УИХ-ын даргыг огцруулах гишүүдийн шаардлагыг хуульд нийцэхгүй байна гэж үзлээ

2018/12/25 17:29 2399

УИХ-ын нэр бүхий 40 гишүүн УИХ-ын дарга М.Энхболдод хандан албан тушаалаасаа сайн дураараа чөлөөлөгдөхийг шаардсан шаардлага хүргүүлснийг тэрбээр санал, дүгнэлт гаргуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн билээ. 

Өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх байсан ч  “Хэлэлцэх боломжгүй” гэж үзэв. 

ТББХ-ны дарга Д.Лүндээжанцан: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд  заасны дагуу нас барсан; өөр ажилд шилжих болон бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг УИХ хүлээн авсан; хүндээр өвчилсний улмаас цаашид үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн авсан; Үндсэн хуулийн цэц УИХ-ын даргыг огцруулах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн авсан; гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан гэсэн 5 үндэслэл бүрдсэн байвал Улсын Их Хурлын даргыг хугацаанаас нь өмнө чөлөөлөх, огцруулах асуудлыг хэлэлцэж болно. 

Гэтэл энэ 5 үндэслэлийн аль нь ч бүрдээгүй, нэг ёсондоо хууль зүйн бүрдэл байхгүй байна. Мөн УИХ-ын дарга Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлт гараагүй гэв. 

Иймд Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудад заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар асуудлыг хэлэлцэх боломжгүй тул хэлэлцэх асуудлаас хаслаа гэж УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан мэдэгдлээ.

 

УИХ-ын даргын байнга хэлж байгаа “Хуулийг би ч, УИХ ч зөрчих ёсгүй” гэсэн зарчмыг Төрийн байгуулалтын байнгын хороо ч баримталж байна.        

        

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс