Бид энэ өдрийг үргэлж дурсан санаж, тэмдэглэх хэрэгтэй

2015/02/02 17:57 759

Хоёрдугаар сарын 02-ны энэ өдөр Их жанжин Д.Сүхбаатар мэндэлсэн.  Энэхүү түүхт өдрийг тохиолдуулан Монгол Ардын намын удирдлага, гишүүд дэмжигчид Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө. 

Арга хэмжээнд МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, Шадар сайд У.Хүрэлсүх болон гишүүд дэмжигчид оролцсон юм.  Энэ үеэр МАН-ын дарга М.Энхболд “Өнөөдрөөс 122 жилийн тэртээ 1893 онд Их жанжин Сүхбаатар мэндэлсэн. 

Энэ хүний ажил, амьдрал яах аргагүй Монгол орны тусгаар тогтнол, Монгол Ардын намын үүсэл хөгжилтэй салшгүй холбоотой. Түүнийг мэдэхгүй, танихгүй Монгол хүн байхгүй.  Д.Сүхбаатар бага наснаас эрдэм номд мэргэн байсан. 20 орчим насандаа цэргийн алба хааж байхдаа үе тэнгийнхэн дундаа илүү мэдлэг, чадвартай залуу байсан.  

1921 онд өөрийн нөхдүүдийн хамтаар Ардын хувьсгалыг ялуулж, хаант засгийг халах, Бүгд найрамдах улс болгох үндэсийг тавьсан.  1921 оны Ардын хувьсгал бол монголчууд бидний түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх, цаашид байнга дурсан санах, тэмдэглэж байх ёстой ийм түүхэн чухал үйл явдал болсон. 

Өнөөгийн Монгол Улс болж оршин тогтнох үндэс суурь бол яах аргагүй 1921 оны Ардын хувьсгалтай салшгүй холбоотой.  1945 оны бүх ард түмний санал асуулга, 1961 оны НҮБ-д Монгол Улс бүртгүүлэх зэрэг энэ бүх түүхэн үйл явдлын үндэс суурь нь Ардын хувьсгалын үр дүнд тавигдаж байсан. 

Тиймээс Ардын хувьсгалыг Монгол Ардын намыг үүсгэн байгуулагч Жанжин Д.Сүхбаатарын төрсөн өдрийг МАН-ын удирдлага, УИХ-ын гишүүд бид бүхэн зориуд хүндэтгэл үзүүлж тэмдэглэж байгаа юм” гэлээ.