М.Энхболд: Сонгуульд ялсан нам эрс өөрчлөлт хийдэг байж болохгүй

2013/12/17 17:23 764

TV5 телевизийн "Монгол улсаа хөгжүүлье" нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд оролцлоо.

Энэ оны онцлох үйл явдлуудын нэг нь МАН-ын 27-р Их Хурал байлаа. Нийгэмд их хүлээлт үүсгэж байсан энэ их хурлаас ярилцлагаа эхлэе гэж бодож байна.

Сар гаруйн өмнө манай намын их хурал болж өмнөө тавьсан зорилтоо амжилттай хэрэгжүүллээ. Их хурлаар шийдсэн асуудлыг хоёр ангилж болно. Нэгдүгээрт, бид намынхаа дотоод амьдралтай холбоотой зүйлсийг ярьж шийдлээ. Хоёрдугаарт, МАН улс орныхоо хөгжлийн асуудлаар намынхаа байр суурийг тодорхой болголоо. Мөн парламент дахь улс төрийн намуудын хамтын ажиллагааны тал дээр тодорхой зорилтуудыг дэвшүүллээ.

Намын дотоод үйл ажиллагааны хувьд бол намын дүрэмд нэлээд өөрчлөлтүүдийг орууллаа. Түүний дотор намын боловсон хүчнийг сонгох, томилох зэрэгт тодорхой заалтуудыг тусгалаа. Түүнчлэн намын шат шатны үйл ажиллагааны шийдвэрүүдэд  дэх эмэгтэйчүүдийн оролцоо, намын анхан шатны байгууллагуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх асуудлыг авч үзэж байна. Нөгөөтэйгүүр манай нам үзэл баримтлалын хувьд нийгмийн ардчилсан үзэл баримтлалтай зүүний төвийн нам гэж өмнөх хурлаар тодорхойлсон билээ. Харин энэ удаагийн хурлаар бид “социал демократ” гэсэн үгийг “нийгмийн ардчилсан” гэсэн үгийн ард хаалттай оруулж өглөө. Эдгээр дурьдсан асуудлууд бол манай намын дотоод асуудлууд юм.

Хоёрдугаар асуудлын хүрээнд УИХ-ын сонгуульд ялж гарсан улс төрийн хүчин нь улс орны хөгжлийн асуудлыг эдийн засгийн онцлогтой уялдуулаад, иргэдийнхээ амьжиргааг харгалзаж үзээд тодорхой түвшинд авч үздэг, өмнө хийгдэж байсан ажлуудыг үргэлжлүүлдэг болохоос биш эрс өөрчлөлт хийдэггүй гэсэн агуулгатай бодлогын бичиг баримтыг гаргая гэж намын их хурал шийдлээ. 2008 онд баталсан “Үндэсний хөгжлийн цогц бодлого” гэсэн томоохон бичиг баримт бий. Энэ баримт бичгийг өөрчлөх, шинэчлэх шаардлага гарч байна. Иймээс манай намын УИХ-д сууж байгаа зарим гишүүд санаачлаад улс орны хөгжлийн баримт бичгийг боловсруулаад УИХ-д өргөн барилаа.

Ер нь парламентад суудалтай улс төрийн хүчнүүд нийгмийн зөвшилцөлд хүрч ажиллан улс орноо хөгжүүлье гэсэн уриалгыг намын их хурлаар гаргалаа. Улс төрийн намуудын удирдлагатай бид хоёр удаа уулзчихаад байна. Би бусад 13 намын удирдлагатай уулзаж тодорхой найман асуудлаар санал бодлоо солилцсоныг та бүхэн мэдэж байгаа. Тэр дундаа Үндсэн Хуулийн өөрчлөлтийн асуудлыг бид авч хэлэлцлээ. Ингэхдээ бид 2001 оны Үндсэн Хуулийн өөрчлөлтийг түлхүү ярилцлаа. Хоёрдугаарт, сонгуулийг мөнгөнөөс хараат бус байдлаар явуулах сонгуулийн тогтолцооны асуудлыг бид ярилаа.

Хүмүүс ярихдаа М.Энхболд гэдэг хүн яагаад зөвшилцөл гэдэг үгийг сонгов гэж ярьдаг.

Монголд бүртгэлтэй бүх нам улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Тэр тусмаа сонгууль ойртохоор. Намуудыг парламентын, парламентын бус гэж ялгахыг түрүүнд тавилгүй, ер нь улс төрийн намын удирдлагуудын байр суурийн тухайд тодорхой хэдэн асуудал дээр ойлголцож, зөвшилцөх хэрэгтэй юм гэж бодсон учраас бид үндэсний зөвшилцөл гэдгийг санаачилсан юм.

Гэхдээ Засгийн эрх барьж байгаа зарим нэг намын удирдлагууд хүрэлцэж ирээгүй нь харамсалтай. Харин парламентад суудалтай МАХН, МҮАН-ын удирдлагууд ирсэн юм. Энэ нь улс төрийн намууд улс орны хөгжлийн асуудлаар ярилцахад хэзээд бэлхэн байна гэдгийг харууллаа.

 

TV5