М.Энхболд: Шинэ хүмүүс гарч ирж байж асуудлыг шийднэ

2013/12/17 17:20 795

МАН-ын зүгээс Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг огцруулах саналыг намын дарга М.Энхболд, УИХ дахь бүлгийн дарга С.Бямбацогт нар УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.

“Засгийн газар цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдүүлэх талаар ямар ч арга хэмжээ аваагүй. Төгрөгийн ам.доллартай харьцах ханш 30 хувиар суларлаа. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ мөн 30 орчим хувиар өссөн. Чанаргүй зээл өнгөрөгч сарын байдлаар 572.5 тэрбум төгрөгт хүрэв” хэмээн тухайн салбарын сайд нарыг огцруулах үндэслэлээ дурдсан.

Ч.Улаан, Н.Батбаяр нарыг огцруулах тухай тогтоолын төсөлд бүлгийн 26 гишүүн гарын үсэг зуржээ. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд зааснаар уг асуудлыг долоо хоногт багтаан хэлэлцэх ёстой. Тогтоолын төслийг өргөн барьсаны дараа МАН-ын дарга М.Энхболдоос зарим зүйлийг тодрууллаа

-Нэр бүхий сайдуудыг огцруулах үндэслэл юу байв?

-Улс орны эдийн засаг, нийгмийн байдалд дүгнэлт хийж, алдаагаа засаж, зөв зүгт ажиллах ёстой гэж үзсэний үндсэн дээр Сангийн болон Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах төслийг УИХ-ын даргад өргөн барилаа. Өнгөрсөн хугацаанд МАН-ын гишүүд 21 аймаг, нийслэлийн бүх дүүргийн иргэд, сонгогчидтой уулзаж, амьдрал байдалтай нь танилцсан. Иргэд өнөөгийн Засгийн газрын бодлого үйл ажиллагаанд тааламжгүй байгаагаа илэрхийлж, сөрөг хүчний хувьд засаж залруулж, хариуцлага тооцож ажиллах ёстой гэсэн.

УИХ, Засгийн газарт хариуцлагын тогтолцоо байхгүй болчихсон юм шиг хандлаа.

Нөгөө талаас бид 2014 оны төсвийг өргөн барьснаас хойш гурван удаа эрх баригчдад “Танхим дотроо хариуцлага тооц. Алдаагаа засаж, залруулаач” гэсэн сануулга өгсөн. Гэвч тодорхой арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүргэсэн. Мөн УИХ, Засгийн газрын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж, тэдний өмнөөс хариуцлага хүлээе гэсэн үндэслэлээр УИХ-ын гишүүн Р.Амаржаргал бүрэн эрхээсээ татгалзах хүсэлт тавьсан. Энэ бүгдэд олонх хүч түрж, шийдвэр гаргасан.

Өөрөөр хэлбэл, одоогийн УИХ, Засгийн газарт хариуцлагын тогтолцоо байхгүй болчихсон юм шиг хандлаа. Тийм учраас бүсийн гишүүд санал нэгтэйгээр 2014 оны төсвийг хэрэгжүүлэх гол хоёр сайдаар шинэ хүмүүс томилж, төсвийн бодлогыг оновчтой хэрэгжүүлэх ёстой гэж үзсэн.

-Огцруулах асуудлыг тавьж байгаа нь таныг намын дарга болох үедээ Засгийн газрыг АН-тай хамтарч бүрдүүлнэ гэх амлалт өгсөнтэй холбоотой гэж ярих нэг хэсэг байна. Энэ тухайд юу хэлэх вэ?

-Намын Их хурлын үеэр Засгийн газартай хамтрах талаар албан ёсоор яриагүй. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулж, хариуцлагын асуудлыг тавьж байна гэж ойлгох хэрэгтэй. Бид оны эцэс гэхэд эдийн засгийн байдал хүндрэх нь гэдгийг өнгөрсөн хавар дөрөвдүгээр сард мэдэрч, Ерөнхий сайдтай хариуцлага тооцох талаар ярьж байсан. Олонх Ерөнхий сайдыг огцруулахг үй гэж шийдвэрлэсэн. Энэ бол сургамж байсан.

Эрх баригчид үүнээс санаа авч, ажлаа сайжруулан, 2014 оны төсвийг УИХ-д өргөн барихдаа наад зах нь төсвийн бүрэлдэхүүн хэсэг болох ёстой “Үнэ тогтворжуулах дэд хөтөлбөр”-ийн хүрээнд гаргаж байгаа их хэмжээний хөрөнгийг төсөвтөө багтааж, орлогын төлөвлөгөөг биелүүлэх, бараа бүтээгдэхүүний үнийг өсгөхгүй байхад тодорхой санаачилга гаргаж ажилласангүй.

Ганцхан жишээ хэлэхэд, валютын ханш 25-30 орчим хувиар өсөөд байна. Байдал ийм байхад Засгийн газарт эдгээр салбарыг хариуцсан шинэ хүмүүс гарч ирж байж асуудлыг шийдэх нь зүйтэй гэдэг үүднээс огцруулах төслийг танилцууллаа.

-Энэ асуудалд АН дахиад л олонхиороо хүч түрэх вий гэсэн болгоомжлол байна уу. Энэ тохиолдолд дараагийн алхам юу байх бол?

-Хариуцлага тооцох тухай л ярьж байна. Энэ нь зөвхөн бидний тавьж буй асуудал биш. Олон түмний санаа ч ийм л байна. Улс орныг удирдаж байгаа хүмүүс туршлагатай байх, төрийн бодлогын залгамж чанарыг хадгалах, хууль дүрэм зөрчсөнийг нь засаж залруулах ёстой гэж иргэд шаардаж байна.

 

Өнөөдөр сонин