М.Энхболд "Майдар Эко хот" төлөвлөлтийн багийнхныг хүлээн авч уулзлаа

2014/09/08 18:47 689

Улсын Их Хурлын дэд дарга, Монгол Ардын Намын дарга М.Энхболд өнөөдөр /2014.09.05/ "Майдар эко хот" төлөвлөлтийн багийн удирдагч, ерөнхий архитектор Штефан Шмиц тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын үеэр төслийн менежментийн багийнхан энэхүү шинэ хотын төлөвлөлтийн ажлын явцын талаар танилцуулсан юм.

Богдхан уулын өвөрт байрлах “Их майдар” бурханы бэлгэдэлтэй “Майдар эко хот"-ыг 110 гаруй мянган га талбайтай, 300 мянган хүн амтай байхаар төлөвлөжээ. Уг хотын дэд бүтэц болон ерөнхий төлөвлөгөөг Герман улсын архитекторууд гүйцэтгэж байгаа бөгөөд ирэх арваннэгдүгээр сард төлөвлөлтөө Монголын талд хүлээлгэн өгөхөөр болжээ. Тэд хотыг төлөвлөсний дагуу хөгжүүлэхэд хоёр талын хүчин чармайлт, оролцоо чухал байгааг онцлов.

Ялангуяа Майдар эко хотыг жишиг төсөл болгож, Германы талаас техник технологи, боловсон хүчний хувьд туслахад бэлэн байгаагаа илэрхийлсэн.

Тэд хотыг төлөвлөсний дагуу хөгжүүлэхэд хоёр талын хүчин чармайлт, оролцоо чухал байгааг онцлов.

Мөн яваандаа зарим улс орнууд шиг төр захиргааны байгууллагуудаа энэ хот руу шилжүүлж Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах боломжтойг ч тэд хэлж байлаа.  Улсын Их Хурлын дэд дарга  М.Энхболд Төв аймгаас хоёр удаа УИХ-д сонгогдсоны хувьд эко хот байгуулах ажлыг дэмжиж буйгаа илэрхийлээд шинэ хотыг байгуулахаасаа өмнө төлөвлөлтийг нь сайн хийх нь маш чухал. 1986 онд Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөлтийг 680 мянган хүн амтай байхаар тооцож төлөвлөсөн.

Гэтэл одоо нийслэлийн хүн ам 1.2 сая орчим болсон. Миний хувьд Улаанбаатар хотын даргаар ажиллаж байхдаа хотын дөрөв дэх ерөнхий төлөвлөгөөг удирдан ажиллаж байсан.

Аялал жуулчлал, бизнесийг хөгжүүлэх олон салбар бий болговол хот илүү хөгжих боломжтой. Майдар эко хотыг Америкийн Нью-Йорк, Японы Саппоро хот шиг төлөвлөлттэй болоосой гэж хүсч байна" гэв. Мөн УИХ-ын зүгээс дэмжих асуудал байвал санаачлагатай ажиллах болно гэдгээ илэрхийллээ.

Тэрээр 2012 онд Шадар сайдаар ажиллаж байхдаа  энэхүү шинэ хот орчимд 25 км зам барих ажлыг санаачилж байжээ.

Хэвлэл мэдээллийн алба: УИХ