АН-ын үед төр тогтворгүй болдог

2015/08/06 22:16 814

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Шадар сайд У.Хүрэлсүхийг огцруулах асуудлыг хэлэлцэв. Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт танилцуулсны дараагаар гишүүдийн асуултад хариулсан юм.

УИХ-ын гишүүн Н.Энхболд: АН-ын Гүйцэтгэх зөвлөл ямар үндэслэлээр гэрээгээ цуцлахаар болсон бэ? Ямар учраас улс төрийн шийдэлд хүрсэн бэ?  Анх та бүхэн хамтарсан Засгийн газар байгуулахаар манай бүлгийн хуралдаан дээр орж ирээд ярьж байснаасаа үг чинь зөрж байна. АН өмнө нь  манай намын урилгаар орж засагт орж ирээд, цагаасаа өмнө хаяад явж байсан. Манай намаас хэзээ ч ийм зан гарч байгаагүй. Одоо олонх болоод засагтаа урьж оруулчихаад хөөгөөд гаргаж байна.

ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт: Засгийн газрыг байгуулахтай холбоотой асуудлыг манай намын ҮЗХ-ноос Гүйцэтгэх зөвлөлд шилжүүлсэн . Гүйцэтгэх зөвлөлөөр энэ асуудлыг хэд хэдэн удаа ярилцаад дээрх шийдвэрийг гаргасан байгаа  Дараагаар нь бүлгийн хурал дээр энэ асуудлыг ярилцаад шийдвэрээ гаргасан. Манай намын дарга МАН-тай байгуулсан гэрээгээ нэн даруй цуцалъя гэдэг саналыг МАН-ын даргад бичгээр хүргүүлсэн.  Энэ асуудлын дараагаар 6 гишүүнийг чөлөөлөх, огцруулах асуудлыг тавьсан. 2004 оноос эхлээд нам хооронд гэрээ байгуулж, Засгийн газрыг бүрдүүлсэн. Хамгийн анх гэрээгээ зөрчсөн нам бол АН биш. Бид ийм богино ой санамжтай байж болохгүй.  2004 онд байгуулсан гэрээг тухайн үеийн МАХН /одоогийн МАН/ зөрчиж, Засгийн газрыг өөрчилж байсан. Энэ удаа АН Засгийн газар байгуулахдаа МАХН, МҮАН ИЗНН, МАН-тай тус тусдаа гэрээ хийсэн. МАН-тай байгуулсан гэрээг хэлэлцээд цуцалсан. Цаашдаа эвслийн Засгийн газар байгуулагдана. Тиймээс энэ асуудлыг хуулиар зохицуулах ёстой юм.

УИХ-ын дэд  дарга, МАН-ын дарга М.Энхболд: Хоёр намын хооронд байгуулсан гэрээ найман сарын хугацаанд хэрэгжиж цуцлагдаж байна. Нэг нам нь гэрээ хангалтгүй байна гээд цуцаллаа. Бид энэ гэрээг дүгнэсэн. Гэрээг бодитой дүгнэх хэрэгтэй.  Засгийн газар өөрийнхөө хариуцсан ажлыг яагаад дүгнэхгүй байна вэ? Гэрээнд заагдсан асуудлуудаас хэд нь хэрэгжсэн, хэд нь хэрэгжээгүй гээд яагаад дүгнэлт хийхгүй, хариуцлагагүй ажиллаж байгаа юм.  Эдийн засгийн хүндрэлийг даван туулах төлөвлөгөө, Өрийн удирдлагын хууль, Хувьчлалын асуудал хийгдсэн. Хийсэн зүйлүүд чинь яагаад хангалтгүй дүн авчихсан бэ? Гэрээнд тусгагдсан С.Баярцогт сайд өөрөө хариуцаж байх ёстой орон нутгийн, ИТХ-ын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандана гэж заасан. Говьсүмбэр аймагт дөрөвдүгээр сард сонгууль болсон. Өнөөдрийг хүртэл сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчид   ажлаа явуулж чадахгүй байна. Дундговь аймагт  хууль бус ИТХ-ын тэргүүлэгчид Засаг даргаа огцруулсан. Энэ бүхэн чинь таныг ажлаа хийгээгүйгээс болоод манай нам хангалтгүй гэж дүгнэгдээд Засгийн газраас хөөгдөж байна уу. Эсвэл та манай намд орчихсон юм уу. Хэн юу хариуцах нь гэрээгээр тодорхой байгаа.  АН төр барьж байх үед Засаг олон удаа огцорч байсан. Энэ нь төрийн тогтворгүй байдлыг бий болгож байна. Цаашдаа төрийн тогтвортой байдлыг хангаж ажиллах хэрэгтэй.

ЗГХЭГ-ын дэд дарга С.Баярцогт: Гэрээнд улс төрийн дүгнэлт хийсэн. Засгийн газар гишүүдийнхээ асуудлыг оруулж ирэхдээ ажлаа муу хийсэн гэсэн шалтгаанаар огцруулаагүй.  Улс төрийн намуудын хооронд цаашид итгэлцэл байхгүй, гэрээ үргэлжлэх боломжгүй болсон учраас МАН-аас сонгогдсон 6 сайдыг огцруулах асуудлыг тавьсан.  Засгийн газар ажлаа сар бүр дүгнэдэг. Нутгийн өөрөө удирдахёсны байгууллагад ЗГХЭГ Үндсэн хууль болон Засаг захиргаа, нутаг дэвсгэр, түүний удирдлагын тухай  хуулийн дагуу зөвхөн зөвлөгөө өгч оролцох үүрэгтэй. Засаг дарга нарын шийдвэрт хориг тавих, асуудлыг нь шийдвэрлэх, удирдлагаар хангах бүрэн эрх байгаа.  Говьсүмбэр  аймгийн хувьд орон нутгийн нөхөн сонгууль явуулах ёстой гэдгийг МАН-ын зүгээс удаа дараа тавьсан. Тиймээс бид зохих хугацаанд нь хэрэгжүүлсэн. Төсвөөс тодорхой хэмжээний мөнгийг гаргасан.  Дундговь аймгийн хувьд Засаг даргын шийдвэр хууль бус гэсэн шүүхийн шийдвэр гарсан. Шүүхийн үйл ажиллагаанд бид оролцож болохгүй.

Ийнхүү гишүүд асуулт  тавьж, үг хэлсний дараагаар Засгийн газрын гишүүнийг огцруулахыг дэмжих санал хураалт явуулав. Байнгын хорооны гишүүдийн 80 хувийн саналаар Шадар сайд У.Хүрэлсүхийг огцруулахыг дэмжлээ.

 

News.mn