М.Энхболд: Чуулган төлөвлөсөн ажлынхаа гуравны нэгийг л хийлээ

2014/07/08 17:16 886

УИХ-ын 2014 оны хаврын чуулган өндөрлөсөнтэй холбогдуулан УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболдтой ярилцлаа.

-Удахгүй Үндэсний их баяр наадам болох гэж байна. Өнгөрсөн жил баяр наадмыг тэмдэглэхдээ Ардын хувьсгалын 92 жилийн ойг дурсаагүй өнгөрсөн санагдаж байна. Ер нь наадмын зардал, бэлтгэл ажил хэр байна вэ?

-Хэдхэн хоногийн дараа Үндэсний их баяр наадмаа тэмдэглэх гэж байна. Танай сониноор дамжуулан ард иргэддээ Монголын тулгар төр байгуулагдсаны 2223 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлье.

Одоогоос 93 жилийн тэртээ жанжин Сүхбаатар тэргүүтэй эрэлхэг хөвгүүд нэгдэж МАН-ыг үүсгэн байгуулж эх орныхоо тусгаар тогтнолын төлөө тэмцэж, Ардын хувьсгалыг ялалтад хүргэн Монгол Улс тусгаар тогтнолоо олж, ард иргэдээ харийн дарлалаас чөлөөлсөн түүхтэй. Ардын намын эрэлхэг хөвгүүдийн гавьяа, Ардын хувьсгалын үр дүнг манай ард түмэн, хойч үеийнхэн хэзээ ч мартах ёсгүй түүхэн үнэн билээ.

Сүхбаатарын талбай

Сүүлийн жилүүдэд эрх баригчид Үндэсний их баяр наадмын нэрээс Ардын хувьсгалын ой гэснийг хасах, жанжин Сүхбаатарын талбайг Чингисийн талбай гэж нэрлэх зэргээр түүхийн үнэнийг мушгин гуйвуулах оролдлого хийж байгааг ард иргэд шүүмжлэх боллоо.

Нар, хур тэгширсэн сайхан зун болж бид Үндэсний их баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэхээр бэлтгэж байна. Өнөө жилийн наадмыг тэмдэглэхэд 2.2 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөж байгаа бөгөөд наадмын бэлтгэл ажил хэвийн явагдаж байна.    

-Наадмаар тав хоног амрах асуудлыг та эсэргүүцэж байсан. Ялангуяа улс орны эдийн засгийн нөхцөл байдал тийм ч сайнгүй байгаа энэ эгзэгтэй цаг үед УИХ-ын гишүүд асуудалд ажил хэрэгч байдлаар хандах ёстой гэж олон нийт харж байгаа?

-Үндэсний их баяр наадмаар тав хоног амрах боллоо. Энэ асуудлыг шийдвэрлэхдээ УИХ-ын гишүүд жилийн ажлын болон амралт, баяр ёслолын өдрүүдийн баланс, тэнцвэрийг хангах талаар сайн судлах ёстой байсан.

-Зарим баяр ёслолын өдрүүдээр заавал амрах ёстой юу?

Манай ажиллагсадын хөдөлмөрийн бүтээмж ямар байгаа билээ зэрэг асуудлыг харгалзан үзэх учиртай. Улс орны эдийн засаг сайнгүй байгаа үед УИХ-ын гишүүд хариуцлагатай ажил хэрэгч байдлаар хандах ёстой гэсэн таны асуулттай санал нэг байна. Яг энэ үндэслэлээр би эсрэг саналтай байсан.

-Улсын Их Хурлын хаврын чуулган завсарлалаа. Намрын чуулган хийх ажлынхаа 30 хувийг ч амжуулж чадалгүй мөн л цагаан сар гээд тараад алга болсон. Та үүнд нэлээд шүүмжлэлтэй хандаж байсан. Хаврын чуулганы үр дүнг та юу гэж дүгнэж байна вэ?

-УИХ-ын хаврын чуулган өндөрлөлөө. Чуулганы үр дүнг хангалтгүй гэж дүгнэж байна. Ард иргэд, бизнес эрхлэгчдийн хүсэн хүлээж байсан олон чухал хуулийг баталж чадсангүй.

Засгийн газраас оруулж ирсэн хуулийн төслийн боловсруулалт хангалтгүй байснаас олон хуулийн төслийг УИХ-аас буцаасан. Зарим хуулийн төсөл улс үндэсний эрх ашигт хохирол учруулахаар байсныг УИХ дахь МАН-ын бүлэг, УИХ- ын гишүүд эсэргүүцэж, олон нийтийн шаардлагаар Засгийн газар аргагүйн эрхэнд буцааж татсан.

Ер нь УИХ-ын хаврын чуулганаар 24 хууль батлахаар хэлэлцэх асуудлын жагсаалтад тусгаснаас бие даасан найман хууль баталлаа.

Өөрөөр хэлбэл хийх ёстой ажлынхаа гуравны нэгийг л гүйцэтгээд чуулганаа завсарлуулав.

-Чуулганаар хэлэлцсэн хуулийн төслүүдийн талаар та ямар байр суурьтай байгаа вэ. Ер нь хууль тогтоох дээд байгууллага хэрхэн ажиллаж байна?

-Хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан хуулиудын ихэнх нь нийгэмд хүлээлт үүссэн чухал хуулиуд байсан. Харамсалтай нь эрх баригчид хуулийн төсөл боловсруулахдаа улс орны нийтлэг эрх ашиг, үндэсний аюулгүй байдал, ард иргэдийн санал бодлыг харгалзахгүй, зөвхөн өөрсдийн эрх ашгийг тэргүүн ээлжинд тавьж байгаа нь хууль батлахад ихээхэн хүндрэл бэрхшээл учруулж байна.

