Б.Гүнбилэг: УИХ-ын гишүүд ичих хэрэгтэй

2018/12/15 18:56 1215

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дарга М.Энхболд “Би хууль ёсоор УИХ-ын даргад нэр дэвшиж сонгогдсон. Энэ ажил, албан тушаалыг өгөхөд, чөлөөлөгдөхөд надад зууралдаад байгаа зүйл байхгүй. Гэхдээ би бүх үйл явдал, тэр тусмаа парламентын дотоодод болж байгаа үйл явдал хуулийн дагуу явагдах ёстой гэж үзэж байгаа. Тийм учраас нэр бүхий гишүүдээс тавьсан шаардлага хуульд хэрхэн нийцэж байгаа талаар авч үзээч ээ гэж Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Төрийн байгуулалтын байнгын хороо энэ асуудлыг авч үзэж тодорхой чиглэл, дүгнэлт гаргах байх гэж бодож байна. Би хууль зөрчсөн ямарваа нэг үйлдэл хийгээгүй гэдэгтээ итгэлтэй байгаа. Гэхдээ би өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдлыг үнэлж, дүгнэж Төрийн байгуулалтын байнгын хороо энэ асуудлыг хэлэлцэн дүгнэлт гаргах хүртэл УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг удирдахгүй байя гэдэг бодолтой байна. Иймд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгаланг чуулганыг удирдаж, ирцээ бүрдүүлж, ажлаа явуулахыг хүсч байна” хэмээн хэлсэн юм.

Энэ асуудлаар УИХ-ын даргын улс төрийн бодлогын зөвлөх Б.Гүнбилэгээс тодрууллаа.

-УИХ-ын дарга төрийн байгуулалтын байнгын хороонд энэ асуудлыг оруулж ирье гэсэн. Гэтэл төрийн байгуулалтын байнгын хороог хуралдуулах нь хууль бус гэсэн зүйл яригдаж байна. Энд та тайлбар өгөхгүй юу?

-УИХ-ын тухай хуулийн 10 дугаар зүйлийн гуравт УИХ-ын даргыг огцруулах чөлөөлөх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэнэ гэж хуульд нь байгаа.

-Тогтоолын төсөл биш учраас болж байгаа юм уу?

-УИХ-ын даргыг чөлөөлөх таван үндэслэлд багтаж байна уу үгүй юу албан ёсны шаардлага мөн үү биш үү гэдэгтэй танилцсан байх ёстой. Түүнээс биш би ийм тийм гэж хариу хэлэх нь зохимжгүй. Тэр таван үндэслэлийг хангасан бол Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар орох хуультай.

-Хууль тогтоогчид хуулиас гадуур тэмцэж байна гэж зарим хүмүүс хэлж байна. та энд хуульч хүний үүднээс тайлбар өгөхгүй юу?

-Гадуур тэмцэж байна. Хэлэх үг олдохгүй байна. Хүүхдийн тоглоом аятай байна. Хуульгүй төр оршоод байна уу, төрийн дээр нам гарчхаад байна уу. Ийм хачин, дур зоргоороо зүйл оруулж ирж байгаа УИХ-ын гишүүд ичих хэрэгтэй.

-Хуулийн дагуу тэмцэнэ гэх юм бол хуулийн хүрээнд яаж тэмцэх ёстой юм бэ?         

-Хуулийн дагуу гэх юм бол огцруулах таван үндэслэл нь байна уу үгүй юу. Хэрэв байхгүй бол зургаа дахь үндэслэлээ гаргаж ирэх хэрэгтэй. Хуульчид үнэндээ санаа зовж байна.