий дээ

МАН-ын дарга М.Энхболд сүүлийн үед олны анхаарлыг татаж байгаа АН, МАХН-ын хамтран ажиллах 10 жилийн хугацаатай гэрээний талаар байр сууриа хэвлэлд товчхон илэрхийлжээ.

Тэрбээр гэрээний тухайд асуусан сэтгүүлчийн асуултад "Хоёр жилийн дотор улсын эдийн засгийн хүүдийний амыг доош нь харуулаад сэгсэрчихсэн хоёр нам ээлжит улс төрийн шоугаа хийж байна гэж гадуур их шуугиж л байна. Гэрээний үр дүнд АН-д үнэт зүйл гэдэг юм л огт байхгүй болчих шив дээ" гэж хариулжээ. Мөн цааш нь "Ер нь хоёр нам сонгуульд нэр дэвшигчээ хооронд нь уялдуулж зохицуулж нэр дэвшүүлнэ гэдэг бол сонгуулийн ардчилал Монголд байхгүй болсны илэрхийлэл. АН-ынхан "20 жилийн өмнө бид Монголд жинхэнэ ардчилсан сонгуулийг авчирлаа" гэж тунхаглаж ярьдаг байсан бол өнөөдөр энэхүү эрхэм үнэт зүйлээ өөрсдийнхөө гараар үгүй болгочихлоо.

Удахгүй нэр дэвшигч нь 99.99 хувиар ялдаг сонгуулийн хуучин систем рүүгээ орчих вий дээ. Улс төрийн намууд бол үзэл бодол дээр суурилсан хөгжлийн бодлогоор өрсөлддөг улс төрийн байгууллага. Сонгуулийн өмнө буюу сонгуулийн үр дүнгээр хийх ажил, зорилтоо тодорхойлж хамтарч ажиллах явдал улс төрийн намуудад байдаг л үзэгдэл. Харин 10 жилийн хугацаанд хамтарч ажиллана гэдэг бол улс орны хөгжлийн төлөө үзэл бодлоороо уралдаж өрсөлдөх зүйл огт үгүй болохын эхлэл.

Өөрөөр хэлбэл, нэг нам шиг нэг гэрт орж, бие биедээ ууссанаас ялгаа юу байхав. Энэ утгаараа АН, МАХН нэгдэж байна гэж ойлгож байгаа. Хуучин цагт жижиг нь том руугаа уусан ордог байсан бол одоо цаг үе өөр болсон. Одоо том толгойтой нь жижиг толгойгоо уусгадаг цаг болсон" гэж хэлсэн байна. 

Мөн хоёр намын гэрээнд тусгагдсан намуудын өмчтэй холбоотой асуудлаар МАН-ын дарга М.Энхболд "Нийслэлийн өмчөөс тасалж авсан Соёлын төв өргөөний дэргэдэх гурван давхар байраа яагаад балгас болгосон тухайгаа АН-ын нийт гишүүддээ тайлагначихаад хүний байшин руу өнгөлзөж бай гэж хэлмээр байна" гэжээ. 

Info.mn