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсанаар хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг тодорхой болгосон хэдий ч 2012 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр баталсан Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийг хүчингүй болголоо. Ингэснээр 300 гаруй хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээж, үүнээс ч олон тооны тусгай зөвшөөрөл шинээр олгох үүд хаалгыг нээж өглөө.

Эрх баригчид зарим томоохон ордыг стратегийн ач холбогдол бүхий орд газарт хамааруулж бидний “урт нэртэй хууль" гэгдэх хуулийн хоригоос гаргах арга сэдэж байсныг манай намын бүлэг зогсоож байсан. Үүний нэгэн адил гол усны эх, ойн нөөц бүхий газарт хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эрх нь Засгийн газрын байгууллагуудад нээгдэж байна гэсэн үг. Өрийн удирдлагын тухай хууль Монгол Улсад хэрэгтэй, чухал хууль.

Гэтэл хууль санаачлагч хуулийн нэр томъёо, ДНБ-д эзлэх өрийн хязгаар гэх мэт олон заалтын хувьд өмнө нь Дэлхийн банкны төсөл хэрэгжүүлж, нилээд хөрөнгө, хүч зарж байж боловсруулж баталсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн зүйл заалттай зөрчилдсөн хуулийн төсөл оруулж ирсэн.

Монгол Улсын өр гэсэн олон улсад түгээмэл хэрэглэдэг түгээмэл ойлголтыг өөрчилж зөвхөн засгийн газрын болон аймаг, нийслэлийн өр Засгийн газрын өрийн баталгааг хамруулах болсоноор Засгийн газрын дотоод өр, төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын өр, санхүүгийн түрээс зэрэг өрийн хэрэгслүүд Засгийн газрын өрөнд тооцогдохгүй болохоор байна. Дотоодын хөрөнгө оруулалт бүхий хуулийн этгээдийн зээллэгийн 85 хүртэл хувьд Засгийн газар өрийн баталгаа гаргах зэргээр улсын өрийг нэмэгдүүлэхээр байна.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар улсын өрийн хэмжээ ДНБ-ий 40 хувиас хэтрэхгүй байна гэж заасныг Өрийн удирдлагын тухай хуулийн төсөлд Засгийн газрын өрийн үлдэгдэл ДНБ-ий 70 хувь, Засгийн газрын өрийн баталгааны үлдэгдэл ДНБ-ий 20 хувиас хэтрэхгүй байна гэж заасан нь нийт дүнгээрээ Засгийн газрын өрийг ДНБ-ний 90 хувь хүртэл нэмэгдүүлж, улс орныг өрийн дарамтад оруулах нөхцлийг бүрдүүлэхээр байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Газрын тухай хууль

Газрын тухай хуулийн төсөлд бэлчээрийн газрыг эзэмшүүлэхээр заасан нь уламжлалт нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг манай ард түмний амьдрал ахуйд нийцэхгүй байгааг УИХ-ын гишүүд, олон нийт шүүмжилж байлаа. Хуулийн төсөлд гадаадын иргэнд газрыг урт хугацаагаар (60+40 жил) эзэмшүүлэхээр оруулж ирсэн нь Монгол орны газар нутгийг гаднын иргэнд өмчлүүлэх эрхийг нээж байгаатай агаар нэг болж, Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг зөрчсөн эрсдэлтэй үйлдэл болсон.

Газрын тухай хуулийн төсөлд газрыг хуваарилах эрх мэдэл, үйл ажиллагаанд илүү анхаарч, харин газрыг төлөвлөх, газар зохион байгуулах, хамгаалах, нөхөн сэргээх асуудлууд орхигдсон гэдгийг хэлэх нь зүйтэй. Товчхон дүгнэж хэлэхэд УИХ-ын үйл ажиллагаа хуулийн дагуу явагдахгүй байна. Гол нь УИХ-д олонхи болсон эрх баригчид өөрсдийн эрх ашигт нийцсэн шийдвэр гаргуулах гэж хүч түрж байгаа нь хууль тогтоох дээд байгууллагын ажилд хүндрэл учруулж байна.

-Ер нь өнгөрсөн хаврын чуулганаар хэлэлцэгдэж батлагдсан ч амьдралд хэрэгжихэд учир дутагдалтай эсвэл хэрэгжих боломжгүй хуулийн төслүүд байсан эсэх талаар таны байр суурийг сонсмоор байна?

-Хууль тогтоох байгууллагын хувьд Монгол Улсын Их Хурлаас баталсан аливаа Хууль тогтоомжийн хэрэгжилтийг Засгийн газар хариуцаж зохион байгуулах үүрэгтэй. Өнгөрсөн намрын чуулганаар засгийн газар өргөн барьсан төслөө татан авах, тооцоо судалгаа, боловсруулалтын шаардлага хангахгүй төслүүд санал хураалтаар дэмжигдэхгүй байх нь энэ хаврын чуулганаар давтагдлаа.

Нэгэнт хууль тогтоох байгууллагын босгийг даваад батлагдсан хуулийг одоо хэрэгжихэд учир дутагдалтай, эсвэл хэрэгжих боломжгүй гэж би хариулах нь зохимжгүй юм. Харин Засгийн газраас хуулийг хэрэгжүүлэх ажлыг сайн зохион байгуулах, харин УИХ холбогдох Байнгын хороогоороо дамжуулан хуулийн хэрэгжилтэд хяналт тавих нь зүйтэй.

-Эдийн засгийг идэвхжүүлэх УИХ-ын тогтоолын дагуу Засгийн газраас эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл өргөн барьсан. Аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд саад болж байгаа татварын дарамт, НӨАТ-ын асуудал энэ хуулиар чөлөөлөгдөхгүй юм шиг байна. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-Манай улс 2007 онд “Татварын зарим хууль болон нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай” (Татварын ил тод байдлын тухай хууль), 2008 онд Татварын өршөөлийн тухай хуулийг баталж хэрэгжүүлсэн.

Тухайн үед манай улс татварын багц хуулиудыг шинэчлэн баталсан тул иргэн, аж ахуйн нэгж сайн дурын үндсэн дээр татвар төлөгчөөр бүртгүүлсэн, татвар ноогдох орлого, бараа, ажил, үйлчилгээг татварын албанд мэдүүлсэн тохиолдолд тэдгээрийг хариуцлага болон албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлсөн.

Өршөөлийн тухай хуулиар зарим этгээдийг татварын өр, төлбөрөөс тодорхой хувиар чөлөөлж, эрүүгийн болон захиргааны хариуцлага, ялаас нэг удаа чөлөөлсөн. Олон улсын туршлагаас харахад татварын өршөөлийн хуулийг ойр ойрхон олон гаргах нь үр дүн муутай, нийгэмд хүлээлт үүсгэдэг, шударга бус байдлыг бий болгодог зэрэг сөрөг нөлөө ихтэй байдаг байна.

Энэ удаа Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөл 2007 онд баталсанаас илүү их өргөн цар хүрээ хамарсан, үл хөдлөх хөрөнгийн бүртгэл, гааль, нягтлан бодох бүртгэл болон хөрөнгө орлогын мэдүүлгийг хүртэл хамруулахаар тооцжээ. Ялангуяа Авилгын эсрэг хуулийн дагуу авилгад тооцогдох үйлдлүүдийг энэ хуулийн төслөөр өршөөх, хариуцлагаас чөлөөлөх заалт оруулсан нь нийгэмд эрх баригчид авилгачдыг өөгшүүлж, тэтгэсэн хууль батлах гэж байна гэсэн ойлголт төрүүлж байна.

Авилга авсан төрийн албан хаагчид, эрх баригчид энэ хуулиар өөрсдийн хийсэн гэмт үйлдлээ цайруулах, нуун дарагдуулах гэж оролдлож байна гэж үзэхээс өөр аргагүй юм. Гэтэл эрх бүхий байгууллагын хяналт шалгалтаар ил болсон хэрэг, зөрчил, өр төлбөр, хүү торгууль энэ хуульд хамаарахгүй гэж заасан нь бизнес эрхлэгчдэд учирч байгаа дарамт шахалтыг багасгахад энэ хуулийн төсөл нөлөөлөхгүй нь тодорхой байна.

Хуулийн төсөлд нууцлалын асуудлыг чухалчилж өмнөх онуудын тайлан баланс, хөрөнгө орлогын мэдүүлгийг устгана, эдгээр мэдээллийг нууцлаагүй, хэвлэн нийтэлсэн хувь хүнийг таван сая төгрөг, хуулийн этгээдийг 50 сая төгрөгөөр торгож хатуу хариуцлага хүлээлгэх гэнэ. 2007, 2008 онуудад шинэчилсэн тайлан, мэдээллийг татвар, нийгмийн даатгалын байгууллагууд нууцын журмаар архивлан хадгалж болоод байсан.

Өргөн барьсан хуулийн төсөлд шинээр гаргасан тайлан, хөрөнгө орлогын мэдүүлэг болон нуусан хөрөнгө, орлого, тэдгээрийн эх үүсвэр, үнэ өртгийг нууцлан, нотлох баримт болгож ашиглах, хэвлэн нийтлэхийг хориглохоор тусгаж өмнө онуудын тайлан баланс, хөрөнгө орлогын мэдүүлгийг устгана гэж тусгасан нь эрх баригчид гэмт үйлдлүүд нь олон түмэнд ил болохоос айж, 2016 оны сонгуулиас өмнө ямар ч хамаагүй аргаар холбогдох баримтыг устгах гэсэн санаархал гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл УИХ-аас баталсан эдийн засгийн идэвхижлииг нэмэгдүүлэх тухай тогтоолд заасан бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг сэргээхэд хамгийн том саад болж байгаа эрх бүхий байгууллагаас хийсэн хяналт шалгалтын дарамт, өрийг хэрхэн шийдвэрлэх талаар зохицуулалт хийгдээгүй байна.

-Эдийн засгийг идэвхжүүлэх 100 хоног дундаасаа өнгөрөөд явж байна. Энэ хугацаанд эдийн засаг сэргэсэн, сэргэх нөхцөл байдал бүрдсэн гэж та бодож байна уу. Ер нь үлдсэн хоногууд, цаашдын дүр зургийг та хэрхэн харж байна вэ?

-Засгийн газар эдийн засаг хямраагүй, эдийн засгийн өсөлт хоёр оронтой тоонд гарлаа гэж мэдэгдэж УИХ дахь манай намын бүлгийн удаа дараагийн шаардлагыг үл тоомсорлож байсан. Гэтэл энэ хаврын чуулганы үеэр үнэнд гүйцэгдэж “Эдийн засгийг идэвхижүүлэх арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолыг нэн яаралтай горимоор хэлэлцүүлж батлуулсан.

Монголбанк

УИХ-ын дарга 2014 оны хаврын чуулганыг хааж үг хэлэхдээ Засгийн газар, Монголбанктай хамтран хэрэгжүүлсэн Үнэ тогтворжуулах хөтөлбөр болон төсвийн гадуур хяналтгүй зарцуулсан их хэмжээний хөрөнгө болон төсөв, мөнгөний бодлогын алдаа өнөөгийн ханшийн огцом уналт, эдийн засгийн хямралын гол үндэс болсныг албан ёсоор хүлээн зөвшөөрч, энэ алдаатай бодлогоо засч залруулах арга хэмжээ авах нь зүйтэй гэж Засгийн газар, Монголбанкинд хандаж хэлсэн.

100 хоногийн хөтөлбөрийн хугацаа талдаа орж байхад эдийн засгийн сэргэлт гарахгүй байгааг эрдэмтэн, судлаачид хэлж ярьж байна. Валютын ханш нэг ам.доллар 1830 төгрөг хэвээрээ, өргөн хэрэглээний бараа бүтээгдхүүний үнэ 20-50 хувь өссөн, иргэдийн худалдан авах чадвар 40 хувиар уруудсан хэвээрээ л байна. Монгол Улсын зээлжих зэрэглэл 2012 онд (+В) байсан бол өнөөдөр (-В) болж олон улсын төвшинд хоёр шат буурлаа.

Гадаадын хөрөнгө оруулалт 2014 оны эхний улирлын байдлаар 60 гаруй хувиар буурсан бөгөөд макро эдийн засгийн тогтвортой байдлын үзүүлэлтээрээ манай улс 78 байраар ухарч 130-д бичигдэх боллоо. Монголбанк нэг жилийн дотор гадаад валютын нөөцөөсөө 2.4 тэрбум ам.доллар зарцуулсан хэдий ч төгрөгийн ханш 30 гаруй хувиар суларлаа. Олон улсын Блүүмберг агентлаг ханш нь хамгийн их суларсан мөнгөн тэмдэгтээр монгол төгрөгийг нэрлэж дэлхий нийтэд зарлав.

Засгийн газрын өр сүүлийн нэг жилд хоёр тэрбум 984 сая ам.доллараар нэмэгдлээ. Улсын өр ДНБ-ний 64 хувьд хүрч, хувийн хэвшлийн өрийг оролцуулбал Монгол улсын нийт өр 19.8 тэрбум ам.долларт хүрсэн нь ДНБ-ий 175 хувьтай тэнцэж байна.

Эдийн засгийн хямрал банк, санхүүгийн салбарт нөлөөлж эхлэв. Үндэсний статистикийн хороо болон Монгол банкны тайлангаас харахад энэ эхний таван сарын байдлаар хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 381,2тэрбум төгрөг болж чанаргүй зээлийн хэмжээ 619,7 тэрбум төгрөг болсон нь өмнөх оны мөн үеийнхээс хоёр дахин өссөн байна.

Өр, зээлээс өөр өссөн дэвшсэн зүйлгүй, өмнөх онуудын ололт амжилтаас ухарсан уруудсан гэдэг нь дээрх хэдхэн тооноос тодорхой байна. УИХ дахь МАН-ын бүлэг 2013 оны дөрөвдүгээр сараас эхлэн улс орны эдийн засаг хүндэрч эхэлснийг эрх баригчдад удаа дараа анхааруулж, яаралтай арга хэмжээ авахыг шаардаж ирсэн юм.

Эдийн засгийн хямралыг сөрсөн зөв бодлого хэрэгжүүлж чадахгүй байгаа сайд нартай хариуцлага тооцохыг УИХ-д оруулж хэлэлцүүлсэн боловч эрх.баригчид тухай бүр хамгаалж хаацайлсаар ирсэн билээ.

-Төмөр замын царигийн асуудал сүүлийн үед олны анхаарлын төвд ороод байна. Өргөн нарийн царигийн аль нь Монголд илүү өгөөжтэй вэ?

-УИХ-аас 2010 онд Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг баталсан. Засгийн газар энэ бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх учиртай.

Төмөр зам

Үндсэн төмөр замд холбогдох замууд өргөн царигтай байна. Харин бусад салаа төмөр зам болон экспортын зориулалттай замууд ямар царигтай байхыг Засгийн газар боловсруулж УИХ-аар хэлэлцүүлэхээр дээрх бичиг баримтад тусгасан.

Саяхан Засгийн газраас оруулж ирсэн саналаар урд хөрш рүү экспортод бараа бүтээгдэхүүн гаргах чиглэлийн төмөр замыг нарийн царигтай барих нь эдийн засгийн хувьд ач холбогдолтой, зардал хэмнэнэ гэж үзэж санал оруулж ирсэн. УИХ-ын гишүүд энэ асуудлыг дахин судалж, нэгдсэн ойлголцолд хүрэх нь зүйтэй гэж үзээд түр хойшлуулсан.

-Төсөв хэтэрхий данхайсан талаархи мэдээллийг та бүхэн сөрөг хүчний хувьд ил гаргаж ирсэн. Үүнийг хэрхэн шийдвэрлэх аргуудыг ч бас судалсан байсан. Гэвч нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл төсвөө танах талаар арга хэмжээ авахгүй л байна. Энэ асуудлыг яаж шийдвэрлэвэл дээр вэ?

-Улсын нэгдсэн төсвийн зар- лага сүүлийн жилүүдэд ихээхэн нэмэгдэж байна. 2011 онд 4.9 их наяд төгрөг, 2012 онд 6.0 их наяд төгрөгийн зарлага гаргаж байсан бол 2013 онд 6.6 их наяд төгрөг, 2014 онд 7.2 их наяд төгрөг гаргахаар байна. Төсвийн зарлага ийнхүү өсөхөд Засгийн газрын яам, агентлагуудын тоо, бүтэц, тэнд ажиллагсдын орон тоо данхар болсонтой холбоотой.

“Шинэчлэл” нэрээр 2012 онд 19 яам байгуулж, төрийн албан хаагчдын тоог 13600 хүнээр нэмэгдүүлсэн бөгөөд 2013 онд дахин 6540 хүнээр орон тоо нэмэгдсэн байна. Төсвийн урсгал зардал тогтмол өсч байхад хөрөнгө оруулалтын гүйцэтгэл жилээс жилд багасч байна.

2013 оны гүйцэтгэлээр хөрөнгө оруулалтын санхүүжилт 70 хувьтай гарсан байна.

2014 оны эхний 5 сарын байдлаар хөрөнгийн зардал төлөвлөснөөс 430 гаруй тэрбум төгрөгөөр бага, санхүүжилтийн гүйцэтгэл 37.9 хувьтай гарсан байна.

Улсын Их Хурлаас батлагдсан төсвөөс гадуур Засгийн газар, Монголбанк Үнэ тогтворжуулах хөтөлбөр нэрээр 4.0 их наяд төгрөг, Чингис бондын 1.5 тэрбум ам.доллар, Хөгжлийн банкны 580 сая ам.долларын зээл нийт 7.0 их наяд төгрөгийг төсвөөс гадуур, хяналтгүй зарцуулсан.

Энэ нөхцөлд төсвийн зарлага 13 их наяд төгрөг болж, алдагдал ДНБ-ний 10 гаруй хувьд хүрэхээр байна. Олон улсын валютын сан, Дэлхийн банк зэрэг байгууллагууд төсвөөс гадуурх энэ санхүүжилтийг төсөвт тусгах шаардлагатай гэж  үзэж байна.

Гарах гарц нь төсвийн тэлэх бодлогыг хумих явдал юм. УИХ-аас төсвийн урсгал зардлыг 20 хувиар бууруулах, төсөв хэм- нэх арга хэмжээ авч, төсвийн тодотголыг УИХ-д оруулж ирэх үүрэг даалгаварыг Засгийн газарт өгсөн.

Олон яам, агентлагуудыг нэгтгэж, Засгийн газрын бүтцийг цомхон болгох, төсвийн бараа үйлчилгээний зардлыг багасгах, унаа машин, гадаад, Дотоод томилолт, хүлээн авалт, зочны зардлыг эрс танах хэрэгтэй байна.

Ингэж байж бид эдийн засаг, санхүүгээ эрүүлжүүлэх болно. Хотын захиргааны орон тоо, төсөв өмнөх жилийнхээс бараг хоёр дахин нэмэгдсэн, 25 тэрбум төгрөгийн цалингийн сантай байсан хот өнөөдөр 50 тэрбум төгрөгийг цалингийн санд зарцуулж байна. Өнөө жил зөвхөн хотын цэцэрлэгжүүлэлтэнд 4-5 тэрбум төгрөг зарцуулж байгаа.

-Эдийн засгийн хөгжлийн сайдыг эрх баригчид хамгаалаад аваад үлдчихлээ. Энэ нь хууль зөрчсөн асуудал болж байна уу?

-УИХ бол хууль тогтоох төрийн эрх барих дээд байгууллагаас гадна ардчилсан нийгэмд байдаг зөвшилцлийн хамгийн дээд хэлбэрийн байгууллага. Бусад институтциуд үүнээс зөвшилцөл болон хамтын шийдвэр гаргах үйл явцыг харж үлгэр авдаг гэж би ойлгодог.

УИХ-ын үйл ажиллагаа хар дээр цагаанаар бичигдсэн хуулийн дагуу маш нарийн дэг журамтайг та бүхэн мэднэ. Эдийн засгийн хөгжлийн сайдтай хариуцлага тооцох асуудлыг хамгаалж авч үлдсэн нь илт хууль зөрчсөн үйлдэл мөн.

Би Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр эрх баригчид өмнө хэрэглэсэн муйхар аргаа дахин хэрэглэж байгааг хэлсэн. Нөгөө талаар эдийн засаг, бизнесийн орчин муудаж, валютын ханш, өргөн хэрэглээний барааны үнэ өсөж, иргэдийн аж амьдралын түвшин доройтож байгаагийн цаана олон нийтийн эрх ашиг байгаа гэдгийг эрх баригчид олж харахгүй байна.

-АН-ын эдийн засаг хямарч байгаа нь МАН Засаг барьж байх үеэс үүдэлтэй гэж ярьж байгаа. Та үүнийг хүлээн зөвшөөрөх үү?

-Эрх баригчид өөрсдийн алдаатай бодлогын үр дагавраар эдийн засаг хямарч байгааг өмнөх Засгийн газраас болсон гэж байгаа нь буруугаа бусдад түлхэх гэсэн арчаагүй арга. Манай нам Засгийн эрх барьж байсан 2011 онд ДНБ-ний өсөлт 17.5 хувьд хүрч, төсвийн орлого төлөвлөснөөс 118,3 тэрбум төгрөгөөр давж, улсын валютын нөөц 4.1 тэрбум ам.доллар болсон өндөр өсөлт бүхий тогтвортой эдийн засгийг Шинэчлэлийн гэх энэ Засгийн газарт хүлээлгэн өгсөн билээ.

2011 онд үр тариа 446,1 мянган тонныг хураан авч дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж чадаж байсан. Гэтэл Засгийн газрын алдаатай бодпогын улмаас хоёрхон жилийн дотор манай улсын эдийн засаг, нийгмийн бүхий л үзүүлэлтүүд буурч, эдийн засаг, санхүү хямралд ороод байна.

-АН-ынхан  дотооддоо хагаралтай байгаа ч бүхнээ ил гаргадаг ардчилалтай гэж тайлбарладаг. Харин МАН бол нуугдмал, бугшсан байдаг гэдэг. Үүн дээр таны байр суурь?

-Улс төрийн нам хэмээх олон нийтийн байгууллагын дотоод ардчилал гэж юу юм бэ? Намын болон улс орны ажил амьдралтай холбоотой аливаа шийдвэрийг дотооддоо чөлөөтэй, нээлттэй ярилцаж шийдвэрээ гаргадаг.

Энэ гарсан шийдвэрээ цөөнх хүндэтгэн хэрэгжүүлдэг байх гэж ойлгож байна. Өнөөдөр та бид хүн болгон дуртай юмаа яриад хүссэнээ хийдэг нийгэмд амьдраагүй. Ийм ч боломжгүй. Таны энэ асуултыг МАН, АН бодлого, үйл ажиллагаагаа явуулах зарчмын хувьд ялгаатай гэж харах нь зөв байх.

-МАН ажил хийлгэхгүй байна гэж АН-ынхан шүүмжилдэг. Сөрөг хүчин гэдгээрээ бүх асуудлыг улстөржүүлдэг гэдэг. Энэ дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Би МАН-ын намын даргаар сонгогдоод үйл ажиллагаандаа баримтлах зарчмаа тодорхойлохдоо бид бүтээлч сөрөг хүчин байх ёстой гэдгийг хэлсэн. МАН өнөөдөр нийт сонгогчдын 40 гаруй хувийн төлөөллийг УИХ-д хэрэгжүүлж байна. Бид улс орны эрх ашиг, иргэдийн аж амьдралтай холбоотой асуудалд иргэдийн дуу хоолой болж эрх баригчдийн бодлого, шийдвэрт шүүмжлэлтэй ханддаг.

Үүнд гомдоллох хэрэггүй. Эрх баригчид засаглаж сурах хэрэгтэй. Засаг барьж байхад сөрөг хүчин болгон л шүүмжилдэг. Өнгөрсөн намар болон хаврын чуулганд бид эрх баригчдын олон бодлого, шийдвэрт байгаа алдааг засаж залруулсан. Харин сөрөг хүчний намын бүлгийн гишүүдийн өргөн барьсан хуулийн төслүүдийг хэлэлцдэггүй муухай жишиг манай олонхид байна. Энэ тэднийг муухай харагдуулдаг олон зүйлсийнх нэг гэж бодож байна.

-Чингис, Самурай бондыг үр дүнтэй зарцуулж байна гэж та үздэг үү. Яагаад?

-Монгол Улсын Ерөнхий сайд “Чингис" бондын зарцуулалтын талаар УИХ-д мэдээлэл , хийсэн. Гэвч энэ мэдээллээс УИХ-ын 52-р тогтоол, ҮАБ-ын Зөвлөлийн зөвлөмжөөр өгсөн үүргийг хэрхэн биелүүлсэн нь

Чингис бонд

харагдахгүй байна. УИХ-ын гишүүд уг мэдээллийг шаардлага хангаагүй гэж үзсэн.

Учир нь Чингис бондын хөрөнгөөр хэрэгжүүлж эхэлсэн төсөл, хөтөлбөрүүдийн тендерийн шалгаруулалтыг хэзээ, хаанаас зарласан, хичнээн аж ахуйн нэгж оролцсон, ямар үзүүлэлтээр сонгон шалгаруулсан, ямар компани, аж ахуйн нэгжүүд гүйцэтгэгчээр оролцож байгаа, ажлын явц, үр дүн нь ямар байгаа талаар тодорхой мэдээлэл өгөхгүй байгаа.

Аймгийн төвүүдийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох, нийслэлийн инженерийн шугам, сүлжээ, дэд бүтэц, “Гудамж’’ төсөл, Буянт-Ухаа-1 цогцолбор, ноос ноолуур, оёмол бүтээгдэхүүн, байшин үйлдвэрлэх-, комбинат зэрэг төсөл, хөтөлбөрт 1.3 их наяд төгрөгтэй тэнцэх санхүүжилт олго- сон хэдий ч БОИНГ-767 онгоцноос өөр тодорхой үр дүн гарсан төсөл, хөтөлбөр харагдахгүй байна. Бондын хөрөнгийг бүрэн ашиглаж чадаагүй, Засгийн газар бондын хүүд 120 гаруй тэрбум төгрөг төлсөн мэдээлэл байна.

-Өнгөрсөн хугацаанд МАН засгийн эрхийг барьж байх үед дэлхийн зах зээлээс ихээхэн хэмжээний мөнгө босгож, бүтээн байгуулалт, улс орны хөгжилд бодитой хувь нэмэр оруулах ажлуудыг хийж болох байсан. Одоо бол хийсний араас илүү юм ярьж байна гэх шүүмжлэл МАН руу зүй ёсоор чиглэж ирдэг. Та энэ талаар юу хэлэх вэ?

-МАН Засгийн эрх барьж байхдаа олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл авах, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах, дотоодын компаниуд гадаадын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргах замаар томоохон төслүүдийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх бодлого хэрэгжиж байсан.

2012 оны байдлаар хандивлагч орон, олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас авсан хөнгөлөлттэй зээл 1.9 тэрбум ам.доллар, гадаадын шуудхөрөнгө оруулалт 4,5 тэрбум ам.доллар болж, уул уурхайн томоохон компаниуд хөрөнгийн биржээс олон зуун сая долларын хөрөнгө босгож байсныг манай иргэд сайн санаж байгаа.

Эдгээр хөрөнгө нь улс орны бүтээн байгуулалт, эдийн засгийн өсөлтийг дэмжсэн санхүүгийн чухал эх үүсвэр байсан. “Шинэчлэлийн” гэх Засгийн газар олон улсын зах зээлээс арилжааны нөхцөлтэй, их хэмжээний (2.1 тэрбум ам.долларын) зээл авч, эргэн төлөгдөхгүй, үр ашиг муутай төслүүдийг санхүүжүүлж байгаа нь бидний хэрэгжүүлж байсан бодлогоос тэс өөр, улс орны эдийн засгийг өрийн дарамтад оруулах эрсдэлтэй алхам болж байна.

Хамгийн гол нь хэрэгжүүлэх төслүүд нь бэлэн болоогүй, Энийн нь бэлэн болсон томоохон төслүүд байхгүй байхад их хэмжээний бонд гаргасан нь бодлогын алдаа болсон гэж үздэг.

-Улс үндэстний эрх ашгийг хөндсөн томоохон асуудал дээр нам эвслүүд үндэсний зөвшилцлийн хүрээнд хэлэлцэж нэгдмэл дүгнэлтэд хүрч байя гэсэн уриалгыг та санаачлан, танай намын зүгээс хэд хэдэн удаагийн уулзалтыг зохион байгуулсан. Гэтэл хаврын чуулганы хаалтын хуралдааны үеэр дээр дурдсан томоохон асуудал дээр УИХ, гишүүд зөвшилцөж чадахгүй байна, хүч түрсэн байдлаар хандаж байна гэх шүүмжлэлийг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун хэллээ. Тэгэхээр энэ ажил нэг л үр дүнгээ өгөхгүй байна гэж ойлгож болох уу?

-Манай намын XXVII Их хурлаас үндэсний язгуур эрх ашгийг дээдлэн, улс орны эдийн засаг, нийгмийг тогтвортой хөгжүүлэх асуудлаар улс төрийн нам хүчнүүдтэй зөвшилцөж, хамтран ажиллах тухай гаргасан уриалгыг ажил хэрэг болгохоор миний бие санаачилан Намын дарга нарын төвшинд таван удаа, Ерөнхий нарийн бичгийн дарга нарын төвшинд зургаан удаа уулзалт зохион байгуулсан.

УИХ, гишүүд

Уулзалтуудын үр дүнд үндэсний зөвшилцлийн тогтвортой бүтэц бий болгохоор тохиролцон Тунхаг бичигт гарын үсэг зурсан. Улс төрийн намууд хамтран Үндсэн хуулийн өөрчлөлт төрийн тогтолцооны болон сонгуулийн эрх зүйн орчинг боловсронгуй болгох асуудал, Улс төрийн намуудын тухай хууль, стратегийн томоохон төсөл, хөтөлбөрүүд зэрэг асуудлыг улс төрийн намууд зөвшилцөж шийдвэрлэж байх нь зүйтэй гэж тохирсон.

Зөвшилцөл, харилцан ойлголцол бол улс төрийн соёл юм. Харин олонхи нь цөөнхөө сонсдоггүй, ойлголцдоггүй, үгүйсгэдэг, хүч түрдэг явдал бол өнөөгийн эдийн засагт үүссэн нөхцөл байдалд тодорхой нөлөө үзүүлсэн гэж үздэг.

Ирэх намрын чуулганаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд Улс төрийн намуудын тухай хууль, Сонгуулийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр багтсан болно. Цаашид манай нам Тунхаг бичигт тусгагдсан асуудлаар бусад нам, улс төрийн хүчнүүдтэй зөвшилцөж хамтран ажиллахад бэлэн байгаа.

-Ээлжит сонгууль хаяанд ирэхэд ойрхон болжээ. МАН ирэх сонгуульд хэрхэн бэлтгэж байна вэ?

-Манай нам 2016 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн бэлтгэлийг хангах ажлыг эхэлж байна. Шат шатны сонгууль" нэр дэвших боломжтой хүмүүсийн судалгааг гаргаж, намын гишүүд, иргэдээр нээлттэй хэлэлцүүлж, олон түмний санал, дүгнэлтийг үндэслэн сонгон шалгаруулах ажлыг хийнэ. Намын анхан шатын байгууллагуудыг бэхжүүлж, чадваржуулах, намын гишүүдийг идэвхижүүлэх чиглэлээр нэлээд арга хэмжээ авч байна. Сонгуулийн хууль батлагдсаны дараа сонгуульд бэлтгэх ажил илүү тодорхой болно.

-МАН дангаараа олон жил төр барьж ирсэн гэдэг утгаараа боловсон хүчний тал дээр асуудалгүй гэж харагддаг. Харин ялагдал хүлээсэн, дотроосоо дахин нам төрүүлсэн, жирийн гишүүд, зарим лидерүүд нь намаа орхисон гээд бараан дүр зураг танай намыг хүчгүй харагдуулаад байх шиг. Магадгүй энэ байдал дараагийн сонгуульд нөлөөлөхийг үгүйсгэх аргагүй юм шиг. Харин танд намын даргын хувьд ямар итгэл үнэмшил төрж байна вэ?

-Манай нам бэлтгэгдсэн боловсон хүчний нөөцтэй. Ма-най нам залуу, дунд, ахмад үеийн алтан хэлхээ, залгамж чанарыг хадгалж чадсан улс төрийн ууган хүчин. Намын боловсон хүчний бодлого гишүүд, дэмжигчдээ идэвхижүүлж, тэднийг урамшуулах, намын эв нэгдлийг хангаж, зангидсан гар мэг нэг цул болгоход чиглэж байна. Сонгуулийн ялагдал, талцлын асуудлыг түүхийн хуудаснаа үлдээж урагшаа харж эрч хүчтэй ажиллах цаг болсон.

