Сүүдрийн Ерөнхий сайд

2013/12/24 17:35 604

УИХ-ын дэд дарга М.Энхболд МАН-ын дарга болсон цагаасаа хойш сөрөг хүчнийг өөд нь татах албан үүргээ гүйцэтгэх гэж чамгүй их хичээл зүтгэл гаргаж байх шиг.

Хамгийн түрүүнд хэвлэл мэдээлэлд хандах МАН-ын хандлагыг өөрчилж, хүчирхэгжүүлнэ гэх зорилго тавьсан. Тэрхүү зорилгынхоо хүрээнд ч тодорхой хэдэн томилгоо хийсэн. Тэгвэл өчигдрөөс эхлэн тэрбээр дараагийн албан үүргээ гүйцэтгэж эхлэв бололтой. Тэр нь сүүдрийн Ерөнхий сайдын алба.

Хэдийгээр МАН-ын даргын хувиар өчигдөр Ерөнхий сайдын алба хашиж байсан эрхмүүдтэй уулзсан ч тэрбээр тэдний дунд өөрийнхөө санаа бодлыг яг л Ерөнхий сайд шиг шигтгэж байв. “Ингэх ёстой. Тэгэх ёстой байсан. Одоо энэ Ерөнхий сайд ингэж хийж чадахгүй байна. Уг нь ингэж ажиллах ёстой” гээд л. Үүнээс нь харахад олон сарын турш МАН-ын Удирдах зөвлөлд яригдсан сүүдрийн Засгийн газар байгуулах тух-ай санал тун удахгүй ажил хэрэг болж мэдэх юм.

Гэхдээ дээрх шийдвэрийг гаргах эсэхээс үл хамаараад М.Энхболд гэдэг хувь улстөрчид УИХ-ын дэд даргаас илүүтэй сүүдрийн Ерөнхий сайдаар ажиллах нь илүү оноо авчрах нь тодорхой. Ядаж л “МАН-ын сүүдрийн Ерөнхий сайд гэдэг Монгол төрийн удирдагчтай эн зэрэгцэх алба” гэх мэт ерөнхий дүгнэлтийг бодож үзсэн ч тэр шүү дээ. Тэгээд ч бодит амьдрал дээр Ерөнхий сайдын албыг хашиж байсан түүнд МАН-ын дарга бөгөөд сүүдрийн Засгийн газрын Ерөнхий сайд гэсэн алба “зохих” нь гарцаагүй.

 

Улстөрийн тойм сонин