“БИД ХАМТДАА” АЯНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЭЭЖ МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА М.ЭНХБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ

2015/12/02 10:31 2333

Эрхэм журмын нөхөд өө!

            Ардын намаас зохион байгуулах “Бид хамтдаа” аян нь Монгол Ардын Намын ХХVII Их хурлын шийдвэрийн хэрэгжилт, Намын Бага хурлын II хуралдаанаар батлагдсан “Монгол Ардын Намын хөгжлийн дунд хугацааны стратеги /2014-2017 он/” намын хөгжлийн хөтөлбөрийг намын гишүүд, дэмжигчид болон иргэдэд хүргэж сурталчлах, намын бодлого, үйл ажиллагаанд гишүүд, дэмжигчид, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, намын бүх шатны байгууллагуудын үйл ажиллагааг идэвхжүүлэхэд чиглэгдэж байна.

            Монгол Ардын Нам ба ард иргэдийн харилцан ойлголцлыг сайжруулах, харилцаа, хамтын ажиллагааны шинэ хэлбэрүүдийг бий болгох, намын талаарх эерэг дүр төрх, бодол санааг нийгэмд ул суурьтайгаар нутагшуулан, төлөвшүүлэхэд энэ аян чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна.

Аяны хүрээнд иргэд, сонгогчиддоо хүрч очиж, санал хүсэлтийг нь сонсож, тухайн орон нутагт тулгамдаж байгаа асуудлуудыг өөрсөдтэй нь зөвлөлдөж, судалсны үндсэн дээр 2016  оны УИХ-ын болон Орон нутгийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгах нь бодит амьдралд суурилсан, иргэдэд өгөөжтэй байхаас гадна нам, иргэдийн харилцааг бэхжүүлэх, сонгуулийн үеэр иргэдийн дэмжлэг авахад чухал ач холбогдолтой байх болно.

            Монголчууд эрт дээр үеэс “бүгдээрээ хэлэлцвэл буруугүй” хэмээн аливаа асуудлыг олонхиороо хэлэлцэн, шийдвэрлэж ирсэн сайхан уламжлалтай ард түмэн.

Монгол Ардын Намын ХХVII Их хурлаас “улс үндэстнийхээ язгуур эрх ашиг, эв нэгдэл, эх орноо хөгжүүлэхийн тулд” үндэсний зөвшилцлийг эрхэмлэж уриалга гаргасан.

Энэ бүхнийг эш үндэс болгож өнөөдөр бидний өмнө тулгамдаж байгаа асуудлуудаа ард түмэнтэйгээ хамтран хэлэлцэж, бүх нийтийн зөвшилцлийн зарчмаар шийдвэрлэхийг эрмэлзэж энэхүү аяныг зохион байгуулахаар шийдсэн гэдгийг хэлье.

            Энэ зун, намрын 6 сарын хугацаанд Намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, Нарийн бичгийн дарга нар, Удирдах Зөвлөлийн гишүүд, УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүн сайд, дэд сайд нар, намын Бага хурлын гишүүд, Хяналтын ерөнхий хорооны гишүүд, намын Удирдах Зөвлөлийн Ажлын алба, намын дэргэдэх болон дэмжигч төрийн бус байгууллагууд, УИХ дахь намын бүлгийн Ажлын алба, аймаг, нийслэл, сум, дүүргийн намын хороод, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, намын анхан шатны байгууллагуудын идэвхтэн, сонгуультнууд хамтарч бүх хүчээ дайчлан нэгдсэн удирдлага зохион байгуулалттайгаар 21 аймаг, 330 сум, суурин газрууд, нийслэлийн 9 дүүрэг, 152 хороог хамарч, хөдөө орон нутагт малчны хот, тариан талбайд хүрч иргэд, сонгогчидтойгоо уулзаж, санал бодлоо хуваалцаж, үйл ажиллагаагаа сурталчлан таниулж ажиллана.

            Энэхүү аяныг зохион байгуулахдаа орон нутгийн ард иргэдэд хамтач, найрсаг харилцаа буй болгож, иргэдэд хамгийн ойр дотно улс төрийн хүчин гэдгээ нотлон харуулж, сайхан сэтгэгдэл төрүүлж ажиллахыг зоривол зохино.

            Бид хийж буй аливаа зүйлээ тухайн цаг үеийн кампанит ажил болгоод орхих биш, байнгын хамтын ажиллагаа, эргэх холбоонд суурилсан, итгэлцэл ойлголцлыг бий болгоход чиглүүлэх ёстой.

            Нэр дэвшигчээ тодруулах, тодорсон нэр дэвшигчээ олон нийтэд таниулах, сонгогчдод нь ойртуулан дотношуулах, ард иргэдийн сэтгэлд хоногшсон амьд харилцаа тогтооход анхаарах ёстой.

            Иймээс аймаг, нийслэлээс сум, баг, дүүрэг, хороодод аяныг удирдан зохион байгуулах ажлын хэсгийг аймаг, нийслэлийн намын хороод, сум, баг, дүүрэг, хороодод аяныг удирдан зохион байгуулах бүрэлдэхүүнийг тухайн сум, дүүргийн намын хороод шат шатандаа байгуулж, аяныг хэрхэн зохион байгуулах, аль суманд хэзээ ажиллах нарийвчилсан хуваарь, явах чиглэл, бүрэлдэхүүн, үйл ажиллагааны хөтөлбөр зэргээ урьдчилан сайн боловсруулж, ажлаа нягт уялдуулан ажиллах шаардлагатайг хэлье.

Энэ нь гагцхүү намын бүх шатны удирдах ажилтан Та нөхдийн хичээл зүтгэл, ажил хариуцах чадвар, бүтээлч санаачилгатай шууд холбоотой юм.

            Энэхүү аян бүхэлдээ 2016 оны сонгуулийн бэлтгэлийг бүрэн хангахад чиглэсэн, чухал ач холбогдолтой, үр нөлөөтэй арга хэмжээ болно гэдэгт итгэж байна.

            МАН-ын ард түмэнтэйгээ хамтдаа аян булган сүүлтэй байж, их ялалтын буухианы эхлэл, баттай үндэс суурь болох болтугай.

Аяны үйл ажиллагаанд амжилт хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.

 

МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД