МАН дахь ойлголцлын процесс

2015/09/25 15:58 629

Яг арав хоногийн өмнө Чингис зочид буудлын гадаа, 16.00 цагийн орчим МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд асан Сү.Батболд, Шадар сайд асан У.Хүрэлсүх гурав хөөрөлдөөд зогсож байв.

Хамтдаа зоог бариад, ярих ёстой зүйлээ ярилцаж, ойлголцох ёстой асуудлууд дээрээ ойлголцоод, энэ өдрөөс хойш аливаа хэргийг нүүр нүүрээ харан ярилцаж байхаар яс тас тохиролцон түүндээ ихэд сэтгэл хангалуун байгаа. 

Энэ гурвын уулзалт юу хэлээд байна гэхээр МАН-д ойлголцлын процесс хүчтэй явагдаж эхэлснийг, харин АН-д үл ойлголцлын процесс ид явагдаж байгааг илэрхийлж байна хэмээн улс төрийн хүрээнийхэн хэлж байгаа юм. Гурван нөхрийн уулзалт ганц удаа бус ер нь үргэлжилсээр байгааг, энэ уулзалтад оролцогсдын тоо нэмэгдсээр байгааг улс төрийн хүрээнийхэн бас ярьж байна.

Энэхүү ойлголцлын процесст намынх нь нийт гишүүд сэтгэл хангалуун байгаа юм билээ. Үр дүн нь тодорхой учраас арга ч үгүй биз. МАН доторх хагарал хэмээн харж байсан үйл явдлууд бодитой биш болж, эд нар эвдрэлцээд байгаасай гэсэн зарим нэгний хүсэл талаар болж эхэллээ шүү дээ.

Санаж байгаа бол нэлээн хэдэн сарын өмнөөс Ардын намд “Ардын хүч’’ гэсэн жигүүр ургаж эхлэв хэмээн шуугиж тодорхой хүмүүсийн нэрс дуулдаж эхэлсэн. Зэрэгцүүлээд НАМЗХ-ны залуучууд дотроо хагаралдаж, хөрөнгө чинээгээрээ ялгаран эргэж эвлэрэхээргүй юм боллоо, тэдний ард ийм ийм хүмүүс байна хэмээн хүмүүсийн нэрсийг ч дурдсан. Тэгж байтал залгуулаад У.Хүрэлсүх тусдаа нам байгуулах гэнэ гэсэн мэдээлэл цахимаар цацагдсан. Алинд нь ч албан ёсны тайлбар ирээгүй байтал энэхүү уулзалтын зурган баримт санаандгүй олдсоноор учиг тайлагдаж эхлэв бололтой. Тэд хэдүйн ойлголцоод эхэлчихэж.

Унасан бөх ууртай, бас шартай, өөрөөсөө буруу хайдаггүй гэдэг. МАН бол 2012 оноос хойших бүх сонгуульд унасан бөх. Тэдэнд ийм шинжүүд илэрч байсан үе бий. Гэвч одоо тийм биш болжээ. Уурлаж шаталгүй ухаалгаар сонгуульд орох нь бололтой. Өнгөрсөн бүх сонгуулийн ялагдал нь хуваагдал хийгээд бие даасан ханлигуудаас нь болж хүч тарамдан санал хуваагдсаныг энэ удаад давтаж болохгүйгээ өнөөдрийн МАН-ын лидерүүд голдоо ортол ойлгожээ хэмээн улс төр судлаачид үзэж байгаа юм билээ.

Энэ хэрвээ үнэн бол, энэ зураг үнэхээр их ойлголцлын эхлэл, гэрч баримт нь үнэн юм бол МАН руу энэ өдрөөс эхлээд чулуу шидэх, хар муур гүйлгэх шаардлагагүй боллоо. Улс төрийн бүх шатанд тэр бүр хэрэгждэггүй, зориг зүрх нь дутдаг, тэгсэн хэрнээ хэрэгжээсэй хэмээн дор бүрдээ хүсэж байдаг, нүүр нүүрээрээ уулзаад ойлголцоод явах зарчим МАН-д эрч хүчтэй үйлчлээд эхэллээ. Үр дүнг нь цаг хугацаа харуулах биз ээ.

 

Өдрийн сонин