Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлд хоёр Энхболд байр сууриа илэрхийлэв

2015/06/25 21:32 690

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр өөрийн санаачилсан Төрийн албаны тухай хууль, Улс төрийн намын тухай хуулийн төслөө танилцууллаа.

Төрийн албаны тухай хуулийн төслийг  УИХ-д өргөн барихад бэлэн болсон бол Улс төрийн намын тухай хуулийн төсөлдөө намууд, олон нийтийн саналыг аваад УИХ-ын намрын чуулганаар өргөн мэдүүлэх юм байна.

Төрийн тэргүүн 2013 оны зургадугаар сараас хойш 19 хуулийн төсөл санаачилсан бөгөөд энэ хоёр хуулийг хамт танилцуулж буй нь санамсаргүй зүйл биш аж. Монголд өнөөдөр нам, төрийн ажил холилдчихоод учир замбараагаа алдсан нь хаанаас ч харсан илэрхий байна. Ерөнхийлөгч энэ хуулиараа нам, төрийн ажлын зааг ялгааг тодорхой гаргаж өглөө.

АН-ын дарга З.Энхболд, Энэ бол улс төрийн намууд болон УИХ-ын гишүүдийн алга ташин хүлээж авах шийдэл биш.  Гэхдээ миний хувьд Ерөнхийлөгчийн гаргаж буй зарчмуудтай 100 хувь санал нийлж байна.

УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн газрын үйл ажиллагаанд хөндлөнгөөс улс төрийн нам нь орж, төрийн албаны бүхий л ашигтай местэнд өөрийн намын, сонгуульд нь ажилласан хүмүүсийг томилж албан тушаалаар шагнадаг байдал энэ хууль гарвал эцэс болох юм.

“Монгол төрийн албаны тогтворгүй, чадваргүй байдал үндэсний эрх ашигт сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн” хэмээн Ерөнхийлөгчийн дүгнэсэн нь үнэн.
Иймд шинэ хуульдаа төрийн албан хаагч тогтвортой ажиллах, төрийн албан хаагчийн албан тушаал дэвших эрэмбэ дарааг хуульдаа тодорхой тусгажээ.

Мөн салбарын сайдын үзэмжээр сонгодог яамдын Төрийн нарийн бичгийн дарга болох хүн энэ төслөөр бол төрийн албанд 18-20 жил үр бүтээлтэй ажилласан байх шаардлагатайг хуульчлахыг санал болгож байна.

Шинэ сайд ирээд өөрийн шууд удирдлагад ажиллах зөвлөх, туслах, хэвлэлийн төлөөлөгч, үйлчилгэний ажилтан гэх таван хүнийг л шинээр томилох эрхтэй. Түүнээс биг яамны мэргэжилтнүүдийг хоморголон халж, хаанаас ч юм, хэний ч үл мэдэх, мэдлэг боловсрол сулхан хүнийг томилдог гажуудал эцэс болно. Төрийн албанд шахааны хүн ороод ирэх бололцоог бүр мөсөн хаасан хуулийн төсөл байна лээ.

Намууд 2012 оноос Ажлын хэсэг байгуулсан ч төсөл боловсруулах дээрээ санал зөрөлдөөд урагшилж өгөхгүй царцаад байсан Улс төрийн намын тухай хуулийн төслийг Ерөнхийлөгч барьж аваад, төслийг нь бэлэн болголоо. Намын тухай хуулийг намууд хийвэл өөрийнхөө байр суурийг улам бэхжүүлж, барьцаа лавшруулахад л гол анхаарлаа хандуулдаг сул талтайг Ерөнхийлөгч шүүмжлээд авна лээ. Энэ ч үнэн л дээ.

Намын тухай хуульд намууд өмчтэй байх эсэх, гишүүнчлэлийг шинэчлэн бүртгэх, нам нэгдсэн нэг данстай байх бөгөөд тэр дансаар орж, гарч буй бүхий л гүйлгээ ил тод, Шилэн дансны хуулиар зохицуулагдана хэмээн заажээ. Мөн намын зүгээс төрийн үйл ажиллагаанд  оролцох зааг ялгааг гаргаж, Ерөнхий сайдыг томилохоос өөр томилгоонд нам оролцохыг хатуу хориглолоо. 

