Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэг хувь болгох хуулийг хэлэлцэж баталмаар байна

2015/03/24 18:59 714

МАН-ын дарга М.Энхболд “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “...Бид жилийн 1,5 тэрбум төгрөгөөс доош орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэг хувь болгоё гээд хуулийн, төсөл өргөн барьсан. Үүнийг хэлэлцээгүй. Уг нь шийдээд явчих боломж бий.

Улсын төсөвт их дарамт болж ирэхгүй. 10 хувийн татварыг нэг хувь болгоно гэдэг маань жижиг, дунд бизнес эрхлэгчдэд ямар их хөнгөлөлт, урам болно гээч. Энэ чинь л өөрөө эдийн засгийн хүндрэлээс гарах том боломж болно. Ийм зүйлүүдээ бодож, боловсруулж, дахин хэлэлцэхэд Засгийн газар илүү шуурхай ажиллах хэрэгтэй байна” гэсэн юм.Оны өмнө МАН, АН хоёр хоёулаа жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс илүүгүй аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татварыг бууруулах дээр санал нэгдсэн. Гэтэл татварынх нь хувь хэмжээг яаж буулгах вэ гэдэг дээр санал зөрж, УИХ-ын чуулганаар хэлэлцэлгүй унагасан юм.

АН-ынхан Аж ахуйн орлогын албан татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, жилийн борлуулалтын орлого нь 1,5 тэрбум төгрөгөөс доош орлоготой компаниудад, аж ахуйн нэгжийн орлогын 90 хувийг буцааж өгөх бодлогыг дэвшүүлсэн. Арван хувийн татварын есийг нь дараа жилийн эхний улиралд буцаан олгохдоо татвараа үнэн зөв мэдүүлсэн, хугацаанд нь төлсөн байх гэх мэт олон шалгуур, болзлыг харгалзана гэсэн.Харин МАН-ынхан 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг шууд нэг хувь болгох хуулийн төсөл санаачилсан. Өөрөөр хэлбэл, арван хувийн татвар төлөөд дахиад баахан бичиг баримт бүрдүүлж байж есөн хувийг нь буцааж авдаг биш анхнаасаа нэг хувийн татвар төлдөг байх санаачилга гаргасан.

Үүнийгээ аж ахуйн нэгжүүдэд чирэгдэл учруулахгүй, ямар нэгэн байдлаар ялгахгүй, шударга зарчим үйлчилсэн, аж ахуйн нэгж, бизнесийн байгууллагын ил тод байдал хангагдах, татварын байгууллагын ачаалал, захиргааны зардал буурах, төр бизнесийн байгууллагын харилцан итгэлцлийг бүрдүүлэх, татвараа шударгаар төлөх сонирхол ихсэх ач холбогдолтой гэж тайлбарлаж байсан билээ.

Нэг гаргалгаатай хоёр хуулийн төслөөс бизнес эрхлэгчид МАН-ын өргөн барьсан хуулийн төсөл илүү амьдралд ойр гэдгийг ярьж байгаа. Төлсөн татварынхаа 90 хувийг буцааж авах гэж бизнес эрхлэгчид татварын байцаагчдаас эхлээд төрийн хүнд суртал, шат дамжлага бүрийг давах цаг хугацаа, хөрөнгө мөнгө алдана.Хугацаандаа татвараа төлөөгүй, бичиг баримт дутуу гээд татварынхан ямар нэгэн шалтаг гаргаж ирээд төлсөн татварыг нь буцааж олгохгүй. Харин анхнаасаа нэг хувийн татвар төлөөд явчихвал ямар ч чирэгдэлгүй, эдийн засаг хүндэрсэн энэ үед аж ахуйн нэгжүүдийг дэмжсэн бодлого болно гэдгийг бизнес эрхлэгчид ярьж байна. Нэг хувийн татвар төлөөд явчихвал орлогоо нуух шаардлагагүй, танил тал хайхгүй, татварын байцаагчийн хурууны үзүүрээр эрэмблэгдэхгүй, бүх аж ахуйн нэгж ижил хөнгөлөлт эдэлнэ гэдгийг тэд хэлж байгаа.

1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой аж ахуйн нэгж улсад татвар төлж байгаа бүх аж ахуйн нэгжүүдийн 13 хувийг л эзэлдэг гэсэн судалгаа бий. Тэдгээр аж ахуйн нэгжүүд энэ онд улсад 70 орчим тэрбум төгрөг төлнө гэж төлөвлөжээ. Энэ мөнгийг өөр замаар нөхөх бүрэн боломж байгааг эдийн засагчид ярьдаг. Үр дүнд нь татвараас хөнгөлөгдсөн аж ахуйн нэгжүүд хөл дээрээ босч, хүндэрсэн эдийн засгийг өндийлгөхөд нэмэр болно. Тиймээс МАН-ын яриад байгаа татварыг нэг хувь болгох хуулийн төслийг хаврын чуулганаар яаралтай хэлэлцэж, баталмаар байна.

 

Өдрийн сонин