-2013 оны төсвийн гүйцэтгэлийг Үндэсний аудитын газраас танилцуулсан. Нэлээд зөрчил харагдлаа. Энэ тал дээр таны байр суурь?

-Саяхан Монгол Улсын 2013 оны тайланг УИХ-аар хэлэлцэх үед төсвийн ерөнхийлөн захирагчид батлагдсан төсвийг хэтрүүлэх, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулах нь хэрээс хэтэрсэн талаар тодорхой яригдсан. Үндэсний аудитын газрын болон УИХ-ын Төсвийн зардлагын хяналтын дэд хорооны дүгнэлт гарсан.

Төсвийн ерөнхийлөн захирагчдын 65 хувь нь гадаад томилолтын зардлыг 2.2-558.3 сая төгрөгөөр, 11 төсвийн ерөнхийлөн захирагч гадаад зочны зардлыг 1 тэрбум гаруй төгрөгөөр батлагдсан төсвөө хэтрүүлсэн байна. Засгийн газрын 2007 оны 349 дүгээр тогтоолд зааснаас бусад автомашин унах эрхгүй 222 албан тушаалтан автомашин ашиглаж байгаа нь тогтоогджээ.

Эрх мэдлээ хэтрүүлсэн 222 албан тушаалтан тутамд жилд 3.3 сая төгрөгийн илүү зардал гарсан байна. Төрийн албанд сүүлийн 3 жилд худалдан авсан нэг бүр нь 83 сая төгрөгөөс дээш үнэ өртөгтэй 61 автомашин байгаагийн 51 автомашинийг буюу 84 хувийг нь сүүлийн 2 жилд авсан байна.

Эрх баригчид төсвийн хөрөнгөөр хэрхэн тансаглаж, үр ашиггүй зарцуулж байгаагийн тод жишээ нь энэ. Монгол Улсын 2013 оны төсвийн хуулиар төсвийн ерөнхийлөн захирагчдын үндсэн чиг үүрэгт хамаарах 101 хөтөлбөрийн 304 арга хэмжээнээс 110 нь огт хэрэгжээгүй буюу дутуу хэрэгжсэн байгаагаас үзэхэд 2013 оны төсөв үндсэндээ биелэгдээгүй байна.

Төсвийг хэрэгжүүлж чадаагүй, хууль бус олон данс арилжааны банкуудад нээсэн, зөвшөөрөлгүй автомашин хэрэглэсэн албан тушаалтнуудтай хариуцлага тооцох шаардлагатай гэсэн дүгнэлттэй санал нэг байна.

-Сүүлийн үед Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг тойрсон асуудал нэлээд хурцаар өрнөж байна. Төрийн чухал алба хашиж яваа хүнийхээ хувьд хэрхэн дүгнэн харж байна вэ? Эрх баригч намын бодлого нь гажуудал ихтэй байгаа учраас зарим хүнийг солиод асуудал шийдэгдэхгүй гэдэг нэг өнцөг харагддаг. Та энэ тал дээр ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Асуудал Н.Батбаяр, Х.Тэмүүжин гэдэг хүнийг л огцруулах гээд байгаад юм биш. Хамгийн гол нь төрийн сайдын ажлыг хийж чадахгүй, улс орны эдийн засгийг хөгжүүлэх бодлого боловсруулж хэрэгжүүлээгүй учир эдийн засаг хямарч, ард иргэдийн амьдрал доройтож байгаад асуудал хариуцсан сайдтай нь хариуцлага тооцдог болох, сайд нь ч өөрөө огцрох өргөдлөө өгдөг зарчим тогтоох нь цаашид Монгол төрийн төлөвшилд зайлшгүй чухал асуудал юм.

Улс төрч хүн, төрийн сайдын алба хашиж байгаа хүн төрийн хууль, ёс зүйг эрхэмлэн нэр цэвэр явах учиртай. Төрийн хууль ёс зүйн чанд сахидаг Япон зэрэг орны Хууль зүйн сайд манай Х.Тэмүүжин сайд шиг хэл ярианд орооцолдсон бол шууд огцрох нь тодорхой шүү дээ.

-Та чуулганы завсарлагаанаар ямар ажлуудыг амжуулахаар төлөвлөж байна вэ. Мэдээж тойрогтоо ажиллах байх?

-Чуулганы завсарлагаанаар сонгогдсон тойргийн сумдаар ажиллаж Төв аймгийнхаа иргэдэд УИХ-ын хаврын чуулганы үйл ажиллагаа, баталсан хууль тогтоомжийг сурталчилан таниулах ажлыг зохион байгуулна.

Намрын ургац хураалт

Намрын ургац хураалт, хадлан тэжээл болон өвөлжилтийн бэлтгэл зэрэг цаг үеийн ажлаар аймгийнхаа зарим сумдад ажиллана. МАН-ын даргын хувьд зарим аймаг, суманд ажиллаж намын бодлого, шийдвэрийг сурталчилна. УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх хуулиудтай холбогдуулан эрдэмтэд судлаачид, мэргэжлийн холбоодын төлөөлөлтэй уулзалт, хэлэлцүүлэг хийхээр төлөвлөж байна.

-Төгсгөлд нь бидний асуугаагүй орхисон, таны хэлэхийг хүссэн олон сэдэв, асуудлуудынхаа талаар товч хэлэхийг хүсье!

-Нар, хур тэгширсэн сайхан зун болж бид Үндэсний их баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэхээр бэлтгэж байна. Бөх нь хүчтэй, морь нь хурдан, харваачид нь мэргэн байх болтугай. Та бүхэнд эрүүл, энх, аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөе. Хотол түмнээрээ сайхан наадаарай.

Үндэсний Шуудан