МАН-ын дарга М.Энхболд, Намын тухай хуулийн төсөлд намын гишүүнчлэл, бүртгэл, өмч хөрөнгө гэх мэт анхаарал татсан олон асуудлыг тусгажээ. Энэ хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэнэ. Мөн олон нийт санаа бодлоо хэлнэ. Энэ бүхнийг Ерөнхийлөгч харгалзан үзэх байх аа.

Өнөөгийн байдлаар бол хэн ямар сайд, даргын албан тушаалд суухыг намын удирдлагууд хэлж өгч байгаа. Намууд УИХ-д суудал авсан байдлаараа төрийн албан байгууллага, төрийн өмчит компаниудыг хуваан авч бялуу хүртдэг ялзарсан тогтолцоо энэ хууль батлагдсанаар арилах нигуур байна.

Улс төрийн намуудын бодлого, үйл ажиллагаанд эрс шинэчлэл энэ хуулийн төслийг намууд алга ташин хүлээж авахгүй нь тодорхой юм.

Ерөнхийлөгчийн санаачилсан Улс төрийн намын тухай хуулийн төслийг хэрэгжүүлэхэд бэлэн, эсэх талаар УИХ-д суудалтай хоёр том нам болох АН, МАН-ын дарга нар байр сууриа илэрхийллээ. 

АН-ын дарга З.Энхболд, Энэ бол улс төрийн намууд болон УИХ-ын гишүүдийн алга ташин хүлээж авах шийдэл биш. Бид энэ тухай өнөөдөр л ярьж буй асуудал биш. Гэхдээ миний хувьд Ерөнхийлөгчийн гаргаж буй зарчмуудтай 100 хувь санал нийлж байна. Улс төрийн намд шинэчлэл хийх цаг болсон гэж иргэд хэлж байна. Би ч тэгж бодож байна. Энэ хуулийн төсөл дотор шууд хүлээн авах болон бас ярих ч асуудал байна.

Төрийн албаны тухай хуулийн хувьд одоо үйлчилж буй хуультай адил заалтууд ч байна. Хуулийг хэрэгжүүлдэггүй төрийн болсон. Зарчмын хувьд Ерөнхийлөгчийн төсөлтэй ижил заалт одоогийн хуульд тусгасан ч тойрч гарах боломжууд нь байгаа юм. Тэгэхээр Ерөнхийлөгчийн төсөлд хуулийн зохицуулалтыг үг өгүүлбэр бүрээр нь нарийн тусгасан нь давуу талтай болжээ.

МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхийлөгчийн санаачилсан хоёр хуулийн төсөл бидний байр суурьтай ойролцоо байна. Төрийн албыг тогтвортой, чадамжтай болгох нь чухал. Төрийн албаны нүүр царай өнөөдөр улс төрийн намуудтай шууд холбоотой байна.

Намын хуулийн тухайд улс төрийн албан тушаалтан чадвар чансаа, мэдлэг боловсрол, манлайлах чадвараараа хүлээн зөвшөөрөгдөх ёстой. Үүний тулд намуудад боловсон хүчний бодлогодоо анхаарч, бэлдэх нь чухал юм. Энэ хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэнэ. Мөн олон нийт санаа бодлоо хэлнэ. Энэ бүхнийг Ерөнхийлөгч харгалзан үзэх байх аа.

Намын тухай хуулийн төсөлд намын гишүүнчлэл, бүртгэл, өмч хөрөнгө гэх мэт анхаарал татсан олон асуудлыг тусгажээ. Ер нь сонгуулийг аль болох бага зардлаар, намуудад ижил тэгш өрсөлдөх боломжоор хангах тухай заалтыг одоо боловсруулж байгаа Сонгуулийн тухай хуулийн төсөлд оруулсан байгаа гэлээ.

 

www.gogo.mn