Зүгээр л боломж бололцоог нээгээд өгөөч, “зүлгэн дээр гэрээ бариад” сайхан амьдаръя

2015/04/13 20:32 635

Нойтон цас, бороо ээлжлэн орж, зарим газарт хаваржилтын байдал муудсан 4 дүгээр сарын эхний өдрүүдэд УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд өөрийн сонгогдсон тойрог Төв аймгийн хойд сумд болох Сүмбэр, Жаргалант, Борнуур, Баянчандмань сумдын ард иргэдтэй уулзалт хийлээ.

Ганц хоёрхон хоногт орсон цас малчдыг сандаргаад авсан ч энэхүү уулзалтад иргэд маш идэвхтэй оролцож аль ч суманд очсон ирц өндөр байсан юм. УИХ-ын дэд даргын ажилласан 4 сумын хоёрт нь АН, хоёрт нь МАН засаг барьдаг аж.

Гэлээ ч аль нам засаглаж байгаагаас үл шалтгаалан уулзалт бүрийн уур амьсгал халуун дулаан байж, шүүмжлэл гэхээсээ илүүтэй санал хэлж, тусламж дэмжлэг гэхээсээ илүү боломж бололцоо нээж өгөхийг хүсэж, сонгосон гишүүнтэйгээ илэн далангүй чөлөөтэй ярилцаж, бодсон санаснаа нээлттэй хуваалцаж байсан. Өөр, өөр суманд амьдарч байгаа хэрнээ М.Энхболд даргатай уулзаж байхдаа хүмүүс тоймтой хэдхэн хэрнээ улс орны хувьд амин чухал зүйлүүдээр дуу дуугаа авалцсан мэт нэг ижил санаа бодолтой байсан нь анхаарал татаж байлаа.

Төр иргэнээсээ холдсоны шалтгаан

Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар хууль санаачлагчид ажиллаж байгаа. Мөн саяхан хуралдсан МАН-ын Удирдах зөвлөлөөс сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж, сонгуулийн тогтолцоог өөрчлөх талаар ард нийтийн санал асуулга явуулах УИХ-ын тогтоолын төсөл боловсруулсан. Харин олон нийтийн зүгээс энэ асуудлыг маш зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлж байсан бөгөөд сонгуулийг холимог системээр явуулсан нь төр иргэнээсээ холдох гол шалтгаан болсон хэмээн шүүмжилж байлаа. Намын жагсаалтаар гарч ирсэн нөхдүүдэд айх айдас, бэргэх зүйл үгүй учраас дур зоргоороо авирладаг. Харин сонгогчиддоо нүүрээ харуулж байгаад, ам өчгөө өгч сонгогдсон нь арай дээр жудагтай, хэлсэн амласнаа хийх гэж хичээдэг тухай ч сум бүрт үг хэлсэн иргэд бүр онцгойлон дурдаж байсан юм.

Мөн иргэдээс шүүмжлэлтэй хандаж байсан бас нэг зүйл бол төрийн түшээдийн хариуцлага, ёс зүйтэй холбоотой. Дур зоргоороо авирладаг, улсын хөрөнгийг үнэгүйдүүлдэг, төрийн ордондоо ёс бус аашилдаг гишүүдийг эргүүлэн татдаг хууль, эрх зүйн орчин байхгүй нь “Хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй” гэсэн Үндсэн хуулийн үнэт зарчмыг алдагдуулж байна гэж тэд үзэж энэ талын хуулийн төсөл боловсруулж өргөн барих саналыг УИХ-ын дэд даргад уламжилсан юм. Таван толгойн гэрээтэй холбоотой асуудлыг ч энэ үеэр иргэд хөндөж тавьсан. Ингэхдээ Оюу толгойн гэрээг хийж байх үеийнх шиг ард түмнийг хууран мэхлэх ямар ч боломжгүй, олон талын мэдээллийг цаг алдалгүй авч байгаагаа зохих хүмүүст нь анхааруулж өгөхийг хүссэн. 

Хөгжлийн нэгдсэн бодлогоо хурдан баталж авмаар байна

Эдийн засгийн байдал тартагтаа тултал муудаж, хүүхдийн мөнгө, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмж хасах, ээмэг бөгжөө ч болсон хандивлахыг уриалж байсан Засгийн газрын шийдвэрүүдийг энэ үеэр иргэд эрс буруушааж байлаа. Ийм байдалд хүргэсэн гол буруутан нь сүүлийн хоёр жилийн Засгийн газар гэдгийг ч дурьдсан. Хоёрхон жилийн өмнө 17,5 хувийн өсөлттэй байсан эдийн засаг 7 хувь болж буурсан, Монгол Улсын Засгийн газрын гадаад өр 4,6 тэрбум америк долларт хүрч, хорин жилийн хугацаанд тавиагүй их өрийг хоёр жилд тавьсан өнөөдрийн ийм байдалд хүргэсэн.

