“Иргэдийн цаг 2015” хөдөө орон нутагт

2015/04/06 20:15 698

 “Малчин бол мянган мэргэжлийн эзэн” гэсэн мэргэн үг бий. Шавхагддаг биш үрждэг баялаг болсон мал аж ахуйн салбарыг хөгжүүлж буй малчдаа  дэмжих бодлогыг тууштай баримтална гэдгээ Монгол Ардын Намын дарга Архангай аймагт болсон малчдын зөвлөгөөнд оролцох үеэрээ илэрхийллээ.

Өнөөдөр манай улсад 300 гаруй мянган малчин байна. Тэдний нөр их хөдөлмөрийн үр дүнд мал сүргийн тоо толгой 50 саяыг давж, энэ хавар 10 гаруй сая төл хүлээн авахаар төлөвлөөд байгаа юм. Архангай аймгийн МАН-ын хороо, Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбооноос зохион байгуулсан “Малчдад тулгамдаж буй асуудал, цаашдын зорилт” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд МАН өмнөх УИХ-д олонх байх үедээ “Монгол мал хөтөлбөр”, “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого” гаргасан нь МАА-н салбарт томоохон дэмжлэг болсныг дуулгасан.

Мөн малчдад ноосны урамшуулал олгож ирсэн ч эдийн засгийн хямралаас үүдэн энэ оны төсөвт багтаж чадаагүйд харамсаж байгаагаа илэрхийлсэн. Гэхдээ МАН малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулах, малчдын хөдөлмөрийг хүнд хөдөлмөрт тооцох чиглэлээр хуулийн төсөл боловсруулсан, энэ хаврын чуулганаар хэлэлцэн батлуулна гэдгийг ч дуулгалаа.

Малчдын тухайд үлийн цагана оготно гэж бэлчээрийн дайсантай тэмцэхэд төр дэмжлэг үзүүлэхийг хүссэн. Мөн зургаан настай хүүхэд сургуульд орж байгааг хөдөөд арай өөр байдлаар зохицуулахгүй бол ихээхэн түвэгтэй байгааг ч дуулгаж байлаа.

Малчдын тэтгэврийн насыг наашлуулах, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, малчдад зориулсан орон сууцны бодлого хэрэгжүүлэх тал дээр МАН санаачилгатай ажиллаж байгаад талархаж байгаагаа илэрхийлээд уст цэгийн тоог нэмэгдүүлэх, өвөлжөө бууцаа засч сэлбэхэд төрөөс дэмжлэг үзүүлэх хүсэлт тавьж байлаа. Энэ хаврын чуулганаар хэлэлцэн батлах ХХАА-н талаар төрөөс баримтлах бодлого энэ бүхэнд чухал үүрэгтэй юм.

МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд Архангай аймагт ажиллах үеэрээ Хотонд сумын залуу малчныд зочилсон. Тус сумын тухайд өнгөрөгч онд 240 гаруй мянган толгой мал тоолуулсан.

Өвөлдөө хуурай, цасгүй байсан ч хавартаа гурван ч удаа сайхан цас орж, мал жилбэтэй төллөж байна. Мал сайхан өсч байгаа ч мах ноолуурын үнэ буусан, олж буй хэдэн төгрөгийнх худалдан авах чадвар муудсан тухай малчид ярьж байсан.

МАН-ын дарга М.Энхболд малчдаа дэмжсэн бодлогыг хэрэгжүүлэх, залуу малчдаа дэмжих тал дээр МАН ч, УИХ дахь намын бүлэг ч ажиллаж, малчдынхаа дуу хоолойг ийнхүү сонсч байна гэдгээ онцлоод буянт мал сүрэг нь улам өсч, буян хишиг нь өнөд дэлгэрч явахыг ерөөлөө.

 

Улстөрийн тойм сонин