Мэндчилгээ

2015/10/05 15:26 706

Эрдмийг түгээн дэлгэрүүлэгч эрхэм хүндэт багш, сурган хүмүүжүүлэгчид ээ,

Боловсролын салбарын нийт ажилтан, албан хаагчид Та бүхэнд Олон улсын болон Монголын багш нарын баярыг тохиолдуулан чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье!

Ухаант өвөг дээдсийн минь “Шавийн эрдэм багшаасаа” хэмээх мэргэн сургаал бий. Монголчууд эрт дээр үеэс эрдэм ном, эртэмтэн багш нараа хүндэтгэн дээдлэж ирсэн оюуны асар их соёлтой ард түмэн билээ. Тиймээс бидэнд багш нараа үеийн үед бахархан хүндэтгэж, шавийн хувьд нэр хүндийг өндөрт өргөж явахыг хичээн чухалчлах сайхан уламжлал өвлөгдөн ирсэн байна.

Монголын хүүхэд залуучуудыг соён гэгээрүүлэх, даяаршил, техник-технологийн эрин үеийн хэрэгцээ шаардлагыг хангасан өндөр боловсролтой, үндэсний ёс заншлаа хүндлэн дээдэлдэг, эх орноороо бахархдаг, шинэ үеийн иргэдийг төлөвшүүлэх эрхэм хариуцлагатай үүргийг зөвхөн багш л гардан хэрэгжүүлэх болно. Монголчууд бид Оюу толгойн баялаг биш оюунлаг толгойн эрдэм мэдлэгт шүтэж амьдрах эрин цагийг ойртуулах ёстой. Иймд Монгол улсын ирээдүйн хөгжлийн түлхүүр багш нарын гарт бий. 

Боловсролын салбарыг хөгжүүлэх, түүний хамгийн гол хөдөлгөгч хүч болсон багш нарыг бэлтгэх, дэмжиж туслах, мэдлэг боловсролыг дээшлүүлэх, тэдний ажиллах орчныг бүрдүүлэх асуудал МАН-ын анхаарлын төвд байсан, цаашид ч байх болно.

Сүүлийн жилүүдэд Монголын төр, засгаас боловсролын салбарт шинэчлэл хийж, багш сурган хүмүүжүүлэгчдийг бэлтгэх, сургалтын хөтөлбөр, материаллаг баазыг боловсронгуй болгон хөгжүүлэх чиглэлээр тодорхой ажлууд хийгдэж байгаа боловч өнөөгийн шаардлага, ард иргэдийн хүсэн хүлээсэн түвшинд хараахан хүрэхгүй байсаар байна. 

Шинэчлэл хэмээх нэрийн дор төрийн мэдлийн их, дээд сургуулиудын бүтэц бүрэлдэхүүнийг өөрчилж, улс төрийн халаа сэлгээ хийсэн нь багш, оюутнуудын эсэргүүцэлтэй тулгарч, өнөөдөр олон багш, сурган хүмүүжүүлэгчдийн урмыг хугалж, ажил,амьдралыг нь хохироож маргаан дагуулсан хэвээр байна.

Сургууль цэцэрлэг хүрэлцэхгүй байгаагаас ерөнхий боловсролын сургуулиуд гурван ээлжээр хичээллэж, олон мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна. Энэ нь цөөнгүй залуу эцэг, эхийн ажил хийх боломжийг хязгаарлаж, амьдрал ахуйд нь ихээхэн бэрхшээл учруулж байна. Багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх чиглэлээр шинэчлэлийн болон шийдлийн хэмээх гоёмсог тодотголтой засгийн газрууд тодорхой ажил хийсэнгүй.

Шинээр томилогдсон сайд бүхэн дур зоргоороо өөрчилдөг дарга төвтэй боловсролын шинэчлэл нэгэнт үр өгөөжөө өгөхгүй нь тодорхой боллоо. Шинжлэх ухаанд суурилсан багш, сурган хүмүүжүүлэгч төвтэй боловсролын шинэчлэл, сурагч, оюутан төвтэй сургалтыг бодит байдлаар хэрэгжүүлэх шаардлага байна. 

Орчин үед боловсролын салбарын өмнө тулгарсан асуудлыг шийдвэрлэхэд багш, сурган хүмүүжүүлэгчдийн идэвх санаачилга, үүрэг хариуцлага, хүчин зүтгэл нэн чухал бөгөөд та бүхэн үүнийг нэр төртэй гүйцэтгэж чадна гэдэгт бид эргэлзэхгүй байна.

Цаашид бүх шатны сургууль, цэцэрлэгийн багш нарын цалин хөлсний тогтолцоог шинэчлэх, нийгмийн баталгааг сайжруулах, орон сууцаар хангах, багш нарын мэдлэг боловсролыг тасралтгүй үе шаттайгаар тогтмол дээшлүүлэх, олон улсын туршлага судлуулах, сургууль цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх, материаллаг баазыг сайжруулах зэрэг тулгамдсан олон асуудлуудыг шийдвэрлэхэд МАН болон УИХ дахь МАН-ын бүлэг онцгой анхаарч ажиллах болно. 

Боловсролын салбарын шинэчлэлийг шинжлэх ухааны үндэслэлтэй хийж, ямагт нийгмийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх нь монгол төрийн бодлогын мөн чанар, улс эх орны хөгжлийн чиг хандлага байх ёстой.

Дэлхийд тэргүүлэх мэдлэгтэй, хөрвөх чадвартай, оюунлаг, бүтээлч сэтгэлгээтэй, ажилч хичээнгүй даяаршлын эриний монгол иргэнийг бэлтгэн төлөвшүүлэх оюуны их уурхайн баялаг бүтээгч багш, сурган хүмүүжүүлэгч та бүхэн эрдэм билэг төгс, оюуны мэлмий тань гэгээн тунгалаг байж, ажил үйлс тань өнө мөнхөд өөдрөг, амжилт бүтээлээр бялхаж,түм буман шавийнхаа хайр хүндэтгэлийг хүртэж, номын цагаан буян дэлгэрэх болтугай.

УИХ-ЫН ДЭД ДАРГА, МАН-ЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД