Үндсэн хуулийн цэцийн 14 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, УИХ-ын тогтоол баталлаа

2018/11/22 15:33 100

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.11.22/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 14 дүгээр дүгнэлтийг хэлэлцлээ.

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Буяндэлгэр танилцуулав.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Дунд суудлын хуралдаанаараа Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.4 дэх хэсэгт “Орон нутгийн хурлын төлөөлөгчийн бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөний дараа орон нутгийн хурлын төлөөлөгчийг нэр дэвшигчийнх хувьд нэрийн жагсаалтаас хасах тухай сонгуулийн хорооны шийдвэр гарсан бол тухайн төлөөлөгчийн мандат нь хүчингүй болж, бүрэн эрх нь дуусгавар болно.” хэмээн хуульчилсан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцжээ.

Сонгуулийн дүнд байгуулагддаг УИХ болон орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн үйлдэлд нь хүлээлгэх хариуцлагыг илтэд ялгавартайгаар, тухайлбал УИХ-ын сонгуульд нэр дэвшин сонгогдож тангараг өргөн, бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн УИХ-ын гишүүнд хүлээлгэх энэ төрлийн хариуцлагыг хуульчлаагүй нь Үндсэн хуулиар баталгаажсан шударга ёс, тэгш байдлын зарчмыг алдагдуулсан, Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэсэн заалтыг зөрчсөн байна хэмээн Үндсэн хуулийн цэц шийдвэрлэж, 14 дүгээр дүгнэлтийг гаргасан байна.

Тус дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороо 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ. Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Оюундарь танилцуулсан юм.

Байнгын хорооны хуралдаанаар асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн хуулийн холбогдох заалт нь Үндсэн хуулийн заалтыг илт зөрчсөн байвал УИХ-аас итгэмжлэгдсэн төлөөлөгч томилохгүй, шууд хүлээн зөвшөөрдөг байх нь зүйтэй гэсэн саналыг хэлсэн бөгөөд УИХ-аас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 159 дүrээp зүйлийн 159.4 дэх хэсэгт "Орон нутгийн хурлын төлөөлөгчийн бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөний дараа орон нутгийн хурлын төлөөлөгчийг нэр дэвшигчийнх нь хувьд нэрийн жагсаалтаас хасах тухай сонгуулийн хорооны шийдвэр гарсан бол тухайн төлөөлөгчийн мандат нь хүчингүй болж, бүрэн эрх нь дуусгавар болно.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэсэн заалтыг зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 14 дүгээр дүгнэлтийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзжээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа танилцуулсан бөгөөд тус байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 93.3 хувь нь Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхийг дэмжсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, О.Баасанхүү нар байр сууриа илэрхийлсэний дараа Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авах асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 89.7 хувь нь хүлээн авахыг  дэмжсэн тул Үндсэн хуулийн цэцийн 2018 оны  14 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолыг баталлаа.

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх асуудлаас АН-ын бүлэг завсарлага авлаа

Дараа нь Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай Монгол Улсын хуулиуд, түүнчлэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын зарим дэд заалт хүчингүй болсонд тооцох тухай,  Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын 2018 оны 79, 80 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээр төлөвлөөд байсан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдыг нэгдсэн хуралдаанд Ерөнхийлөгчийн хоригийн талаар танилцуулга хийхийг хүссэн ч Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга ирээгүй бөгөөд дээрх асуудлыг хэлэлцэхтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ж.Мөнхбат, Д.Хаянхярваа, Д.Эрдэнэбат, Ц.Цогзолмаа, Л.Энх-Амгалан, Д.Оюунхорол, З.Нарантуяа нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн. Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хоригийн асуудлаар аль аль тал нь нухацтай ярилцан, зөвөөр ойлголцох хэрэгтэйг дурдаад хэлэлцэж байгаа асуудлаас АН-ын бүлэг завсарлага авч буйгаа мэдэгдсэн.

УИХ-ын дарга М.Энхболд дээрх асуудлыг хэлэлцэх хугацаа хязгаартай байгааг сануулаад УИХ дахь АН-ын бүлэгт хоёр цагийн завсарлага өгсөнөөр чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.