Өмнөхөө хэрхэн төлөх тухай бодохоосоо урьтаж зээл авахыг хүсдэг, авсан зээлийн мөнгөө арвижуулж эдийн засгаа сэргээхийн оронд хий дэмий зүйлд үрэн таран хийдэг асуудлыг таслан зогсоох ёстой. “Үнэ тогтворжуулах” нэрийдлээр хэдхэн компанид улсын төсвийн тал хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг зүгээр л тараагаад өгчихсөн нь өнөөдөр хүүхдүүд маань өлсөх, айл гэрийн хэрэглээ тартагтаа тултал буурах гол шалтгаан болсон гэж хөдөөний иргэд хэлж байлаа. Тиймээс МАН-ын зүгээс дэвшүүлэн тавьж байгаа Монгол Улсын урт хугацааны “Хөгжлийн нэгдсэн бодлого”-той байх асуудлыг дэмжиж хурдан батлагдаасай гэж хүлээж байгаагаа ч илэрхийлсэн юм.

Хаях буудайгаар II гурил хийж эрүүл мэнддээ хөрөнгө оруулъя

Сүмбэр сумын хувьд ирэх 2017 онд 40 жилийнх нь ой тохионо. Гэсэн ч энэ суманд газар нутгийн хил хязгаарын асуудал маш хурц болж, гамшгийн хэмжээнд хүрсэн байна. Учир нь тус сумын нутгийн зарим хэсэг нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт харьяалагдаж эхэлж. Тус сум өнөөдрийн байдлаар 41 мянган толгой малтай ч бэлчээрийн хувьд маш хүнд байдалтай болсныг нэг мал бэлчих газар гурван мал бэлчиж буйгаар жишээлэн хэлж байлаа. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын зүгээс Сүмбэр сумын малчдыг хөөж туух, өвөлжөөг нь хадах зэрэг олон дарамт ирдэг гэдгийг сум, багийн засаг дарга нараас нь эхлээд олон хүн хэлж байлаа.

Харин Жаргалант сумынхны хувьд малчдад тэмээний ноос, хонины ноос тушаасны хэрээр урамшуулал олгож байгаатай адил өрхийн газар тариалан эрхэлж төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тарьдаг иргэдэд төрөөс яагаад дэмжлэг өгч болдоггүй талаар асуух, шүүмжлэх хүмүүс байсан юм. Мөн дээд зэргийн болон нэгдүгээр зэргийн гурил хийж болохгүй хэмээн үзэж хаях гэж байгаа буудайгаараа хоёрдугаар гурил хийж зах зээлд худалдаалах боломж байгааг Жаргалант сумын иргэн хэлж байлаа. Энэ бол байж болох хамгийн зөв арга гэдгийг тэрээр дурьдаад хоёрдугаар гурилыг худалдаж авах нэг нь худалдаж авна, эрүүл мэндэд хамгийн сайн хүнс болно гэдгийг ч мөн тодотгосон юм.

500 мянгын тэтгэвэр авах хүсэл

Монголын нийгэмд байнга л асуулт дагуулж байдаг боловсрол, эрүүл мэнд, даатгал, тэтгэвэр, халамжтай холбоотой асуудал УИХ-ын дэд даргыг орон нутагт ажиллах үеэр багагүй хөндөгдсөн. Дээрх сумдад ч эдгээр нь өнөөдрийг хүртэл хариулт нэхсээр байгаа аж. Сумдын соёлын төв, цэцэрлэг сургуулийн барилга, эмнэлгийн өргөтгөл гээд тулгамдаж буй асуудлууд зөндөө. Мөн ахмад настны тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгох хэрэгтэй гэсэн саналыг олон иргэд хэлж байсан. Учир нь улс эх орныхоо сайн сайхны төлөө залуу насаа зориулсан ахмадууд маань ялгавартайгаар тэтгэвэр авч, хамгийн доод хэмжээгээр тогтоолгосон хөгшчүүд тэтгэвэр тогтоолгож байсан тухайн үеийнх нь ханштай харьцуулахад юмны үнэ хэт өссөнөөс болж өнөөгийн нийгэмд амьдрахад хүнд байгаа тухай хэлж байв. Мөн зарим нэг хүмүүс тэтгэвэрт гардаг насыг багасгах боломж бий эсэхийг ч лавлаж байлаа. Харин албаны хүний тайлбарласнаар бол манай улс цаашид тэтгэврийн насны доод хэмжээг багасгах бус нэмэх бодлого барихаар төлөвлөж байгаа аж. Учир нь дундаж наслалт өссөн, тэгээд ч 50 хүрч байгаа хүмүүс ажил албандаа гаршсан, мэргэжилдээ эзэн болсон байдаг учир эдгээр хүмүүсийн мэдлэг боловсролыг хэдэн жил илүү ашиглах, залуу хойч үеийг бэлтгэхэд дэм түшгээ болгох нь зүйтэй хэмээн үзэж байгаа юм байна. Өнөөдрийн хувьд төрийн албан хаагчдыг залхаан цээрлүүлж буй нэг том асуудал бол элдэв бичиг цаасны асуудал гэнэ. Ялангуяа багш нарын хувьд бөглөх ёстой гэсэн элдэв судалгаа хэрээс хэтэрснийг дуулгаж байлаа.

Иргэдтэйгээ уулзах нүүртэй, хэлэх үгтэй, хийсэн зүйлтэй байх сайхан