Залуу сайн малчны шагналыг гардууллаа

2015/02/23 18:14 963

XVII жарны “Согтууруулагч” хэмээх модон хонин жилийн босгон дээр Төв аймгийнхан улсын таван сайн малчинтай болжээ.

МАН-ын дарга УИХ-ын дэд дарга М.Энхболд, ХХАА-н дэд сайд Б.Батзориг нар тус аймгийн Баян сумын залуу малчин Д.Энхболд, Баянжаргалан сумын малчин Ч.Цэрэндаваа нарт Улсын сайн малчны шагнал Баянжаргалан сумын малчин Р.Баяндүүрэн, Баянцагаан сумын малчин Д.Жамъянсүрэн нарт “Алтан төлийн эзэн шагналыг гардуулав.

МАН-ын дарга М.Энхболд Цагаан сарын босгон дээр монгол түмэн эдийн засгийн гол тулгуур болсон мал аж ахуйн салбарын ажил үйлсээ дүгнэж, ажил хөдөлмөрөөрөө манлайлсан малчдаа шагнаж урамшуулдаг уламжлалтай гээд 1960-аад оноос улсын сайн малчны шагналыг малчны хотонд нь гардуулж, хүндэтгэл үзүүлж ирсэн.

Сүүлийн хоёр жил тасарсан эл уламжлалыг энэ жилээс сэргээж, сайн малчны шагналыг малчны хотонд хүргэж өгөхөөр болсон нь сайшаалтай юм” гэж байлаа. Д.Энхболдын хувьд энэ жил Улсын сайн малчнаар тодорсон 70 малчны хамгийн залуу нь бөгөөд 31 настай юм байна. Тэрбээр 2008 онд мянгат малчин болж, энэ амжилтаа таван жил дараалан бататгасан, 2011 онд аймгийн сайн малчнаар тодорсон  12 дахь жилдээ мал маллаж буй аж.

Залуу малчин Д.Энхболд сайн малчны цолоо гардаж.авахдаа Төр засаг хөдөлмөрийг минь үнэлж Улсын сайн малчнаар шалгаруулж, өргөө цагаан гэрт маань ирж, хүндэтгэл үзүүлж байгаад магнай тэнийтлээ баярлаж байна гэв.

Сайн малчин Ч.Цэрэндаваагийн хувьд 25 жил тасралтгүй мал маллаж байгаа, 2012 онд Алтан төлийн эзэн 2013 онд хоёр мянгат малчнаар тус тус шалгарч байжээ. Улсын сайн малчин шагналаар 1992 оноос хойш Төв аймгийн 43 малчинг шагнаад байгаа бол тус аймгийн 45 малчин Алтан төлийн эзэн"-ээр тодорчээ.