БНСУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2015/03/26 19:03 691

УИХ-ын дэд дарга М.Энхболд өнөөдөр /2015.03.26/ БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд Жу Тэ Ёль тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ноён Жу Тэ Ёль УИХ-ын дэд даргыг хүлээн авч уулзаж буйд талархаж байгаагаа илэрхийллээ. Тэрээр  хоёр орны харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэхэд энэхүү уулзалт чухал хэмээн онцлов.

УИХ-ын дэд дарга М.Энхболд, Монгол Улсад айлчилж, Хамтарсан хорооны анхдугаар хуралдаанаа хийж байгаад баяртай байна гээд Монгол Улс, БНСУ-ын харилцаа “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд бүхий л салбарт өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Мөн тэрээр, БНСУ-ын томоохон компаниуд Монголд бүтээн байгуулалтын төслүүдэд оролцож байгааг тэмдэглэж, цаашид Солонгосын компаниуд гүйцэтгэгчээр оролцох бус хөрөнгө оруулагчаар оролцох нь харилцан ашигтай, бие биеэ нөхсөн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд Монгол Улсын төр, Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулалтын таатай орчин, нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр тодорхой алхамууд хийж буй.

Засгийн газраас эдийн засаг болон гадаадын хөрөнгө оруулалтын тухай өргөн барьсан хууль, тогтоолын төслүүдийг УИХ чуулганы хуралдаанаар хэлэлцэж шуурхай баталж байгаад талархаж буйгаа хэллээ. Түүнчлэн хоёр орны хооронд Монгол Улсын агаарын тээврийн "МИАТ" ХК, БНСУ-ын агаарын тээврийн "Korean Air" компаниуд нислэг үйлдэж байгаа. Цаашид аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх зорилгоор Улаанбаатар-Бээжин-Жэжү чиглэлийн нислэг үйлдэх саналтай байна. Үүнийг Солонгос Улсын талаас судлан үзэж, дэмжиж ажиллахыг хүслээ.

Мөн БНСУ-ын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсныг онцлоод цаашид дэд бүтэц, уул уурхай, байгаль орчин, эрүүл мэнд, хот төлөвлөлт зэрэг салбар чиглэлд тодорхой, үр өгөөжтэй төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх болон БНСУ-д гэрээгээр болон хувиараа ажил хөдөлмөр эрхэлж байгаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудал манай Засгийн газрын тэргүүлэх зорилтын нэг болохыг тэмдэглэв. Тиймээс БНСУ-ын зүгээс монгол иргэдийн амьдрах нөхцлийг сайжруулах талаар цаашид ч анхаарч дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.

Уулзалтад Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ли Тэ Ро, Гадаад хэргийн яамны Зүүн хойд Азийн газрын дэд захирал Жон Бён Гвон болон албаны бусад төлөөлөгчид байлцлаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.