М.Энхболд: Ард түмний 40 хувийн санал авсан сөрөг хүчнээ сонсоорой

2014/06/27 17:15 741

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын 2014 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ.

УИХ-ын хаврын чуулган завсарлуулах хугацаа ойртсон тул намрын чуулганаар хэлэлцэх асуудлаа батлуулахаар шуурхайлж эхэлж буй нь энэ аж. Тодруулбал, ирэх долоо хоногт буюу долдугаар сарын 1-нд УИХ-ын хаврын чуулганыг хаах юм байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр МАН-ын дарга М.Энхболд олонхид хандаж хатуухан үг хэлээд авлаа.

Тэрээр "УИХ дахь МАН-ын бүлгийн 26 гишүүн Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт хариуцлага тооцох асуудлыг өргөн барьснаас хойш сар болох нь. Хуулиараа эл асуудлыг өргөн барьснаас хойш УИХ 14 хоногийн дотор шийдвэрээ гаргах ёстой. Тийм учраас хаврын чуулганы хугацаанд багтааж хэлэлцүүлээрэй.

Гадна талд эдийн засаг, санхүүгийн байдал амаргүй байгаа, олонхиороо хүч түрээд аваад үлдчихнэ гэж бодож байгаа бол таарахгүй шүү.

Сүүлийн үед эрх баригч хүчин , Д.Эрдэнэбат дарга өөрсдөд нь таалагддаггүй асуудлыг чуулган дамнуулж, дэгд байдаггүй арга хэрэглэдэг боллоо. УИХ-ын намрын чуулганыг өнгөрсөн өвөл хоёрдугаар сарын 18-ныг хүртэл хуралдуулах ёстой байсан ч арав хоногийн өмнө буюу нэгдүгээр сарын 30-нд завсарлуулсан. "Давхар дээл"-ийг тайлах хуулийн төслийг шийдвэрлэх болоход завсарлага аваад чуулганыг хаасан.

Уг нь намрын чуулганы хугацаанд УИХ нийт 36 хууль, тогтоолын төсөл хэлэлцэх ёстой байсан ч ердөө 19-ийг л хэлэлцэн, ажлаа ч дуусгалгүй хүчээр хаасан. Одоо яг тэр аргаа хэрэглэх нь.

Нэг аргыг олон удаа хэрэглэх нь улс төрд их муухай харагддаг юм. Үүнийг байнгын хорооны дарга, бүлгийн дарга бодож үзээрэй. Энэ бол УИХ-д суугаа зүгээр нэг 26 гишүүний гарын үсэг биш шүү. Монголын ард түмэн яг энэ шийдвэрийг харж байгаа.

Олон бизнес эрхлэгчид бухимдалтай байна. Иргэдийн амьдрал сайнгүй байна. Гэтэл наадмаар тав хоног амарна, чуулганаа хаанаа гэж хүч түрж болохгүй. Энэ 26 гишүүн Монголын ард түмний 40 хувийн санал авсан гишүүд. Олонх та бүхэн өндөр сэнтийд суучихаад хүнтэй уулзах цаг зав гарахгүй хэцүү байгааг ойлгож байгаа ч  бидний үгийг сонсох ёстой" гэсэн юм.

News.mn