М.Энхболд: Би Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийг дэмжиж байгаа

2019/01/09 16:02 448

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын тухай болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна. Уг хуулийн төсөл нь УИХ-ын гишүүдийн олонх нь УИХ-ын даргыг чөлөөлөх санал гаргасан тохиолдолд хэлэлцэн шийдвэрлэх тухай заалттай юм. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд саналаа хэлж байна. 

УИХ-ын дарга М.Энхболд: -Сүүлийн үед нэг хүн рүү, тодруулбал, над руу дайрах байдал хэрээс хэтэрлээ. Надаар зогсохгүй, гэр бүлрүү маань хүртэл дайрч байна. Гэхдээ төрийн аливаа асуудал хуулийн дагуу явах ёстой. Яригдаж байгаа бүх асуудлын үнэн зөв нь тогтоогдох цаг ирэх байх. УИХ-ын 40 гишүүн намайг огцруулахыг шаардсан. Тухайн асуудлыг нь Төрийн байгуулалтын байнгын хороо руу шилжүүлсэн. Төрийн байгуулалтын байнгын хороо хуулийн үндэслэлгүй гээд хэлэлцэхээс татгалзсан. Үүгээр болон Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслөөр 40 гишүүний шаардлага хуульд бүрэн дүүрэн үндэслэгдээгүйг нотлож байна гэж ойлгож байна. 

Хууль шүүхийн байгууллагад намайг нөлөөлж байгаа мэтээр гүтгэж байгаа. Би хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагаа хэн нэгэн хүнээс хараат бус, үйл ажиллагаа нь хуулийн дагуу явагдаж байх ёстой гэж үздэг. Ерөнхий Прокурор өнгөрсөн оны 11 дүгээр сард Хууль зүйн байнгын хороон дээр мэдээлэл хийх үед УИХ-ын гишүүд хууль шүүхийн байгууллагуудын хараат бус байдлын талаарх асуудлыг хангалттай сайн ойлгосон гэж бодож байна. Ямар нэгэн хуулийн байгууллагын даргыг би санал болгон томилуулсан зүйл байхгүй. Энэ байгууллагуудын удирдлагыг Ерөнхийлөгч УИХ-тай зөвшилцөөд батлуулдаг. Цэцийн гишүүдийг УИХ-ын гишүүд өөрсдөө томилдог.

Би 2007 онд УИХ-д ДНБ-ий 5-аас дээш хувийн орлогыг олж болох 49 орд газрыг стратегийн орд газар болгох төслийг өргөн барьж байсан. Энэ нь байгалийн баялгийн үр өгөөжийг иргэдэд хүртээмжтэй байх үүднээс тавьсан бодлого байсан. Харамсалтай нь тухайн үед Ц.Нямдорж даргатай УИХ 15-ыг нь батлаад бусдыг нь стратегийн орд газар болгох шаардлагагүй гэж үзсэн. Тухайн үед зөв шийдэгдсэн бол асуудал ийм дээрээ тулахгүй байсан.

Мөн Эрдэнэт үйлдвэрийн асуудлаар би 2 удаа ажлын хэсэг байгуулсан. 49 хувийг худалдсан талаар байгуулсан ажлын хэсгийн тогтоолыг УИХ-аар би өөрөө дэмжиж батлуулсан. Одоогоор Я.Санжмятав даргаар ахлуулсан ажлын хэсэг асуудлыг шалгаад явж байгаа. 49 хувийг худалдсан тухай мэдээлэл аваад 2016 оны 6 дугаар сарын 28-нд үнэн зөвийг нь олох үүрэг даалгаврыг би өгч байсан. УИХ-ын шийдвэрийг хэрэгжүүлэх нь Засгийн газрын үүрэг. 

Улаанбаатар хотын даргаар ажиллаж байхдаа газар зарсан гэж ярьдаг. Үнэхээр үндэслэлтэй бодитой зүйл байгаа бол одоо гаргаж ирж шалгуулах хэрэгтэй. Би газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд батлагдсан хэмжээний дагуу газрыг нь олгож олон барилга байгууламж, орон сууц баригдах боломжийг нээсэн. Тухайлбал, жагсаал цуглаан хийж яваа Л.Болд гишүүнд “Бодь” цамхагийнх нь газрыг би өгч байсан. Хэдэн төгрөгөөр авсан юм бэ, түүнийгээ олон түмэнд хэлэх хэрэгтэй. 

УИХ-ын даргынхаа хувиар хуулийн төслийг хэлэлцүүлэхгүй дарах асуудал надад байхгүй. Би Ерөнхийлөгчийн оруулж ирсэн энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Зөв гэж үзэж байна.