Мэндчилгээ

2014/10/01 19:05 722

Мэндчилгээ

Эрхэм хүндэт ахмадууд аа

Өмнөх үеийн түүхийг бүтээлцэж, өнөөгийнхний өмөг түшиг болж яваа азай буурлууд та бүхэндээ Монголын ахмадын өдрийг тохиолдуулан Монгол Ардын Намын мянга мянган гишүүд, дэмжигчдийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Ахмадууд маань улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжил дэвшлийн төлөө амь биеэ үл хайрлан тэмцэж, хөлс хүчээ харамгүй зориулж ирсэн зүтгэлтнүүд, өнөө үеийнхний өөдөлж дэвжихийн үндэс суурийг тавьж өгсөн гавьяатнууд, шинэ үеийнхнийг удам угсаа, өв соёлоо залгамжлагчид болгон өсгөж хүмүүжүүлсэн буянтнууд билээ.

Иймээс ахмад настнууддаа ачлал үзүүлэх ариун ёсны үүднээс төр засаг та бүхэнд хайр хишиг харамгүй хүртээх ёстой.

Манай намаас ахмад настны талаар ийм байр суурь, зарчмыг баримталж ирсэн, цаашид ч баримтлах болно.

Манай нам засгийн эрхийг барьж ирсэн бүхий л хугацаандаа ардчилал, шударга ёсыг тогтоох, иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэхийн төлөө ямагт хичээн зүтгэж ирснийг өнгөрсөн түүхийн гэрч болсон ахмадууд  маань сайн санаж байгаа.

Монгол Ардын Нам ахмадуудынхаа тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттай нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлж ирсний зэрэгцээ байгалийн баялгаас ахмадууддаа эхний ээлжинд хишиг хүртээх арга хэмжээг эхлүүлсэн билээ.

Нөгөө талаар ахмад настны эрүүл мэндийг хамгаалж урт наслуулах, ая тухтай амьдруулах, тэднийг нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах, эзэмшсэн мэдлэг ур чадварыг нь хойч үедээ өвлүүлэн үлдээх зэргээр нийгэмд эзлэх байр суурийг нь бэхжүүлэх шаардлага урьд урьдаас илүү чухлаар тавигдаж байна үүнтэй холбогдуулан манай намын УИХ дахь бүлгийн гишүүд “Ахмад настны талаар төрөөс баримтлах бодлого” –ын төслийг санаачлан боловсруулаад байна. Түүнчлэн ахмад настанд үйлчлэх тусгай зориулалтын эмнэлэг, сувилал, асрамжийн газруудын хүрэлцээг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн даатгалаас тэдний авсан эмнэлгийн тусламж үйлчилгээнд хангалттай санхүүжилт олгох, төрийн хөрөнгөөр орон сууц баривал тодорхой хэсгийг нь  ахмад настанд эзэмшүүлдэг болох, орон сууцны зээл авах боломж бүрдүүлэх зэрэг ахмадуудын өмнө тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэх арга замуудыг тусгалаа.

Төрөөс ахмадын талаар баримтлах бодлого батлагдсан нөхцөлд түүнийг хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчин, эдийн засгийн баталгаа хэрэгтэй болно. Тиймээс манай намын УИХ дахь бүлгийн гишүүд санаачлан Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийг шинэчлэх, холбогдох бусад хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулаад байна.

Эдгээр хууль, бодлогын баримт бичгүүд батлагдсанаар ахмадуудад маань өмнөхөөсөө илүү дэмжлэг үйлчилгээ авах боломж бололцоо нэмэгдэж тэдний өмнө тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэхэд чухал алхам болно гэж үзэж байна.

Та бүхний төлөө, та нартайгаа хамтдаа санаж сэдэх, санаачилж хийх ажил олон байна. Монгол ардын нам ахмадаа дээдэлж, залуусаа дэмжиж, өнгөрсөн, одоо, ирээдүйн гурван үеийн залгамж холбоог бат бэх байлгахын төлөө өөрөөс хамаарах бүхнээ хийх болно.

Монголын ахмадын өдрийг тохиолдуулан Та бүхэн эрүүл энх байж, урт удаан насалж, аз жаргалтай сэтгэл хангалуун амьдрахын өлзийтэй ерөөлийг дахин дэвшүүлье.

 

МАН-ЫН ДАРГА                                    М.ЭНХБОЛД

Nam.mn